Бид харь гаригийнхантай XXIII зуунд л танилцах нь ээ
“Одон орон ба нийгэм” хэмээх Бүх Оросын бага хурал Москвад болсон. Бага хурлын үеэр сонирхол татахуйц олон сэдэв хэлэлцэгдсэний нэг нь шинжлэх ухаанд өнөө болон ирээдүйд хийгдэх нээлтүүдийн талаар одон орончдын дунд явуулсан санал асуулга байжээ. Өөрөөр хэлбэл, Оросын эрдэмтэд ирээдүйн урьдчилсан төлвийг гаргажээ.
Эрдэмтдийн таамаглал сансрын хар нүхнээс эхлээд хүн төрөлхтөнтэй төстэй оюун ухаант соёл иргэншилт хүмүүнтэй холбоо тогтоох боломж бий эсэхэд тодорхой хариулт өгсөн аж. Иймэрхүү дүгнэлтүүд кофены шаараар мэргэлэх гэх мэт аар саар мэрэг төөргөөс хавьгүй илүү үнэнд ойртож мэдэх юм. Тиймдээ ч хүмүүсийн сонирхлыг татах нь гарцаагүй.
Улаан нүдэн гаригийг онилсон судалгаа ирээдүйд ч үргэлжилнэ. Үүнд эргэлзэх зүйлгүй. Ойрын 10-20 жилд сарнаас ус олно гэдэгт эрдэмтдийн чамгүй хэсэг нь итгэдэг. Усгүйгээр тэнд станц суурилуулахад туйлын хүнд. Хүн төрөлхтөн харь гаригийнхны эрэлд хэдэн зууны турш мордсон ч XX, XXI зуунд энэхүү эрэл нэлээд идэвхжсэн. Харамсалтай нь эрдэмтдийн таамаглалаар бид энэ зуунд ч харь гаригийнхантай холбоо тогтоож чадахгүй нь бололтой.
Тэдний таамагласнаар хоёр зууны дараа буюу XXIII зууны эхэн хагаст л эрдэмтэд, уран зөгнөлт зохиолчид, сонин хачин үзэгдлийг сонирхогчдын байсан нь биеллээ олох гэнэ. Эхлээд бид харь гаригийнхнаас радио дохио хүлээн авч дараа нь тэдэнтэй холбоо тогтоох аж. Гэхдээ хүн төрөлхтөн тэдэнтэй биечлэн уулзах уу эсвэл алсын зайнаас л харилцсаар байх уу гэдэг нь тодорхойгүй.
Нэгэнт холбоо тогтоосных нүүр тулан уулзах байх л даа. Харь гаригийнхны судалгаанд хамаг насаа зориулсан эрдэмтдийн хувьд ийм прогноз хэтэрхий хүнд тусах нь ойлгомжтой. Эрдэмтдийн удаах таамаглалаар XXI зууны эцсээр л огторгуйн биет, солироос хамгаалах систем бүтээгдэх ч XXII зуунд л түүнийг турших сайхан боломж нээгдэх аж.
Тэдний тооцоолсноор Тунгусын аварга солиртой хэмжээгээр дүйцэхүйц ээлжит “сансрын зочин” эх дэлхийд ойртож буй гэнэ. Түүнийг тойрог замд орохоос нь өмнө нэг бол устгах, нөгөө бол хяналтдаа бүрэн авах ёстой. Эрдэмтдэд солирыг эх дэлхийд аюул учруулахаас нь өмнө зохицуулчих боломж байгаа биз. Техник технологийн дэвшлийн үр дүнд эх дэлхий, сарны хооронд “сансрын автобус” хөлөглөсөн шигээ зорчих эрдэмдийн мөрөөдөл ч энэ зуунд үргэлжилсээр биеллээ олж магадгүй нь.
Тэр үед манай гаригийн оршин суугчдын тал хувь нь нарны эрчим хүчийг хэрэглэдэг болно. 2040 онд сансрыг зорих хүмүүсийн тоо олширч, хувийн онгоцоор зорчих боломжтой болно. Мөн Ангараг гаригт хүн анх удаа мөрөө гаргах юм.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: