“Хоёр” засгийн газартай парламент ажиллах нь
Ардын нам удтал хүлээсний эцэст УИХ-д бүлэгтэй болсон. Тэд хожуу бүлэгтэй болсныхоо үр дүнг үзэх арга олсон нь сүүдрийн Засгийн газар байгуулах аж.
Энэ талаар УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд “Өнгөрсөн хугацаанд цөөнхийн зүгээс эрх баригчдад хяналт тавих тогтолцоо боломж муу байсан. Одоо бол энэ тогтолцоог улам бүр чангатгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Урьд нь манай гишүүд асуулга тавихад Засгийн эрх баригчид асуултад хариулж буй мэт дүр үзүүлэх төдийгөөр л асуудалд ханддаг байсан. Үндсэндээ асуулга гэдгийг асуулт, хариулт хэлбэртэй болгож, албан ёсны тоо, баримт гаргаж тавьдаггүй. Энэ талаар бид эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Ингэснээр цөөнхийн зүгээс парламент, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, хариуцлага дээшилнэ гэж бодож байна. Манай намын Удирдах зөвлөл сөрөг хүчний хувьд хэрхэн ажиллах вэ гэдгээ нухацтай ярилцсан. Бид урьд нь сөрөг хүчний зүгээс намын ажлаа зохион байгуулж ирсэн. Бүлгийн ажлаа ч уялдуулж, зохицуулж ирсэн. Олон нийт болон Төрийн бус байгууллагуудтай хамтран иргэний хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой гэх зэрэг хэд, хэдэн асуудал байсан. Тэдгээрийн дунд дэлхийн зарим орны парламентад хэрэглэгддэг сүүдрийн Засгийн газар, танхимын зохион байгуулалттай байж болох юм гэдэг зарчмын асуудлыг ярьсан. Ингэж ажиллавал намын бүлгийн ажил намынхтай уялдаад илүү үр дүнтэй болох юм. Үүнийг цаашид судлах, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай хуулийн төслүүд бий. Магадгүй, энэ талаар яриад эхлэхээр зарим нэг нь шүүмжлэх гээд бэлдэж байгаа байх. Сүүдрийн Засгийн газар, сайд байх тухай ярилаа гэх вий. Хэрэв тэгж бодож байгаа бол үгүй. Бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Хамгийн оновчтой хөшүүрэг, механизм нь аль вэ гэдгийг судалж, ярьж байгаад шийднэ. Миний хувьд сүүдрийн Засгийн газар гэхээсээ илүү иргэний хяналтын танхим гэж нэрлэж болох юм гэж бодож байгаа. Гэхдээ нэр бол тийм чухал юм биш. Хяналтын механизмыг боловсронгуй болгох нь чухал” хэмээн ярьж байна.
Тэгэхээр ямартай ч Ардын намынхан алдсан цаг хугацаагаа нөхөх шилдэг аргыг сүүдрийн Засгийн газар байгуулах гэдэг дээр санал нэгдсэн бололтой. Ингэснээр Засгийн газрын ажил цалгардах вий гэж айж байгаа олон хүн байна. Ямартай ч энэ удаагийн парламент өмнөх парламентуудаас өвөрмөц онцлогтой. Улс төрийн түүхэнд гарч байгаагүй үзэгдлүүдээр дүүрэн парламент болох нь. Энэ бүхэнд хачин нэмж Ардын намынхан сүүдрийн парламент байгуулж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих нь ээ.
Р.Сарангоо
URL: