Г.Занданшатарт хэлэх үг байна

Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулиас хойш уруудаж шалан дээр нэг мөр уналаа хэмээн тооцож байсан МАН орон нутгийн сонгуулийн ялалтын 50 хувийг барьж үлдлээ.

Ийм боломж энэ намд байгаагүй юм даа. МАН-ыг хүнээр бодох юм бол мэнгэ нь голлосон жил байлаа. Энэ намыг энд тэндээс нь их, багагүй мэрж 2012 оныг үдлээ. Хуучин оноо муу юмтай үдээд яахав. Сайхан дэлгэж уудлаад баяртай гэв. МАХН задарч МАН болов. Үүнийг анаж байсан Н.Энхбаяр тоглолт хийж эхлэв. Хохирол нь МАН-ын хүч сулрав. Хүч нь суларсан хүнээс хүн бүхэн зугтдаг. Зугтсан хүмүүс хэн бэ гэвэл энэ намыг хүчтэй байх үед нь наалдаж байсан зангуунууд. Эндээс энэ намд хэн зугтаж, хэн үлдэх нь вэ гэсэн мөн чанарын асуудал явагдав. Үүнийг улс төр судлаачид 90 жилийн түүхтэй нам дахь их цэвэрлэгээ, шалгарал гэж үзсэн юм. Ийм шалгарал улс төрийн намд сонгуулийн ялагдлын дараа явагддаг дэлхийн практик байдаг аж. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдав. УИХ-ын сонгуулиар МАН ялагдав. МАН-аас МАХН салж гарав. МАХН-ыг дагаад баахан хүн явав. Энэ бүхний эцэст иргэд хийгээд улс төрийн хүрээнийхэн, бизнесийн хүрээнийхэн  даяараа орон нутгийн сонгуулиар МАН тэр чигээрээ ялагдаж, газрын хөрснөөс арчигдана хэмээн ёрлов. Мөн ч олон хүн үүнийг хүсэн хүлээсэн байх.

Гэвч МАН барьц алдсангүй. УИХ-ын сонгуулийн дараа их хурлаа зарлаж, бүтэц зохион байгуулалтаа тэр чигээр өөрчлөв. Ө.Энхтүвшин намын дарга боллоо. Генсек нь Г.Занданшатар. Нарийн бичгийн дарга нар, хэлтсийн дарга нар нь хуйгаараа шинэ үеийнхэн орж ирлээ. Энэ бүтцийн эхний даваа орон нутгийн сонгууль байлаа. Засаглалын эрхийг бүх шатандаа АН-д алдсан, бод доо Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх бүх засаглал нэг талдаа гарчихсан үе. Дээр нь МАН ийм юмны өөдөөс эгц зоримог үзэж тарж явсан түүх байхгүй. Бүх цаг үед засгийн эрхэнд байсан нам. Харин энэхүү орон нутгийн сонгуулиар гудамжнаас тулалдаанд орлоо. Намынх нь даргыг улс төрийн туршлагатай гэж үзвэл үзнэ, өөрөөр энэ намын шинэ бүтэц, шинэ удирдлага тэр чигээрээ шинэ, залуу толгойнууд байлаа. Үнэндээ Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг ч улс төрийн намыг удирдан явах улс төрийн туршлагатай гэж хараагүй юм. МАН-ын байр байдал ийм хүнд, дагаад гүйлддэг байсан цөөнгүй хүмүүс нь нуруугаа харуулж, өрсөлдөгч нам нь бяр орж, иргэд МАН-аас уйдсан тийм л нийгмийн орчинд орон нутгийн сонгуульд Г.Занданшатар намаа тэвэрч орлоо. Санаснаас шал өөрөөр сонгуулийн үр дүн гаргаж байна. Орон нутгийн сонгуулийн ялалтын 50 хувь МАН-д гарсан нь өнөөдөр нэгэнт тодорхой байна. Монголын 21 аймгийн есөд нь МАН ялав. Хоёр аймагт бараг тэнцэв. Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт нь МАН ялав. Нэг дүүрэгт тэнцэв. Нийт сумдын 50 орчим хувьд нь МАН яллаа.    АН-ын даргын хавтгайд яллаа гэсэн үг хагас, хугастай байсан нь тодорхой болов.

Үнэндээ МАН-ын үйл хэрэгтэй өдөр тутам зууралдаж буй Г.Занданшатар, түүний багийнхан энэ намыг ямар ч л байсан амьд голтой нь авч гарч чадлаа. Энэ нам засаглалд байхад наалдаж гүйсээр өндөр алба хашиж байсан залуус бүгд гадагшаа сурахаар зугтан одсон энэ цаг үед буурин дээрээ үлдсэн хэдэн залууст тус намын мянга, мянган гишүүд талархах ёстой санагдана. МАН дээшээ гарч ирэх тэр цагт гадагшаа зугтсан нөхөд нэг их өндөр боловсрол ярьсаар ирэх нь мэдээж.

Ерөнхийлөгчийн, УИХ-ын гээд өнгөрсөн бүх сонгуулийн дараа гэрлийн хурдаар уруудаж явсан мэт байсан МАН-ыг Г.Занданшатар барьж тогтоох нь тогтоолоо гэж улс төр судлаачид өнөөдөр үзэж байгааг түүнд хэлэх үгээрээ дамжуулах байна. Одоо тогтоогоод авсан юмыг цааш яаж авах нь түүний толгойг гашилгаж байгаа харагдана. Үүнээс доошоо орох бүх боломж бүрдсэн байсан юм шүү дээ. Улс төрийн соёл юухан дээр ч харагддаг. Түүнийг болж байна гээд хэлчих соёл ардчилсан нийгэмд байх ёстой. Байх ёстой учраас улс төрийн хүрээнд болж өнгөрсөн үйл явцаас дүгнэлт хийж тэднийг ойрд магтаагүй гэгээн үгийг Г.Занданшатарт хэлэх байна. Монголчуудын язгуурын үнэлэмжээр төрийн зүтгэлтний нэгэн чанар байдаг. Магадгүй дорнын ард түмний зан чанарт байдаг байх. Эрх мэдэлтэй байгаа хэрнээ болгоомжтой, эв найртай атал хэрсүү харагддаг тийм нэгэн чанар. Дорно дахины төрийн зүтгэлтэн нь их нягталж, боловсруулж байж асуудлыг шийддэг. Энэ чанар МАН-ын генсекээс харагдаж байна. Улс төр судлалын ойлголтоор ярьж байна шүү. Өнөөдрийнх шиг ийм цаг үед нэг их эрч хүч, гялбаа хэрэггүй.

Түүнд олон нийтэд таалагдаж буй нэг чанар нь тэр олон зүйлд гоншгонохгүй байгаа явдал юм. АН гэхэд ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрхшээл амсаад эхлэнгүүт бидэнд ялалт ирлээ гээд хаяж гараад, улмаар улс төрийн тавцанаас арчиж хаях бодлого шууд явуулж эхэллээ. Өөрөөс нь салсан МАХН-тай нь ч эвсэж байх шиг. Энэ бол хамгийн том аюул.

Олон зүйлийг нурших хэрэггүй. АН-ын энэ хандлага нь МАН-ын хувьд хүч тэнцвэргүй тулаан, баргийн улс төрч гоншгоновол гоншгоноод л явах тийм үйл явц. Харин Г.Занданшатар бүгдийг тоохгүй байна, туйлбартай, чимээгүй, бас эвийг эрхэмлэж байна. Намын асуудал хэцүүдлээ гээд яарч тэвдээд гүйгээд байгаа юм түүнээс харагдахгүй байна. Түүнээс улс төрийн ямар үзэл баримтлал, бодлого шийдвэр, акц, мэдрэмжүүд үнэртэж байна гэхээр өнөө л жингийн цуваа шиг явах, жингэрүүд дагаад хав, хав хийж байдгийг мэддэг ухаанаар МАН-ыг авч явж байна. Ямар ч гэсэн тэр орон нутгийн сонгуулиар МАН-ын жингийн цуваа шиг аваад гарлаа. Одоо цааш авч явах, улс орны олон хүнд ачааг нуруун дээрээ үүрэх… тийм л цэгц, жанжин шугамаар урагшлуулж чадах ур байна..Улс төрд өөрөөсөө буруу хайдаг улстөрч, улс төрийн нам өнөөдөр алга. Г.Занданшатар аядуу тайвнаар урагшилж яваа нь өөрийн орчиндоо эхлээд дүгнэлт хийснийх гэж улс төрийн тулхтай судлаачид хэлж байх юм. Ийм үнэлэмж дүгнэлтийг гаднаас танд, танай намд өгч эхэллээ гэдгийг улс төрийн соёл гарган Г.Занданшатарт хэлэх гэсэн юм. Нуугаад байх юм алга. Сайныг сайшаах хэрэгтэй.

Б.ДОРЖСҮРЭН

Өдрийн сонин

/Захиалгат мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих