Цагдаагийн хурандаагийн эхнэр Д.Одонтуяа гэгч хууль бус газрын эзнээр тодорлоо

Нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар олгогдсон 34 газрын нэрсийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү газруудыг улс, нийслэлээс хурааж авах шийдвэр гаргасан. Хотын төвд асар өндөр үнэд хүрэх газрыг аж ахуйн нэгж, иргэд шууд хураалгах эсэх нь эргэлзээтэй байгаа тул газрын асуудлаар манай сонин цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Харин энэ удаад ногоон байгууламж, явган хүний зам дээр хууль бус газрыг иргэн хэрхэн өөрийн болгож авсан тухай өгүүлье. Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн Д.Одонтуяагийн үйлчилгээний зориулалттай нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 14-ний 209 тоот захирамжтай газрыг судалж үзэв.

Баянгол дүүргийн Захиргаа хариуцсан дарга Д.Одонтуяатай ярилцлаа.
-Доржпаламын Одонтуяа гээд тантай ижил овог, нэртэй иргэний нэр дээр хууль бусаар газар олгогдсон байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсоё?
-Дээрх ногоон байгууламж, явган хүний замыг хууль бусаар эрх мэдлээ ашиглан өөрийн болгож авсан хэмээн олон хүмүүс намайг хардаж байна. Гэвч энэ бол эндүүрэл. Өнгөрсөн 2006 онд намайг алтны уурхай эзэмшдэг гээд мөн л хардаж байсан. Тэр үед албаны хүмүүс шалгаж судлахад надтай овог, нэр яг адилхан өөр хүн байна гэдгийг баталж байсан. Энэ хэрэг ч мөн ингэж эндүүрэгдсэн тул би Нийслэлийн газрын алба руу хандаж энэ Д.Одонтуяа хэн болохыг тодруулж өгөхийг хүссэн. Улмаар долоо хоногийн турш тасралтгүй асууж сурагласны эцэст хэн болохыг нь мэдэж чадсан.

-Таны олж мэдсэнээр Д.Одонтуяа гэж хэн байв?
-Урьд нь надтай андуурагдаж байсан алтны уурхай эзэмшдэг тэрхүү Д.Одонтуяа байсан юм. Би маш их гайхсан. Газар эзэмшиж байгаа Д.Одонтуяа бидний хооронд хоёр насны зөрүү байсан. Мөн царай төрхөөр ойролцоо эмэгтэй юм билээ. Хувьдаа алтны уурхайтай, ер нь их эрх мэдэлтэй хүн гэсэн. Нөхөр нь хуучин Цагдаагийн ерөнхий газарт Аж ахуйн албаны дарга байсан н.Энх-Амгалан хурандаа гэж сонссон. Юутай ч хууль бус газар эзэмшиж байгаа Д.Одонтуяа бол би биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна гэв.

Зарим баримтаас үзвэл үйлчилгээний зориулалттай нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 14-ны 209 тоот захирамжтай тус газрыг Д.Одонтуяа нь 2001 оны тавдугаар сарын 3-нд анх нийслэлийн Засаг даргын 433 тоот захирамжаар өмчлөн авсан байна. Ингэхдээ газар эзэмших ямар ч материал бүрдүүлэлгүйгээр шууд авчээ. Улмаар 2004 оны зургадугаар сарын 14-нд тус газрыг мөн түүний нэр дээр батлан гаргаж өгсөн аж. Ингэхдээ кадастрын зурган дээрх байршилтай нь тодорхой гаргаж өгсөн байжээ.

Л.АЛТАНХИШИГ

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих