Сүхбаатар дүүргийн шүүх Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн найзыг хууль зөрчин, агентлагийн даргаар томилсоныг тогтоожээ

АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан “Шинэчлэлийн Засгийн газар” байгуулагдаад даруй 130 гаруй хоногийг өнгөрөөгөөд байна.

Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн эхнэрийн төрсөн дүү гэх хорин хэдхэн настай хүүг ЗГХЭГ-ийн дэд даргаар томилсон гэх шуугиан дэгдсэн билээ.
Түүний дараа өөрийн найз, хамтран зүтгэгч олон хүнийг төрийн хариуцлагатай албанд томилсон ч Ерөнхий сайд өөрийн багаа бүрдүүлж буй нь л энэ гэсэн тайлбарт “дарагдах” болсон.
Гэхдээ Ерөнхий сайдын томилгоо хууль бус байсан нь эхнээсээ тодорч эхэлжээ.

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлж, сэтгүүлч, яруу найрагч, уяач Г.Энхтайван гэх өөрийн дотны найзыг  оронд нь томилжээ.  Харин халагдсан  Г.Гантөмөр өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан аж. Тус дүүргийн шүүх хурлаар Г.Гантөмөрийн нэхэмжлэлийг авч  хэлэлцэн,  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчин хууль бус томилгоо хийсэнийг тогтоон, Г.Энхтайван гэгчийг ажлаас нь халах шийдвэр гаргажээ.
Н.Алтанхуяг энэхүү Г.Энхтайван гэгч найзаа байнга албан тушаалаар “шагнаж” явдаг гэх бөгөөд 2004-2006 онд Сангийн сайд байхдаа Үндэсний Татварын Ерөнхий Газрын дэд даргаар, 2008-2012 онд Тэргүүн шадар сайд байх үедээ Стандартчилал, хэмжилзүйн газрын дэд даргаар томилж байсан байна.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих