Цагдаагийн хүүхэд /өгүүллэг/

Хүн болж төрсөний хэрэг алга. Цагдаагийн хүүхэд гээд надтай тоглодог хүүхэд ч байхгүй боллоо. Хүний мууд дуртай цагдаа аавтай гээд нэг нүдээрээ үзэхгүй. Би аавыг цагдаа бол гэж хэлээгүй. Намайг ухаан орсон цагаас л аав гэж цагдаагийн хувцастай, бороохой, гав зүүсэн сонин нөхөр байдаг байсан. Гэр орны бараа ёстой нэг харахгүй дээ. Өглөө үүрээр гараад үдэш шөнө хамаг амьтан “давсандаа” явсан хойгуур баривчилж гавалдаг хулгайч шигээ өлмий дээрээ мяраасан юм орж ирээд, ээжийн чанасан хонины толгойг ам хамраа олохгүй идэж аваад, баавгай шиг хурхираад өгнө.
Өдөржин үл бүтэх этгээдүүдтэй муур хулгана болж хөөцөлдөөд, өлсөж цангасан өрөвдмөөр амьтан орж ирнэ. Энэ аав гэдэг цагдааг ээжээс өөр халамжлах хүн үгүй.

Өлсөж харангадаад үхсэн ч төр засаг нь тоохгүй нь лав. Өөрсдөө дарга нар нь өдөж хэрүүл уруул тарин, ард түмнээ турхирч гомдоочихоод үгээ хэлье гээд цугларахад хөөрхий муу манай аав шиг цагдаа нараараа хаалт хийж, ямар сайндаа л нүд амыг нь тэс цохиулж, нүүр амыг нь маажуулах вэ дээ.
Аавын урагдсан нормын хувцсыг ээж оёж, хөхөрч бяцарсан нүдэнд нь хүйтэн жин тавина. Ингэж өөрийгөө зовоож байхаар ажлаасаа гараад гэртээ хэвтвэл яасан юм бэ гэж ээжийг уйлахад аав мод шиг хавдсан мойнийсон гараараа ээжийн үсийг илж  би ажилгүй болчихвол та хэдийг хэн тэжээх вэ дээ газраар зулж хэвтсэн хэдэн хүүхдээ гунигтай харна. Аавын хэлдэг зөв өө. Аав ажилгүй болчихвол ээжээс гамбир нэхсэн гэр дүүрэн хоолны савнууд хонины толгойн бараа ч харахаа болино. Ээжийн нөхөж, хасаж өгсөн захын хуучин хувцас нэгнээсээ нөгөөдөө олдохгүй болно. Тэгэхээр аав эрийн муу цагдаа гэж  нэрлүүлээд нүүрээ улайлгаж явсан нь дээр байгаа биз.
Аавын тухай ойлгомжтой. Төрийн цагдаа гээд түмэнд чичлүүлсэн амьтан явж л байна. Харин ааваас болж, гудамжныхаа хүүхдүүдэд гадуурхагдсан өөрийн тухай жаахан хов яръя, эсвэл аавын ажлын шугмаар мэдүүлэг өгье л дөө. Ус авахаар дөчийн бидоноо тэргэн дээрээ чирээд худаг дээр очиход цагдаа аавтай болж төрсөний гавъяагаа эдэлнэ шүү дээ. Хойшоо бай, хол зогс, чиний аав цагдаа биз дээ, аавдаа хэлээд урдуур нь ороод ав, чиний аав дэлгүүрийн үүдэнд гэмгүй хүмүүсийг бороохойддог биз дээ гээд өчнөөн төчнөөн өргөдөл гомдол, мэдүүлэг, өс хонзон, гадуурхал, шоглол буцална.
Гэмгүй мөрөөрөө яваа хүнийг аав юу гэж бороохойдох вэ. Өөрсдөө л хэрэг тарьчихаад дараа нь муулж байгаа нь энэ. Би ч  “цагдаагийн хүүхэд” гэж амтай болгонд жавьждуулж явдаг болохоор хэн нь юу гэж ярьдагыг мэднээ. Архи ууж авгай хүүхдээ айлгаж цочоогоод аавд гавлуулан эрүүлжихэд очсон согтуу толгойгийн эхнэр хүүхэд нь намайг хялалзан харж байна. Аавтайгаа адилхан хүний муу үзсэн юм болно доо энэ гэж авгай нь хэрэгт дуртай хэрээ хоншоордсон хэлтэй амтай дэргэдэх авгайд хэлнэ.

Нөгөө авгай нь тархиа зовоолгүй ярианы бэлэн сэдэв гарч ирсэнд ухаан зулаггүй хөөрч “ Эднийхэн хэдэн удмаараа сайнаа үзэхгүй. Аягүй бол энэ нэг муухай харцтай хүү нь эрүүгийн төлөөлөгч болчихсон манай шоронд суусан хүүг туугаад явж мэднэ” гэж бурна. Хүүхдүүд нь надад эсэргүүцэл зарлаж, жижиг чулуугаар ар өврөөс нясалж намайг “чимхэнэ”. Эрүүлжихийн мөнгө төлж байхаар хонины шийр аваад идсэн бол эцэст нь бидэнд хэрэгтэй байсан юм нөгөө авгай над руу хилэнт нүдээ цэхэлзүүлнэ. Үнэнийг хэлэхэд өөрөө л цагдаа дуудсан юм шүү дээ. Хүүхдүүд нь том жижиггүй бахиралдаад, нүдээ хөхрүүлсэн энэ эгч өөрөө айл айлын хаалга цохиж “Аллаа таллаа, амь авраарай” гэж бөөн дуу шуугиан тарьсан юм. Аав очиж таслан зогсоогоогүй бол сүх бариад хөөж явсан согтуу нөхөр нь яах ч байсан юм билээ.

Бас тэгж байгаад аавын ажил хэлтэй хэрүүлтэй хэцүү ажил юм. Өнгөрсөн хойно нь хамаг муу муухайгаа аав руу чихнэ. Аав хорооны цагдаа болсоноос хойш гэрээрээ хальт орж ирэх нь ихэссэн ч гэрэлгүй харанхуй гэр хорооллын гудамжинд Спайдр мэн болсон. Хөөе бариарай, тортой юмыг маань булаагаад зугтлаа гэж нэг нь хашгирна. Амь өршөө, байгаа нь надад мянган төгрөг байна гэж нэг нь уйлагнана. Нохойгоо аваач ээ, хонгыг минь тас зуучихлаа гэж орилно. Гадаа хөлдөөсөн буузыг минь гар нь гандан шуугаараа тасармар аваад явчихжээ гэнэ. Найз охин минь надаас харьцаагаа тасалсан гээд нэг өвчтэй нь байшингийнхаа дээвэр дээрээс үсрэх гэж зүрх амаар сугалаад хаяна. Хорвоод хүн болж төрөхөөр бөөс болж төрөхгүй яав даа. Тэгсэн бол хоол хунштай гэж бас нэг мэдрэл нь судас шөрмөсөө огтолж амьтан үймүүлнэ. Хүний машины дугуй “дэлсэх” гэж байгаад манай хүү машинд дарагдчихлаа. Туслаарай, таминь гэж бачимдана…

Аавын ажил ар араасааа автобусны буудал шиг цуварна. Юун шинэ жилийн шөнө гэртээ шинэ оноо угтах… Шампанск буудуулаад хадмынхаа нүдийг санаатайгаар оносон байна гээд нэг нь гүйгээд ороод ирнэ. Шал солиотой. Бөглөөнд онуулах чинь сайн гэдэг биз дээ. Тэр жилдээ л өнгөтэй баймаар юм. Тэгэхэд санаатай хэрэг болгоод сүржигнээд байх юу байна. Онолоо, онууллаа. Шинэ жилийн шөнө юм чинь, оны сүүлчийн өдөр оргилуун дарс хүн бүхэн буудуулж байгаа… Аав нэг юм амьтныг зохицуулаад арайхийн орж ирээд хөрсөн буузнаас хоёр гурвыг идээд орондоо толгой тавихад бас хэн нэг нь хаалга нүднэ. Яасан бэ? Юу болсон бэ? гээд ээж аавын өмнөөс хэрэг бүртгэгч шиг хаалга руу гүйнэ.
Нүд нь орой дээрээ гарсан нүцгэн шахуу хүүхэн “Сүнс сүнс” гээд орь дуу тавин орж ирлээ. Ээж түүний өмнөөс ичихэдээ ширээний бүтээлгээ суга татаж, түүнд нөмөргөв. Гар  хөл нь салгалж чичирсэн эмэгтэй нус нулимсаа хутган “ Хямдхан байшин авсан юм. Сүнстэй байшин байжээ” гэж үглэл тавина. Юуных нь сүнс байх вэ дээ. Хямдхан байшин яагаад зарав гэж бодсоор яваад тэр эгч нүд нь хий юм үздэг болжээ. Шөнө болохоор нүдэнд нь орны цагаан даавуу нөмөрсөн эмгэн харагдаж “ Гол чинь цохих гээд байна уу? Чи одоо яв. Би байшингаа авлаа” гэж хэлдэг гэнэ. Тэр шөнө аав тэр эмэгтэйд “хань” болж,  аавд бас ээж “хань” болж үүр цайлгав. “Сүнс” гэж сонсоод дуугаа нийлүүлэн уйлах дүү нараа аргадан би тэр шөнө гэрлээ асаан гэртээ “цагдаа” болж хонолоо.

Хожим сонсох нь ээ тэр эгч сэтгэцийн эмгэгтэй болж, эмнэлэгт хэвтсэн гэсэн. Хоосон хашаа байшинд нь газар газрын тэнүүлчид цугларч, архидаж хэл ам болоод байсан тул аав нэг хэсэг хашаа байшингий нь манаж, “сүнс”-тэй найзалсан юм. Ээж “сүнс”-тэй арай хардаагүй байх, хэв журмын цагдаагаасаа гараад хорооны цагдаа болсон биш бүр гэртээ хонохоо болилоо гэж гомдол мэдүүлнэ. Би хааяа ааваараа бахархдаг. Сүх барьсан согтуу галзуу хүнийг айхгүй барьж аваад “номхруулж” орхидогт, шүлсээ гоожуулсан жинхэнэ галзууруулсан хүнийг аргадаад тайвшруулж чаддагт, хүмүүс “муу цагдаа” гэж гоочилж байхад тэдний төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж явдагт, ахиухан цалин амалсан алтны уурхайд харуулаар очихгүй төсвийн хэдэн төгрөгөө голохгүй төрийнхөө төлөө төрсөн биеэ зориулж явдагт нь бахархдаг.

Бас заримдаа гайхдаг. Гэмт хэрэгтнийг халуун үйлдэл дээр нь барьж авах гэж тэнэсэн суманд малгайгаа сийчүүлэн харайж явдагт нь аархаж доргисон ёс бус үйлдэл хийгчдийн гутлын ормыг улаан нүүрэн дээрээ даруулан нүүр нүдээ хөхрүүлэн цус нөжтэйгээ хутгалдан зодуулчихаад юу ч болоогүй юм шиг маргааш нь ажилдаа гүйдэгт нь гайхшаа бардаг. Гэхэдээ миний аав зарим жижиг зүйлийг мэддэггүй. Цагдаагийн хүүхэд гэж намайг хүмүүс хялайж, хүүхдүүд нь цааш түлхдэгийг огт мэдэхгүй. Мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм бол уу?

Ааваас заримдаа асуух юм зөндөө л байх юм. Аавын мэддэггүй өөрийнхөө сайн мэдэх зүйлийг дотроо онгойтол яримаар санагддаг. Аавын мэдэхгүй зүйл олон. Чанх өөдөөс харсан дэлгүүрийн худалдагч эгч надад шинэ талх биш хуучин талхаа үргэлж өгдөгийг мэдэхгүй. Худгийн ах бидон дүүрээгүй байхад усаа хаачихдагыг мэдэхгүй. Гудамжны өнцөгт банк дээрэмддэг кино үзсэнээ ярьж зогссон бүлэг ах нар намайг ирэнгүүт гэмгүй царай гарган “бууны нохой, бууны нохой” гэж шивнэлддэгийг, хүүхдүүд намайг тоглох гээд очиход хэлгүй юм шиг дуугүй сууж байгаад намайг хүлээж цөхрөхөдөө тэсэхгүй гараа хаян дөнгөж явангуут араас хэлээ гарган хөхрөлддөгийг та мэдэхгүй…
Аав аа, танд хэлэх гэсэн юм олон л байх юм. Даанч та цаг наргүй ажилтай юм даа…

Ар гөрөөчний Эрка


URL:

Сэтгэгдэл бичих