Бүрдээгүй парламент хийгээд сөрөг хүчний тэмцэл үргэлжилсэн өдрүүд
Энэ оны турш улс төрийн салбар халуухан, чухам л ид буцалж өнгөрлөө. Нэгэнтээ сонгуулийн жил хойно халуухан байхаас ч яахав. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 22 жилийн түүхэн дэх тав дахь удаагийн сонгууль хуулиасаа эхлээд онцлог шинж олонтой байсан. Энэ удаагийн сонгууль холимог системээр явагдаж автомат тоологч машинаар санал тоолов.
Сонгуулийн үр дүнгээр одоогийн байдлаар парламентад АН 33, МАН 25, МАХН, МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл 10, ИЗНН хоёр суудалтай, гурван бие даагчаас бүрдэж байна. АН парламентад 12 жилийн дараа анх удаагаа олон суудал авч, Засгийн газраа байгууллаа. 2012 оны шинээр бүрдсэн парламентад Сонгинохайрхан, Өвөрхангайн тойрог болон “Шударга ёс” эвслээс тус тус нэг суудал бүрдээгүй байгаа юм. Тэгэхээр шинэ оныг энэ ангийнхан бүрэлдэхүүнээрээ угтаж чадахгүй нь гэсэн үг.
Шинээр бүрдсэн парламент эхнээсээ барцадтай тулгарсан. Тухайлбал, УИХ-ын анхдугаар хуралдааныг эхлүүлж, ангийн даргаа сонгох гэж нэлээд хугацаа авав. Хуралдааныг парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн даргалан явуулдаг хуулийн дагуу Д.Дэмбэрэл “чаалттай” байв.
Гэвч МАН-ын гишүүд хуралдаанд оролцоогүйгээс анхдугаар хуралдаанд оролцсон Д.Дэмбэрэлийн дараагийн ахмад нь болох Л.Цог чуулганыг даргалан явуулж, УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагааг удирдсан. Энэ нь coper хүчнийхний эсэргүүцэлтэй тулж, УИХ-ын даргаар сонгогдсон 3. Энхболдыг стандарт бус спикер хэмээн цоллуулахад хүргэж орхисон.
Бүлэг байгуулах хүлээлт ба “Буйдантай” суулт
Парламентын шинэ ангийнханд эв нэгдэлтэй байхад нэлээд цаг хугацаа шаардагдах бололтой. Парламент дахь сөрөг хүчин болох МАН-ынхан бүлгээ байгуулж чадалгүй бүтэн таван сарыг үдэв. Үнэндээ УИХ дахь МАН-ын гишүүдэд бүлгээ байгуулах асуудал асар их үнэ цэнээр олдов. Бүлэггүй болсон МАН-ынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хийгээд ирэх оны төсвийн төсөлд өөрсдийн саналаа тусгуулахад бэрхшээлтэй тулгарч байлаа.
Тиймээс тэд бүлгээ батлуулахын тулд “буйдантай суулт” зарлав. УИХ-ын даргыг томилогдсоноос хойш 24 цагийн дотор намууд бүлэг байгуулах саналаа өргөн барих ёстой. Харамсалтай нь УИХ-ын дэг дэх энэ заалт зөрчигдсөнөөс хууль боловсруулагчид Ерөнхийлөгчийг харахад хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл санаачлан оруулснаар энэ асуудал шинэ он гарахаас долоохон хоногийн өмнө шийдвэрлэгдлээ.
Шинэчлэлийн засгийн газар буву бонд
АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажилдаа орлоо. АН, Засгийн газраа байгуулахдаа МАН-д санал тавьсангүй. Харин парламент дахь бусад намтай хамтран ажиллаж байна. Одоогоор энэ Засгийн газрын хэрэгжүүлсэн гол ажлын нэг нь бонд.
Олон улсын санхүүгийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бондын арилжаа хийлээ.Бонд Монгол Улсыг их өрөнд унагана гэх нэгэн байхад зөв зарцуулж чадвал эх орныхоо хөгжил дэвшлийг хурдасгана гэж үзэгсэд цөөнгүй байна. Ямартай ч энэ бондыг халамжийн чиглэлд зарцуулахгүй, төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдсэн.
Сонгогчдын санал бус сонгуулийн хуулийн үйлчлэл Г.Батхүүд ялалт авчрав
Өвөрхангайчууд сэтгэл гонсгор байна лээ. Учир нь УИХ-ын сонгуулиар өвөрхангайчуудын дийлэнх нь саналаа өгсөн Н.Чинзориг өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсангүй. Сонгуулийн хуулиар насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ажиллуулсан гэх өрсөлдөгчийн нэхэмжлэлийн дагуу сонгуулийн дараагаар шүүхээр заргалдаад ч тусыг эс олов.
Гэтэл Н.Чинзоригоос таван мянган хүний саналаар хол хаягдсан гэх Г.Батхүү УИХ-ын гишүүний тангараг өргөн, зөөлөн суудалд тухлаад байна. Сонгогчдын олонхын санал бус хууль үйлчилнэ ээ гэж энэ шүү дээ.
Төрийн түшээгээс татгалзсан У.Хүрэлсүх
Сонгуулийн тухай хуулиар намын жагсаалтаар сонгогдсон аттай эрхмүүд байна аа. Тэдний нэг нь МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн генсек У.Хүрэлсүх. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүд ч азтай л даа. Тойрогт нэр дэвшин сонгогдсон эрхмүүд шиг гудамж метрлэн, автобусны зогсоолд сонгогчдоо тосон зогсоогүй.
Тиймээс тэдэнд атаархах эрхмүүд олон байлаа. Жагсаалтаар сонгогдсон эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх. Гэвч тэрбээр энэ “албан тушаалаасаа” татгалзлаа. Учир нь хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин түүний ханьд нүүрлэжээ. Тиймээс аюулт өвчнөөс гэргийгээ аврахаар ар гэрийн шалтгаанаар энэ албанаас чөлөөлөгдөв. Үүнтэй зэрэгцээд түүнийг тойрсон яриа нэг хэсэгтээ дэгдэв.
Тэрбээр ирэх онд 45 нас хүрнэ. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, улс төрөөс хэсэг зуур чөлөөлөгдлөө гэх хэсэг байхад намын нэрийг сольж, сонгуульд ялагдал хүлээлгэсэн хариуцлагаа үүрч байна гэх таамаглал ч хөвөрч байсан юм. Ямартай ч У.Хүрэлсүх ид насандаа их улс төрөөс чөлөө авлаа, гэхдээ тэр тун удахгүй эргээд ирнэ.
Одтой Баянсэлэнгэ
Хороо ны нийгмийн ажилтнаас УИХ-ын гишүүн болсон азтай адтай бүсгүй яах аргагүй Баянсэлэнгэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэргээр шийтгэх нь хэмээн суулт, өлсгөлөн зарлаж тэмцсэн, тэр. Цаашлаад МАХН-аас УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдлоо. Үнэндээ Баянсэлэнгэд атаархах хүмүүс олон байсан.
Гэхдээ дийлэнх нь цагаан атаархал байгаасай. Баянсэлэнгэд өнөөдрийн гишүүдээс ялгарах онцлог бий. Гэр хороололд амьдардаг, баян айлын өв залгамжлагч бус, ард түмний дундаас төрөн гарсан. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг ч байдаг. Гээд яах билээ, үнэн хойно. Хууль боловсруулах байгууллагад эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, нийгмийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа тэрбээр сонгогчдын итгэлийг хэр даахаа ирэх дөрвөн жилд харуулна биз ээ.
МАН-аас сонгогдож, АН-д урвасан Д.Арвин
Улс төр, урвалт, шарвалтаар дүүрэн гэдгийг Д.Арвин гишүүн харуулав. МАН-аас дөрвөнтөө нэр дэвшин УИХ-д сонгогдсон Д.Арвин гишүүн энэ удаад олон суудал авсан АН-д элслээ. Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүний тангаргаа дөнгөж өргөөд л МАН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгч, АН-д элсдэг байгаа. Түүний хэлснээр УИХ-ын энэ удаагийн сонгуулиар намын нөхөд нь түүнийг дэмжээгүйд гомдсон гэсэн.
Ямар ч нам эвсэл УИХ-д суудал аваад ирнэ гэж итгэж найдсан гишүүнээ УИХ-д сойдог. УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийн мандат өвөрлөнө гэдэг олон зуун мянган гишүүнтэй улс төрийн хүчнээс ховорхон боломж, нам нь түүнд итгэл хүлээлгэсний илрэл байдаг билээ. Түүнээс бус сонгуулиар нэр дэвшин ялагдчихаад, эсвэл ялангуутаа өөр намд элсэн орж болох магадлалтай гэсэн нэгнээ юунд парламентын сонгуульд сойх билээ. Гэхдээ 90 жилийн түүхтэй МАН энэ удаа Д.Арвин гишүүнд дэндүү хууртсан. Аль намд элсэх нь хүний эрх ч улстөрчийн ноён нуруу, хат гэж монгол ухаан байдаг сан.
Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг нээлээ
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ торгон мөчид хамгийн баяртай мэдээ нь энэ байлаа. “Оюутолгой” ХХК Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Оюутолгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг дарж асааснаар ийнхүү “Оюутолгой” ХХК 2013 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхлэх томоохон алхмыг хийлээ.
Баяжуулах үйлдвэрийг нээж Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой хэмээх дэлхийд тэргүүлэх техник технологи, стандарт бүхий баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцож байгаа завшааныг ашиглан Монгол Улсын Уул уурхайн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэ бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий Рио Тинто компанийн санхүүжилт босгох туршлага менежментийн чадварын үр дүн гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна” гэсэн юм.
Богино хугацаанд Оюутолгойн Баяжуулах үйлдвэрийг барьж байгуулан, ашиглалтад хүлээн авч байгаа нь Монгол Улсын хувьд өндөр дэвшил гарсныг илтгэн харуулж байна. Нарийн хөдөлмөр, ур ухаан шаардсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад НҮБ-ын гишүүн 44 орны 18 мянга орчим ажилчид оролцсон юм. Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Бид Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс баяжуулах үйлдвэрийг нээх хүртэл ололт амжилтаар дүүрэн байлаа.
Оюутолгой ХХК Монгол Улсын түүхэн дэх хамгийн том, хамгийн шилдэг технологитой уурхайг барьж байгуулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр бид Оюутолгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд бүтээн байгуулсан амжилт гаргалаа, ирээдүйд бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлийн олон ололт амжилтыг хамтдаа гаргана гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Оюутолгойн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор 2013 оны эхний улиралд баяжмалаа үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Харин 2013 оны эхний хагаст зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Оюутолгой эхний шатанд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулан гаргах юм. Оюу Толгойн нийт баялгийн 80 гаруй хувийг далд уурхайгаас олборлоно. Одоо далд уурхайг барьж байгуулж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Н.Энхбат
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: