Ерөнхийлөгчийн зөвлөх дураараа авирлах эрхтэй юу

УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгчийн зөвлөхийн дархан эрхийг эдэлсэн шиг эдэлж байна. Тиймээс зөвлөх чинь хууль зөрчөөд явж байна гэсэн ховыг Ерөнхийлөгчид дуулгах цаг ирсэн бололтой. Энэ дүүрэгт Орон нутгийн ИТХ-ын сонгуультай хамт УИХ-ын гишүүнийг сонгох дахин санал хураалт явах байсан ч санал хураалтын өмнө Л.Эрхэмбаяр шүүхэд өргөдөл гаргаж болиулж чадсан билээ. Саяхны нэг өдөр дахин санал хураалт явах чимээ дуулдсан ч энэ хүн шүүхийн шийдвэр гаргуулж он гартал хойшлуулж дөнгөсөн. Л.Эрхэмбаяр ямар нэгэн аргаар УИХ-д суух гэж шүүхээр түрий барин эргэлдэхдээ өрсөлдөгч намынхаа даргыг найрах ажлыг чадварлаг хийж эхэлсэн бололтой. Үүнтэй зэрэгцэн сонгуульд хамт өрсөлдөж, дахин санал хураалтын босгонд тулаад байсан Д.Сумъяабазар мөн өрсөлдөхөөсөө шантарч тахимаа өгч яваа бололтой.
Д.Сумъяабазар энэ сарын 24-ны өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөө цуглуулж, “МАН, АН хоёр нам тохироод дүүргийн Засаг дарга болон ИТХ, ЗДТГ-ын хэлтсүүдээ хувааж авахаар болсон” гайхалтай зүйл ярьсан гэнэ. Түүний яриа ортой болж шөнийн 24 өнгөрч байхад захирамж гарган ЗДТГ-ын дарга болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарыг ажлаас нь дур мэдэн халж эхэлсэн байна. Намын даргад ЗДТГ-ын албан хаагч болох төрийн албан хаагчийг халах эрх байхгүй бөгөөд Засаг даргыг захирамжийг дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчид гаргахгүй юм.
Харин энэ бүгдийн цаана Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр байгаа бөгөөд тус дүүргийн МАН болон АН-ын дарга нар дүүргийн сонгогчдын саналыг үл ойшоож байгаа нь харамсалтай. Хэрвээ зүгээр нэг дүүргийн намын дарга нар тохироод орон нутгийн Засгийн эрхийг авах байсан бол сонгууль явуулах хэрэггүй баймаар. Өнөөдрийн байдлаар дүүргийн намын хоёр дарга ЗДТГ-ын албан тушаалуудыг хоёр хуваагаад авчихаж байгаа бол удахгүй дүүргийн 32 хорооны дарга, иргэдийн нийтийн хурлын 32, төрийн 200 гаруй албан тушаалыг хувааж авна гэхэд гайхах хэрэггүй цаг ирж. Төрийн алба руу халдлага хийсэн энэ мэт үйлдлийг таслан зогсоох газрууд энэ хэргийг анхааралдаа авч, Ерөнхийлөгчид зөвлөх тань хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулах цаг иржээ.


URL:

Сэтгэгдэл бичих