Эрдэнэ Вангийн хошуу хийгээд Сэлэнгэчүүд

Аймгийн тухай Аймгийн түүх

Манжчин улс Монголд өөрийн ноёрхолоо бүрэн тогтоохын тулд хуучин хошуудыг жижиглэн 1691 онд 37 хошуу, 1760 онд 86 хошуу болгон бутарган засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийхэд Түшээт хан аймгийн хойт хязгаар нутаг нэгэн хошуу болсон нь эдүгээгийн Сэлэнгэ түмний нутаг Эрдэнэ вангийн хошуу юм. Манай Сэлэнгийн Мандал, Түнхэл, Зүүнхараа, Баруунхараа, Баянголын нутаг нь Баатар вангийн хошуунд Бургалтай, Баруунбүрэн нь Дайчин ван хошуунд хамрагдсан байлаа. Хошуу ноён Намсрай 1911 оноос Богдын дэргэд шадарлан суух болсон тул хошууны хэргийг ноён туслах, захирагч, мээрэн залан зэрэг таван түшмэл, зургаан сараар ээлжлэн захирч байжээ.
Хошууны ноён гүн Намсрай нь Манжийн Сандаг амбаныг хөөхөд идэвхтэй оролцсон учраас Богд хааны зарлигаар 1912 онд үе улиран Эрдэнэ цол төрийн Жүн Ван, улбар шар жолоо, Шадар сайд шүүх яамны тэргүүн тушаалд томилогдон 1919 он хүртэл энэ албыг хашиж байжээ. Энэ үеэс хойш энэ хошууг Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэсэн байдаг.

Тамгын газар нь эдүгээгийн Цагааннуур сумын нутагт нуурын хоолой, энэ хошууны Сэлэнгийн эрэг дээр байсан хүрээнээс баруун өмнө тийш 3 км газар гэр байшинтай байжээ. Хошуу нь дотроо 6 сум, хэд хэдэн шавь отог захиргааны нэгжтэй байв.
1.Гол сум нь нуурын өмнө Ноён уулын ар өвөр Гангат Ар сүүж Ар тойлбо хавиар  нутаглана.
2.Баруун хамжаа сум нь  Шүрэн Сангалт Мангантайн гол орчимоор
3.Зүүн хамжаа нь Оргихын гол орчимоор
4.Эрх сум  нь Далт цагаан арлаас баруун тийш Тийрэг гол хүртэлх нутгаар
5.Илдэн сум  нь Зүүнбүрэн сум Орхон Сэлэнгийн хоорондхи хөндийгөөр
6.Зүүн сум  нь Ерөө голын адгаар
7.Ламхайн шавь  нь одоогийн Цагааннуур сумын Хуурч, Цоорч, Боргио, Бор бэлчир нуурын хойд талаар
8.Минжит Дольби Номин хааны ламын шавь нь мөн сумын Товхон хан уулын өвөр Оргихын голын адаг Чандагатайн голоор
9.Богдын шавь нь Амарбаясгалант хийд Орхон, Цагаантолгой, Хушаат, Энхталын нутгаар
10.Дарь эх ламын шавь нь одоогийн Номгон тосгоны  хойт Найдаг уулын орчимоор
11.Хүүхэн хутагтын шавь нь /Баянгол сум, Хараа голын саваар тус тус  нутаглаж байжээ.

Гэхдээ Манж Хятадын эзэрхэг түрэмгийлэгчид Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Шарын гол, Тийрэг, Тойлбо, Шүрэн, Сангалт, Оргих зэрэг тунгалаг устай мөрөн голуудын ай сав дахь  үржил шимтэй хөрс шороотой газраар өөрийн худалдаачид, цагаач иргэдээ суурьшуулан дээрх газар нутгийг эзэмшиж байлаа. Манж нар Монголыг хөрш Орос улстай эдийн засаг, соёлын харилцаагүй байлгахын тулд 1727 онд Оросын хилийг нарийвчлан тогтоож баруун этгээд Жинжлэгээс зүүн этгээд Манжуурын хил хүртэл хилийн дагуу 47 суурь гэр харуул тавьж бүх хошуудаа 227 өрх айл нүүлгэн суурьшуулжээ. 1788  онд дахин давхар харуул гэгчийг байгуулж дээрх хошуудаас 214 цагдаа өрхийг нүүлгэн буулгажээ. Энэ харуулын 13 нь тус хошууны хойт хилийн дагуу байгаа тул Халхын олон аймаг хошуудаас хөөгдөн ирсэн хүмүүс энд суурьших болсон байна. 1727 онд тус хошууны нутаг хийгээд Хиагтад Хятад тариачдын хэрэг эрхлэх заргачийн яам байгуулж хятад хүмүүсээр удирдуулж байлаа. Энэ үед хятад пүүсний салбар 60 гаруй дэлгүүр худалдааг Хиагтад болон тус хошуунд тараан байрлуулж ард түмнийг тонон мөлжих болсонд хошууны ард туйлын ихээр дургүйцэж байлаа. Түүний томоохон гол жишээ бол 1906 онд Түшээт хан аймгийн чуулган дарга жанжин нараас Хүрээн дэх Хятадын сайдад явуулсан бичигт Засаг гүн Намсрайн хошуунаас нэмж хагалах элбэг устай газар үгүй учир дахин Хятад ирүүлэхгүй байхыг шаардаж байжээ.

1910-1911 онд Ил Тарвагатайн хөвөө шар хошууны дэд дарга Л.Сумъяа /жинхэнэ нэр нь Өэлэй/ манжийн эсрэг бослого гаргаж дийлэгдээд өөрийн хошууны 58 өрх 271 хүнтэйгээр Богд хаант Монгол улсад дагаар оржээ. 1915 онд Хятадын хар цэрэгтэй байлдахад Сумъяа их гавъяа байгуулсан тул гүнгийн хэргэм зэрэг тамга, ялгуун баатар цол, бэйсийн зэргээр шагнагдаж тусгай хошуу болгов. Ийнхүү тус хошуу шинээр бий болжээ. 1123 оноос хошуу баг, сумыг ван гүн хутагт хувилгаадын нэрээр нэрлэхгүй болгоход Сумъяа бэйсийн хошууг Их түшиг сум, Эрдэнэ вангийн хошууг 10 сум болгож 1.Товхонхан, 2. Цагааннуур, 3.Эрх жаргалан, 4.Баян –Эрхэт, 5.Орхон, Шаамар, 6.Дэлгэр буурал, 7.Ерөө мөөл, 8.Орхон нутаг, 9.Эрхэт ноён хонгор, 10.Хушаат сум гэж нэрлэж хошууны хурлаар тус хошууг Бүрэн хан уулын хошуу гэж нэрлэн сумдын нэрсийг баталж Зүүнбүрэн хан уулын хошууны анхны засаг даргаар Бат-Очир заланг сонгон хошууны тамгыг нутгийн төвийг харгалзан Баян-Эрхэт сумын нутаг Норовбанзад гэдэг газар буулган төвлөрүүлж, Алтанбулаг хотыг гурван хороотойгоор зохион байсан түүхтэй.


URL:

Сэтгэгдэл бичих