1000 мөргөлчин Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэв
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 25 бол Христийн шашинтнуудын хувьд гэгээн эцгийнх нь мэндэлсэн өдөр байв. Энэ өдөр нийт 1000 мөргөлч нэгэн дор цугларан Христосын мэндэлсэн өдрийн баярын ёслолын үйл ажиллагаанд оролцжээ.
Христийн шашинтнууд энэхүү баяраа 1700 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан сүмд хийжээ. Тэр сүмд Есүс Христ өөрийн биеэр заларч байсан хэмээн итгэгчид үздэг аж. Энэхүү ёслолын үеэр Иерусалимын католикчуудын тэргүүн Палестины засгийн газрыг дэмжин үг хэлжээ.
Тэрбээр мэдэгдэхдээ “Энэ жилийн Христосын мэндэлсний баяр бол бидний бурхан Есүсийн мэндэлсэн өдөр төдийгүй Палестин улсын төрсөн өдөр байх болно” хэмээжээ. Мөн “Палестины нутаг дэвсгэрийг зохион бүтээх” ажил удаан байх болно. Эцсийн үр дүн гарахад олон хүний хүч хөдөлмөр шаардах болно” хэмээсэн байна.
ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ
“Энэхүү ариун газраас би улстөрчдөд болон нийт хүмүүст чин зүрхнээсээ хандаж байна. Та бүхнийг дэлхийн сайн сайхны төлөө болон Палестин, Израилийн сайн сайхны төлөө ажиллаасай хэмээн хүсч байна” хэмээн Иерусалимын католик сүмийн тэргүүн Фуад Тваль хэлжээ.
Мөн Иорданд төрсөн тэргүүн хамба Иерусалимын хуучин хот болох Вифлеемийн баруун эрэгт болсон баярын жагсаал, ёслолын ажиллагаанд оролцсон байна. Энэхүү үйл ажиллагааны бэлэг тэмдэг нь оролцогчид мөргөл үйлдэн залбирах ажиллагаа байжээ. Харин Христийн мэндэлсэн сүмийн дэргэд 1000 жуулчин, мөргөлч, итгэгч, цугласны дараа хамба лам мөргөлөө эхэлсэн аж.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Миний хэлж байгаа үгс хэн бүхний зүрхэнд ойрхон сонсогдож байгаа байх” хэмээгээд өнөөдөр палестинчуудын ч баяр хэмээн онцолжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард НҮБ-аас Палестины бүрэн эрхийг нэмэгдүүлсэн ажээ. Энэхүү шийдвэр палестинчуудад НҮБ-ын төлөөлөгчийн газар болон янз бүрийн төлөөлөгчийн газарт хандах, олон улсад дуу хоолойгоо хүргэх замыг нээж өгчээ.
ВАТИКАН ДАХЬ ЁСЛОЛ
Италийн Ватикан хотод Христийн мэндэлсэн өдрийн баярт зориулсан мөргөлч, итгэгч нарын цуглаан гэгээн Петрын сүмд болжээ. Энэ үеэр Ромын пап XVI Бенедикт Христосын шашинтнуудад хандан “Өөрийн зах хязгааргүй амьдралдаа их эзэн Христийг багтаах зай олоорой” хэмээн сургаалиа айлджээ.
Тэрбээр хүн бүрийг Израилчууд болон Палестинчуудыг эвтэй найртай амьдраасай хэмээн залбирахын сацуу Ливан, Сири, Иракийн эв нэгдлийн төлөө мөргөл үйлдэхийг уриалжээ. Харин энэхүү баярын хурал, жагсаал ихэвчлэн шөнө дунд эхэлдэг бол энэ удаад товлосон цагаасаа хоёр цагийн өмнө эхэлжээ. Энэ нь Бенедикт эцгийн өндөр нас (85) болон эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалсан ажээ.
О.Саша
niigmiin toli
URL: