Дээрэмдсэн байраа буцааж өг

МАН-ын төр барьсан өнгөрсөн дөрвөн жилд Дарханы боловсролын салбарт нийтдээ 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тэд хүүхдэд ээлтэй сургалтын стандарт орчин сайжирлаа гэж үзэж байгаа аж. Улмаар Дархан-Уул аймагт Кембрижийн стандартад суурилсан лаборатори, мэдээлэл технологид суурилсан цахим сургуулийн эхлэл тавигдсан гэж үзэн баярлан хөөрч байгаа бололтой.

 

Дэлхийн ямар ч улсад байхгүй Кембрижийн стандарт гэгчийг хаанаас ч юм бэ олоод иржээ. Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын Р.Батжаргал дарга аа сургуулиуд сурагчдыг гэрийн шаахайтай суралцуулж, шалан дээр суулган гутал, хувцсыг нь солиулж, эцэг, эхчүүдээс “татварын байцаагч” шиг мөнгө, төгрөг татаж байгаа нь хүүхдэд ээлтэй Монголын Кембрижийн стандарт юм уу.

 

Ийм хүүхдэд ээлтэй Кембрижийн стандартыг та нар санаачилан хэрэгжүүлж байгаа юм бол даан чиг зохимжгүй санагдаж байна шүү. Өнгөрсөн 2008-2012 оны хооронд Дархан-Уул аймгийн боловсролын салбарт зөвхөн сургалтын орчинг сайжруулах, тоног төхөөрөмж авахад 6.3 тэрбум төгрөг зарцуулсан хэрэг үү. Үүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилд сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагад 5.2 тэрбум төгрөгийн урсгал засвар, 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг давхардуулан хийсэн болж таарч байна уу.

 
Боловсрол, соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд эхний таван байрт манай аймаг багтсан нь 12.6 тэрбум төгрөг зарцуулсан болохоор аргагүй л байх л даа. Би тоонд муу л даа. Гэхдээ та энэ олон тэрбум төгрөгүүдээ хооронд нь нэмээд үзээрэй. За энэ ч яах вэ. Мэргэжлийн хяналт, Аудит, Цагдаа, Тагнуул, Авлигалтай тэмцэх газар зэрэг холбогдох газрууд нь эдгээр хөрөнгө оруулалтын толгой эргэм олон тэрбум төгрөгийн зарцуулалтыг нь шалгана биз.

 

Харин аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Золбоот та хоёроос хүүхдийн зуслангийн хоёр байрыг буцааж өгөөч гэж хүсмээр байна. Таны өмнөх БСГ-ын дарга эдгээр байрыг хуучин Хүүхдийн төлөө төвийн дарга агсан Батбаяраас авсан гэдгийг мэднэ. Гэхдээ та үнэхээр шударга, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн юм бол “Багш хөгжлийн төв” гээд байгаа томчуудын архидалт, зугаа цэнгэлийн газар болсон хүүхдийн зуслангийн хоёр байрыг хүүхэд, багачуудад буцаан өгч буян үйлдээч.

 

Хүүхдийн эрхийг хамгаалагч байгууллагууд энэ талдд анхаарал хандуулахгүй байсаар байгаа. Зуслангийн энэ хоёр байрыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан томчуудын амралт, зугаа цэнгэлийн газар болгосон дарга нар нь түрүүчээсээ “бурхны орон” руу буцаад дуусах нь байна. Хүүхдийн төлөө төв, Хүүхдийн төлөө хэлтэс хэмээн нэрээ удаа дараа ойрхон солих болсон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь танайд алдсан хоёр байраа буцааж авах эрх мэдэл нь дутаад байгаа бололтой.

 

Тэд энэ асуудалд огтхон ч санаа зовохгүй, үүнийг сөхөж ярьдаггүй хэвээр л байна. Ярих ч дургүй юм билээ. Хүүхдийн цэцэрлэгийн байрыг өөрсдөө дээрэмдсэн болохоор ичээд дуугарч чаддаггүй байх л даа. Ер нь Дарханы МАН-ын дарга нар зориулалтын барилга, байгууламжийг хямд үнээр зардаг. Буцаагаад тендер нэрээр төсвийн мөнгөөр, өндөр үнэ цохин худалдан авдаг бизнесийн луйвар явагдаад байх шиг байна.

 

Танай Боловсрол, соёлын газар энэ жишээг давтаж “Багш хөгжлийн төв” болгосон хүүхдийн зуслангийн хоёр байрыг арай өндөр үнээр худалдах гээд байгаа юм биш биз. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн ганц байгууллага Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь тендер зарлан байж төсвийн 470 гаруй сая төгрөгөөр Христийн сүмийн барилгыг худалдан авч цэцэрлэгийн байрыг чөлөөлөх болсныг Дарханы иргэд мэдэж байгаа байх.

 

Харин зуслангийн алдсан хоёр байраа танай байгууллагаас үүн шиг төсвийн мөнгөөр худалдан авах асуудал байж болохгүй шүү. Яагаад гэхээр танай байгууллага анх авахдаа үнэгүй авсан. Тэгээд ч танай хоёр байгууллага хоёулаа хүүхдийн эрх ашгийг хамгаалсан төсвийн байгууллагууд билээ. Үнэ мөнгөөр худалдаж аваагүй хоёр байраа элдэв шалтаг тоочихгүйгээр зүгээр л буцаагаад өгөөч Р.Батжаргал дарга аа.

 

Таны эрх мэдэл дутаад байгаа бол аймгийн Засаг даргад энэ асуудлыг манай сонин тавъя. Авлигалтай тэмцэх газраар ч шалгуулж ч болно шүү. Бид таныг айлган сүрдүүлж байгаа юм биш. Та энэ хоёр байрыг аваагүй ч, танай байгууллага авсан болохоор хүүхэд багачуудад нь буцаагаад өг. Хүүхдүүд томчууд бидэнтэй адил улс төржин, жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж тэмцэх биш.

 

Эрх нь зөрчигдсөн хүүхэд багачуудын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн ажиллаж чаддаг юм шүү. Танд би итгэж байна. Энэ асуудлыг анх сөхөн бичиж, таныг болон танай байгууллагыг хүлээцтэй хүлээгээд гурван жил боллоо. Хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн энэ асуудалд ямар ч улс төржилт, ашиг хонжоо байж болохгүй. Улс төрийн сонгууль өнгөрсөн болохоор үүнийг та улс төржилт гэж бодохгүй биз ээ.

 

Хүүхдэд зориулагдсан нэг ч гэсэн байгууллагыг бүрэн бүтнээр нь авч үлдмээр байна. Золбоот дарга та хоёрын амнаас сүүлийн үед багшийн хөгжил, багшийн хөгжлийн ордон, багш нарын байр, хотхон гэдэг үгс урсан гарах болсон байна лээ. Ингэхэд эрхэм дарга та хүүхэдтэй биз дээ.

 

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих