Шударга өрсөлдөөнийхөн даруулгатай байна шүү

Шударга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газар гэж балагтай байгууллага байна аа. Тэнд ярьдаг ганц хүн, хийдэг  ганц  хүн, хэлмэгддэг ганц хүн л бий. Сүү үйлдвэрлэгчдийг чангалах болохоороо ганц хүн л дуугарна. Нефть импортлогчдыг хазаарлаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үед ганц хүн л гарч ирнэ. Дүрэлзсэн галын өөдөөс улаан нүүрээрээ тулдаг хүн нь бас ганц. Тэгээд бүр “Тэр муу дарвайтлаа яриад байна” гэж нөгөө намынхандаа муулуулна. Ингээд бодоод үзэхээр энэ байгууллагад ер нь өөр хүн байдаггүй юм билээ. Уг нь их олон орон тоотой, боловсон хүчин арвинтай гэдэг юм билээ. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай гэдэг ганц хүн бүх хүний өмнөөс цалинг нь аваад ажлыг нь хийгээд байдаг юм шиг байна. Ингэж болохгүй ээ, О.Магнай дарга аа. Уг нь Монголын монополь компаниудыг шүүм­жилж, тэднийг үйл ажиллагаа, бодлогоо шинэчлэхийг шаарддаг хүн юмсан. Тэг­сэн хэрнээ өөрөө байгуул­лага дотроо ганцаараа “моно-польдоод” байна. Бусад ажилчдынхаа хийх зүйлийг өмнүүр нь орж хийгээд байна. Аягүй бол тэгэнгээ хамаг цалинг нь авч, илүү нэр хүндтэй болъё гэж боддог байх. Нөгөөдүүл нь яахав, хөөрхий, юм хийе гэсэн сэтгэлтэй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсаар ирсэн ажлын арвин туршлагатай хүмүүс байдаг байлгүй. Тэгсэн чинь О.Магнай дарга маань улаан хөлтнийг урдуураа гишгүүлэхгүй “гүйгээд” бай­гаа бололтой юм. Энэ бол түүний алдаа. Байгуулагдсан цагаасаа хойш өчнөөн удаан ажилласан хэрнээ боловсон хүчнүүд нь юуг хариуцаж, юуг өөрчилж, юуг шинэчлэхийг зорьж байгаа нь тодорхойгүй байдаг  нь энэ байгууллагын даргын буруу гэдэг нь илэрхий байна. О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг хариуцаж аваад удаагүй байгаа гэдэг нь энд огт хамаагүй шүү. Тэр хүн угаасаа тэмцэж, өөрчлөхийн төлөө явдаг гэдэг нь бүр огт сонин биш. Болохгүй, бүтэхгүй байгааг шинэчилж, ард түмний тайван сайхан амьдралын баталгааг хангах гэж чармайж буй  нь ерөөсөө падгүй. Харин байгууллагынхаа бусад ажилчдыг өөд нь гаргахгүй байгаа нь онцгүй юм. Бодвол нөгөөдүүл нь “Хийе, бүтээе” гээд л сууж байдаг байлгүй. Даанч О.Магнай даргын сүрэнд нам дарагдчихаад “миарч” байгаа хэрэг. О.Магнай дарга Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ганцаараа “монопольдоод” байна уу, үгүй юу.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих