Шадар сайд Д.Тэрбишдагва Булган, Орхон аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар өнгөрсөн өдрүүдэд Булган, Орхон аймагт ажиллаа. Тэд орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч, газар дээр нь шийдвэрлэхийг зорьсон юм.
Булганы найман суманд өвөлжилт хүндэрчээ
Засгийн газрын гишүүдийн зорьсон эхний аймаг Булган байв. Шадар сайд, Сангийн сайд нартай уулзахаар Дашинчилэн суманд таван сумын Засаг дарга, эрүүл мэндийн төвийнхөн цугларчээ. Аймгийн хэмжэнд 16 сумын 2.5 сая мал өвөлжиж байгаа аж. Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур зэрэг найман суманд өвөлжилт хүндэрснийг аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат дуулгав. Учир нь тус нутагт өнгөрсөн сараас эхлэн 13 удаа цас орж, бэлчээр газарт цас хөрлөжээ. Ингэснээр бэлчээрлэх нутаг зарим сумдад 35 хувьтай байгаа нь малын шилбэ халцрах, өвс тэжээлээ газрын хөрснөөс идэх боломжгүй болсон гэнэ. Аймгийн хэмжээнд 103.6 мянган тонн өвс тэжээл бэлтгэсэн ч, малчдад хүртээмжгүй байгаа аж. Цаг агаар хүйтрэх төлөвийг Цаг уурын газраас анхааруулж байсан учир намрын саруудад өвс тэжээлээ хангалттай зэхэхийг Засгийн газраас аймаг, сумын удирдлага болон малчдад даалгасан. Гэвч Булганы зарим сумынхны өвөлжилтийн бэлтгэл таван хувьтай байгааг Шадар сайд шүүмжлэв. Энэ нь нөгөө талаар Орон нутгийн сонгууль оройтсонтой холбоотой бөгөөд аймгийн ихэнх сумын Засаг дарга нар саяхан томилогдсон нь өвөлжилтийн бэлтгэлд нөлөөлжээ. Харин Орхон аймгийн хувьд өнөтэй өвөлжиж байна. Тус аймаг нь газар нутгийн хувьд бага төдийгүй хоёрхон сумын 100 гаруй малчин өрхтэй. 200 орчим мянган малаа онд мэнд оруулахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн нутгийн удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлаа сайн хангажээ.
Дашинчилэн, Баяннуурынханд түргэн тусламжийн машин олгохоор болов
Орон нутгаас сонгогдсон гишүүд нутгийн иргэддээ ойр байж, тэдний санал хүсэлтийг өөрийн биеэр сонсох нь чухал болохыг Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалт бүртээ онцолж байлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрлэж буй асуудлыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж явсан юм. Энэ үеэр төлөөлөгчид харьяа газруудад зочилж, ажилчдын санал хүсэлтийг сонсож байлаа. Тухайлбал, Шадар сайд өөрийн харьяа мэргэжлийн хяналт, онцгой байдал, стандарт хэмжилзүй зэрэг зургаан газрын албан хаагчтай өөрийн биеэр уулзсан бол Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн санхүүч, эдийн засагч нартай уулзалт зохион байгуулав.
Орон нутгийнханд Засгийн газарт дуулгах, шийдвэрлүүлэх цөөнгүй асуудлыг тавьсан юм. Хэдийгээр өвөлжилт хүндэрсэн нутгийнхан малдаа анхаарах нь зөв ч, хүнд илүү анхаарал хандуулах талаар Шадар сайд Д.Тэрбишдагва онцолж байлаа. Булган аймгийн цөөнгүй сум түргэн тусламжийн машингүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Дашинчилэн, Баяннуур сумын түргэний машин эвдэрснээр хөдөөгийн малчдын эрүүл мэндийн үйлчилгээ бүрмөсөн зогсчээ. Зарим сумынхан эмч нар иргэдийнхээ машиныг гуйж хэрэглэж буй аж. Гэвч зарим малчид 200 гаруй километрийн холоос дуудлага өгөх үед түргэнийхэн очих боломжгүй болжээ. Шадар сайд уг байдлыг яаралтай шийдвэрлэж өгөхөө амласнаар тун удахгүй Дашинчилэн, Баяннуур сумынхан түргэн тусламжийн машинтай болох нь. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эх орны хишиг”-ийн үлдэгдэл 340 мянган төгрөгтэй холбоотой цөөнгүй асуулт Сангийн сайд Ч.Улаанд хаяглажээ. Нутгийн иргэд хувь хишгээ энэ онд багтааж авах хүсэлтэй буйгаа ч дуулгав. Өмнөх Засгийн газрынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхээр хоёр их наяд төгрөгийн зээлийг Монгол банкнаас авсан ч санасандаа хүрээгүй. Учир нь төсөв хүрэлцээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар ирсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрынхан энэ сарын 10-нд бонд гаргах шийдвэр гаргаснаар иргэдийн хүлээлтийг тайлах арга олсон юм. Харин ард түмний гарт 340 мянган төгрөг хэзээ очих талаар Сангийн сайд Ч.Улаан “Энэ долоо хоногт бүх аймгийн Халамж үйлчилгээний газрын дансанд хувь хишгийн мөнгийг байршуулна. Ингэснээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө авч эхэлнэ” гэв. Сангийн сайдад хаягласан чухал саналын нэг нь орон нутгийн төрийн байгууллагуудын барилгын асуудал байв. 40, 50 жилийн өмнө баригдсан эмнэлэг, сургууль, захиргаа болон зориулалтын бусаар ашиглаж буй обьектууд сум бүрт байгаа аж. Уг асуудлыг Сангийн сайд хэрхэн шийдвэрлэх талаар нутгийн иргэдэд нэгдсэн ойлголт өгсөн юм. Тодруулбал, сум, аймаг, улсын төсвөөр ангилан засвар шинэчлэл хийхийг санал болгосон. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймаг, сум бүрт багагүй мөнгө ордог аж. Уг хөрөнгөөр орон нутгийн хүрээнд барилгын шинэчлэл, засварын ажлыг гүйцэтгэж болох талаар анхлан ярилцаж, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт хандах нь зүйтэйг онцлов.
Булган, Орхон аймгийн холбосон нэг сум бол Орхон аж. Бэлчээр нутгаас шалтгаалан сумын иргэдийн нэг хэсэг нь Орхон аймаг, нөгөө хэсэг нь Булган аймагт харьяалагдах болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг айл өрх нэгдсэн журмаар хүртэх боломжгүйг нутгийн иргэд хэлж байв. Мөн тус суманд орших Мааньтын хорих буюу Хорих 439 дүгээр ангийн асуудал багагүй хөндөгддөг аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар хорих ангийн удирдлагууд тус газарт өөрийн аж ахуйг хөгжүүлэх болсон нь малчдад харшилж эхэлжээ. Мааньтын хорихын ойролцоох хоёр километр радиуст хориг тавьсан нь малчдын уугуул бэлчээрийг булаасан хэргээр үл ойлголцол үүссэн аж. Орхон аймгийнхны дунд “Зэс эрдэнийн хувь” гэх компани хэл ам дагуулсаар иржээ. Анх 40 мянга гаруй хүн хөрөнгө оруулан байгуулж байсан уг компанийн өгөөжийг хүртэх гэсэн иргэд Засгийн газрын төлөөлөгчид хандсан юм. Мөн тус аймагт эрчим хүчний хангамж дутагдсанаас цахилгаан хязгаарлаж эхэлжээ. Дээрх асуудлуудыг Засгийн газрын төлөөлөгчид салбарын яам, агентлагуудад уламжлан, шийдвэрлэхээ олон нийтэд дуулгаж байв.
URL: