Бүрэн камержаагүй ”Бөмбөгөр”-т халаасны хулгайчид гаарчээ
Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт ихэсч байна. Баярын үеэр халаасны хулгайч нарын ажил ид эхэлж, иргэдийн хэнэггүй байдлыг тэд сурамгай гэгч нь ашигладаг. Халаас, цүнхнээсээ гар утас, хэтэвчтэй мөнгө, эд зүйлсээ алдах нь тухайн хүндээ эдийн засгийн ихээхэн хохирол авчирдаг. Хамгийн гол нь хүмүүс түрийвчиндээ бичиг баримтаа бүгдийг нь авч явдаг. Тэгэхээр бичиг баримтаа дахин авахын тулд цаг зав, мөнгө гарзадна. Түүнчлэн хулгайн гэмт хэргийн дийлэнх нь томоохон худалдааны төвүүд дээр гарч байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьж сурвалжиллаа.
“Бөмбөгөр” худалдааны төвийн хоёр давхрын үүдээр ормогц гацуур мод, шинэ жилийн гэрлэн чимэглэл төрөл бүрийн гоёлын даашинз гээд өөрийн эрхгүй нүдэнд тусч байв. Үдийн 13.00 цаг болж байхад тус төв аль хэдийнэ олны хөлд дарагджээ. Зарим охид, эмэгтэйчүүд даашинз авахаар зорьж ирсэн бололтой онцолж харснаа өмсч үзэцгээж байгаа харагдав.
Харин худалдагч нар тэдний гадуур хувцас болон цүнх торыг нь сайтар харж хамгаалан хулгайч нараас болгоомжлохыг зөвлөнө. Учир нь одоо үед эмэгтэйчүүд хулгай хийх нь их болсон гэнэ. Сонирхуулахад, худалдаалагдаж буй гоёлын даашинзнууд тус төв дээр хямдралтай үнээр зарагдаж байлаа. Учир нь шинэ он гарахад хэдхэн өдөр үлдсэн тул худалдагч нар мөнгөө хурдан гаргаж авахын тулд зарим даашинзаа 20 мянга хүртэл төгрөгөөр хямдруулжээ.
Цааш явсаар нэг давхарт байрлах хүнсний бүтээгдэхүүний тасаг руу орлоо. Тэнд бүр ч их хүнтэй байсан юм. Иргэд баярын ширээний хоол хүнсээ цуглуулж байгаа харагдав. Манайд баяр дөхөөд ирэхээр хүнсний бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгддэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс зарим барааны үнэ ханшийг нь сонирхов.
“Траст трейд” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Зочин” хиам нэг кг нь 5500, гахайн утсан мах нэг кг нь 14 мянга, Монгол цагаан өндөг ширхэг нь 250 төгрөг, алим нэг кг нь 3-6 мянга, тоорт 8500-14000 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв. Мөн тус төв дээр вино, архийг үйлдвэрийн үнээр нь худалдаалдаг тасаг байдаг юм байна. Тэнд 0.5-ын “Алтан Чингис” архи 14500, вино 6300-16500 төгрөгөөр, виски 48000-62000 мянган төгрөгөөр худалдаалагдана. Энэ үеэр “Бөмбөгөр” худалдааны төвийг зорин ирж худалдаа хийж буй зарим иргэдтэй уулзав.
Гурилын чанар муу байна
Баянгол дүүргийн IV хорооны иргэн Б.Цогт:
-Бараа бүтээгдэхүүний үнэ жаахан өссөн байна. Өнөөдөр гурил худалдан авахаар ирсэн. Манайх тус төвийн ойролцоо хоолны газар ажиллуулдаг. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Алтан тариа”-ны гурил авмаар байна. Гэвч сүүлийн үед “Алтан тариа”-ны гурилын чанар муудсан. Бууз хийхээр гурил нь түүхийрээд байх юм. Тиймээс орос гурил худалдан авч байна. Одоогоор “Алтан тариа”-ны гурил нэг кг нь 850 төгрөг, орос гурил 1100 төгрөгний үнээр худалдаалагдаж байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна
Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Г.Осор:
-Баярын ширээний хүнсээ цуглуулж байна. Би тэтгэвэр авдаг. 100 мянган төгрөгтэй орж ирээд ач зээдээ бэлэг аваад, жаахан чихэр жимс цуглуулаад мөнгө маань бараг дуусаж байна. Ганцаараа гараад ирсэн болохоор тортой юм, цүнхээ урдаа тэврээд явж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ер нь өндөр байна. Хэдэн бор төгрөг маань хаанаа ч хүрэхгүй юм.
Харин тус төвийн худалдагч нарын ярьж буйгаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй аж. Харин шинэ жилийн өмнөх өдрүүдэд зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй гэлцэв.
Охид бүсгүйчүүд хулгай хийж байна
“Бөмбөгөр” худалдааны төвд камер суурилуулсан байв. Тиймээс иргэд хулгайд эд зүйлээ алдсан тохиолдолд хэрхэн илрүүлж олж өгдөг талаар лавлахаар тус төвийн харуул хамгаалалтын ажилтан Г.Буянбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Тус төвийг бүрэн камержуулсан уу. Хулгайн гэмт хэрэг гарах нь хэр их байна?
-Бүрэн камержсан гэж хэлж чадахгүй. Хулгайн гэмт хэрэг 16.00 цагаас хойш эрс нэмэгддэг.
-Халаасны хулгай хамгийн их гардаг хэсгийг онцолбол?
-Хүнсний бүтээгдэхүүн худалдаалагддаг “В” зааланд ихэвчлэн халаасны хулгайн гэмт хэрэг гарч байгаа.
-Хулгайн гэмт хэрэг бууруулах тал дээр ямар ажил зохион байгуулж байна?
-Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид энгийн хувцастай эргүүл хийдэг. Мөн манай харуул хамгаалалтын баг заал бүрт байрлан ажиллаж байна.
-Хүн, хөдөлгөөн их байгаа баярын өдрүүдэд харуул хамгаалалтын албанд өдөрт халаасны хулгайд өртсөн хэдэн иргэн хандаж байна вэ?
-Доод тал нь өдөрт арван иргэн эд зүйлээ анхаарал болгоомжгүйгээсээ болж алдаж байна.
-Энэ тохиолдолд камераа ашиглан хулгайчийг илрүүлж иргэдийг хохиролгүй болгож өгдөг үү?
-Хулгайч нар хараахан камер суурилуулаагүй газруудыг сайн мэдэж байгаа тул камерт бичигдэлгүйгээр хулгай хийж байна. Ер нь камерт бичигдсэн байсан ч тэр дор нь эзэн холбогдогчийг нь олоход хүндрэлтэй байдаг.
-Хэд орчим хүмүүс хулгай хийж байна вэ?
-20-30 насны залуус хулгай хийдэг. Иргэд тэднийг гаднаас нь хараад халаасны хулгайч байна гэж танихааргүй сайхан залуус өнөөдөр халаасны хулгайч болчихоод явж байна. Мөн цөөнгүй тооны охид, бүсгүйчүүд халаасны хулгай хийдэг.
-Ойролцоогоор “Бөмбөгөр”-т таны нүдэлж тогтоосноор хэд орчим халаасны хулгайч байна вэ?
-Тэд гээд хэлэх хэцүү. Хажуугаар зөрөн өнгөрөх гурван залуусын хоёр нь халаасны хулгайч байдаг гэж хэлж болно. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх нь чухал байна.
-Зарим иргэд хулгайд эд зүйлээ алдаад камер шүүлгэхээр эвдэрсэн гээд шүүж өгдөггүй талаар ярьж байсан. Энэ нь халаасны хулгайчид Харуул хамгаалалтын албатай хамтраад ажиллаж байна гэх хардалтыг төрүүлдэг. Энэ тал дээр?
-Хэрэг гарах үед камерын ажиглагчаар хамгаалагч оператор байсан уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Үнэндээ хамгаалагч, хулгайч нартай үгсэн тохирсон гэсэн нотлох баримт байдаггүй. Тиймээс бид хамаагүй хардаж болохгүй.
Л.Алтанхишиг
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: