Барилга байгууламж барих ажиллагаанд төр бүрэн хяналт тавьж чадахгүйд хүрээд байна
Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, О.Баасанхүү нар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2012.12.26/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Дээрх гишүүд өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт багтан барилгын салбарт шалгалт хийсэн юм. Шалтгалтад нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Багануур, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг хамрагдсан байна.
Дээрх дүүргүүдэд баригдаж буй барилга, орон сууцны хөдөлмөрийн аюулгүй байдал, бусад хуулийг хэрэгжилтэд шалгалт хийхэд 594 обьектоос давхардсан тоогоор барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын угсралтын ажлыг эхэлсэн , баталгаажаагүй зураг төслөөр барилгын ажил гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барилгын ажил гүйцэтгэсэн зөрчилүүд илэрсэн байна.
Түүнчлэн энэ оны эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн гэмтэж бэртсэн байжээ. Сүүлийн 3 жилд осол гарсан шалтгааныг нь авч үзвэл 50 хувь нь өндрөөс унасан, 15 хувь нь тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, өргөх, зөөх механизмын эвдрэл гэмтлээс, 12 хувь нь эд материалд цохиулсан, 6 хувь нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй зэргээс болсон байна.
2000 оноос барилгын салбарт их бүтээн байгуулалт өрнөснөөс барилга, байгууламж барих үйл ажиллагаанд төр бүрэн хяналт тавьж чадахгүй байдалд хүрчээ. Энэ нөхцөл байдлын улмаас барилга байгууламж барих, тусгай зөвшөөрөл авах, түүнд тавих хяналт, үйл ажиллагаанд хүнд суртал, дарамт, шат дамжлага нэмэгдэж, түүнийг даган шан харамж авлигын асуудлууд үүссэнээс гадна Барилгын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Дээрх зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг гишүүд санаачилжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: