Өвлийн өвөө нар хулгай хийж, тамхи татдаг болжээ /Сэрэмжлүүлэг/
Сүүлийн арваад жилийн хугацаанд бэлэгтэй уут үүрсэн, цагаан сахалтай “Өвлийн өвгөн” буюу Санта клаусыг монгол хүүхдүүд сайн мэдэх болсон билээ. Тиймээс шинэ жилийн баярыг тэдэнүйгээр төсөөлөхөд хэцүү болсон. Өхөөрдөм, гэнэн цайлган үрсээ баярлуулахын тулд эцэг эхчүүд өвлийн өвгөн хөлсөлж, бэлэг өгүүлэхийг хичээнэ. Мэдээж хэрэг амьдралын боломж тааруу гэр бүл бол санта өвөөг хөлсөлж чаддаггүй. Учир нь Санта өвөөг хөлсөлж бяцхан үрсдээ бэлэг өгүүлэхэд дунджаар 20-60 мянган төгрөг байдаг гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн бэлэг өгүүлэх л хөлс. Түүнийг ганцааранг нь биш харин цасан охидтой нь захиалбал 60 мянган төгрөгийн ханштай. Ерөнхийдөө дээрх хөлсийг төлөөд Монголын өвлийн өвгөн болон Санта клаусын алийг нь ч захиалсан болох аж. Иймэрхүү үнэ ханштай байхад бололцоо муутай гэр бүл яаж ч захиалах билээ.
Ерөнхийдөө амьдралын боломжтой гэр бүлүүд хүүхэддээ бэлэг хүргүүлэхээр өвлийн өвгөн хөлсөлдөг гэхэд болно. Үүнийг нь ч ашиг хонжоо хайсан хүмүүс овжноор ашиглаж, тухайн айлдаа нэлээд хүндрэл учруулж байгаа сурагтай. Өөрсдөө бэлэг бэлдэж, нэмж өвлийн өвгөнийг 20-50 мянган төгрөгөөр хөлсөлчихөөд, дээрээс нь хоол ундыг нь хүртэл бэлдэх ажил гардэг гэнэ. За тэгээд олиггүйхэн шиг Санта тааралдвал эд зүйлсээ сайн харж байхгүй бол “хумслах” ажиллагаанд ордог гэж байгаа. Миний нэг танил нэлээд зав муутай хүн л дээ. Тэрбээр оны сүүлийн өдрүүдэд маш их ажил төлөвлөчихсөн болохоор хэд хоногийн өмнө хүүхдээ баярлуулах санаатай зар харж байгаад өвлийн өвгөн хөлсөлсөн байгаа юм. Хүүхдийнхээ дуртай гэсэн болгоныг цуглуулж, чамин гэгч нь уутанд боогоод хөлсөлсөн хүндээ өгчээ.
Өвлийн өвгөн ч тохирсон цагтаа ирсэн гэсэн. Тэрбээр “Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь цасан охидоо дагуулан хөөрхөн бяцхан гүнждээ бэлэг өгөхөөр ирлээ” гэсээр ихэд сүртэй орж ирсэн байгаа юм. Бяцхан охин ч бөөн баяр болж, эцэг эх нь ч хүүхдээ баяртай байгааг хараад сэтгэл хангалуун байж. Гэтэл төд удалгүй Санта “Идэх юм байна уу. Баахан захиалгатай явж байгаад юу ч идэж чадсангүй” гэж. Улаан цайм хүн идэх юм нэхсэн болохоор байсан бүхий л зүйлээ өмнө нь тавьж. Санта ч цадсан бололтой гэдийснээ тамхи асаагаад тухлаад суухаар нь хүүхдээ баярлуулах гэсэн эцэг, эх хоёр гэнэт бухимдаж, хөөх шахам гаргасан гэдгээ нэлээд хөгтэй зүйл болгон надад хэлсэн юм. Дээрх үйл явдал хөгтэй ч гэсэн үйлчилгээ үзүүлж буй хувь хүн болон байгууллагад арай л байж боломгүй үйлдэл юм.
Мөн шинэ жилийн баярыг далимдуулан хулгай хийх гэж оролдсон тохиолдол байгааг зарим хүмүүс ярих юм. Хүүхдээ гэртэй үлдээчихээд ажилдаа явсан хойгуур нь “Өвлийн өвгөн байна. Миний хүү хаалгаа онгойлго” гэж бяцхан хүүхдүүдэд нь худлаа хэлж хаалгыг тайлуулчихаад “Аав ээж, ах эгч чинь байгаа юу” гэж асуудаг гэнэ. Хэрвээ байвал “ТББ байгууллагаас явж байна. Хүүхэд чинь бэлэг өгөх гэсэн юм” гээд 1500 төгрөгийн үнэтэй бэлэг өгдөг аж. Хэрвээ “байхгүй” гэвэл гэрт нь орж хулгай хийх гэж оролдсон тохиолдол ч байгаа юм.
Зарим айл өрхүүд төрөл саднаараа болон найз нөхдөөрөө нийлэн өвлийн өвгөний хувцас түрээсэлж, өвлийн өвгөний дүрд хувилан бэлэг тараадаг. Энэ нь ч зөв юм. Цаг хугацааны тал дээр жаахан явдалтай ч мөнгөнд хэмнэлттэй. Өөрсдөө бэлгээ бэлдэж, 20-50 мянган төгрөгөөр өвлийн өвгөн хөлсөлж байхаар 20 мянган төгрөгөөр өвлийн өвгөний хувцас хэрэглэлийг түрээслэж болно. Ингэснээрээ та бүхэн наанадаж бухимдахгүй. Цаанадаж хэн нь мэдэгдэхгүй өвлийн өвгөн хөлсөлснөөс дээр байж мэднэ. Аль нэг байгуууллага өвлийн өвгөний үйлчилгээг чанартай, найдвартай хийж байгааг үгүйсгэхгүй. Гагцхүү өвлийн өвгөний хувцас өмссөн элдэв муу бодолтой хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй юм.
Цаа буга хөлөглөн айлын яндангаар орж, хүүхдүүдийн хүссэн бэлгийг өгдөг байсан одоогийн Санта Клаус буюу Сейнт Николас нь одоогийн Турк улсад амьдарч байжээ. Түүнийг Санта Клаус гэж нэрийдэх болсон түүхээс товч дурьдвал гурван охинтой нэг эр амьдардаг байж. Тэрбээр охидоо хадамд гаргах хуримын бэлэггүй байсан учир ихэд гутардаг байж. Хуримын бэлэггүй охидтой хэн ч суудаггүй тийм л хатуу цагт Санта Клаус буюу Сейнт Николас ухаан сийлж гурван шуудай дүүрэн мөнгө гэрийнх нь гадаа үлдээжээ. Үүний дараахан хуримын бэлэггүй байсан охид нөхөрт гарч, сайхан амьдарсан домог бий. Үүнээс улбаалаад бэлэг тараадаг өвгөнийг Санта Клаус гэдэг болжээ.
Ж.Баттуул
URL: