Тэргүүн Шадар амаржих дөхсөн охиноо төрийн агентлагт “шахжээ”

Төрийн алба гэдэг сайд, дарга нарын шахааны хүнийг орогнуулах газар болсон талаарх нэгэн баримт дэлгэе. Н.Алтанхуяг сайд амаржих дөхсөн охиноо өөрийн хариуцдаг Стандартчилал, хэмжилзүйн газарт шургуулж, төрийн жинхэнэ албан хаагч болгосон байна.
Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваны 2010 оны тавдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар Алтанхуяг овогтой Саранзаяаг тус газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн Санхүү, аж ахуйн албанд хангамжийн инженерээр томилжээ.

Хангамжийн инженер гэдэг хэр баргийн хүн хийдэггүй нарийн мэргэжлийн ажилд Тэргүүн Шадар сайдын охин аавынхаа далбаан дор “ногоон гэрэл”-ээр томилогдож.

Гадаадад амьдарч байсан түүний охин энэ ажлын талаар ямар ч туршлагагүй. Хамгийн инээдтэй нь сар хүрэхгүй хугацаанд ажилласан байтал төрийн жинхэнэ албан хаагч болгосонд хэргийн хамаг учир байгаа юм.

Хэрэг явдал үүгээр дууссангүй. А.Саранзаяа нь ажилд томилогдсноос хойш ердөө 11 хоногийн дараа буюу тавдугаар сарын 17-нд эмээгийнх нь бие муудаж, асран халамжлах шаардлагатай болсон гэдэг үндэслэлээр 21 хоногийн цалингүй чөлөө авчээ. Өнгөцхөн харвал хүний амьдралд тохиолддог гачигдал зовлон хойно үүнийг буруутгах аргагүй гэмээр. Гэтэл хамгийн хачирхалтай нь дээрх тушаал гарснаас сарын дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд Г.Энхтайван дарга “А.Саранзаяа 2010 оны тавдугаар сарын 16-ны өдөр амаржсан тул түүнд амаржсаны болон хүүхэд асрах чөлөө олгосугай” гэсэн тушаал гаргажээ.

Сар, өдрөөр нь хөөгөөд үзэхээр Тэргүүн Шадар сайдын охин Стандартчилал, хэмжилзүйн газарт ажилд орсноосоо хойш арав хоногийн дараа буюу тавдугаар сарын 16-нд амаржсан байгаа юм. Гэтэл түүнийг амаржсаных нь маргааш Г.Энхтайван дарга цалингүй чөлөө олгохдоо эмээгийнх нь бие муудсан тул гэдэг худал үндэслэлээр хуурамч тушаал үйлдсэн болж байна. Ингээд 20 хоносны дараа арга буюу А.Саранзаяа нь амаржсан тул чөлөө олгосугай хэмээн тушаал үйлджээ.

Утасны үзүүрийг хөөвөл Г.Энхтайван дарга Н.Алтанхуяг сайдын ачийг хариулж байгаа мэт харагдана. А.Саранзаяаг ажилд томилогдохоос өмнө тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Үүнийг санамсаргүй тохиолдол биш гэж хардахаар байна. Яг л өөрийн талын хүмүүсээр Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж тохироо тааруулсан юм шиг.

Түүнчлэн амаржаад долоон сар болж байсан А.Саранзаяаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд агентлагийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн мэргэшлийн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалд жинхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, сайдын охин ажилдаа ороогүй байхдаа төрийн жинхэнэ албан тушаалд жинхлэгдсэн гэсэн үг.

Жинхэнэ хулгайч л “Хулгайчийг бариарай” хэмээн хамгийн чангаар хашгирдаг гэдэг. Н.Алтанхуяг сайд төрийн алба шударга байх ёстой хэмээн хамгийн их ярьдаг нь дээрх үгийг батлах шиг санагдана. Тэрбээр засгийн сайдын сүрээр далайлган төрийн албыг хувийн компани шигээ санан, боловсон хүчний томилгоонд нь гараа лавхан шургуулж байгаад олон хүн дургүйцэх болжээ.

Гагцхүү А.Саранзаяаг ажилд оруулсан нь амаржсаны болон хүүхэд асарсны тэтгэмж тогтоолгох санаа байв уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Хэрэв тэрбээр тэтгэмж авсан бол тус агентлаг Нийгмийн даатгалын тухай хууль зөрчсөн гэсэн үг. Төрийн албыг тунгалаг болгох тухай эрх баригчид байнга ярьдаг. Гэтэл өөрсдөө эрх мэдэл, сүр хүчээр далайлган булингартуулсаар байна.

С.Мөнх-Эрдэнэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих