Оюутнууд гурван долоо хоног амарна

Сурагчдын амралттай зэрэгцэн оюутны амралт эхэлж байгаа. Энэ талаар Монголын оюутны холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодрууллаа.

-Оюутны амралт эхлэх гэж байна. Сургуулиуд хэзээнээс амрах бол. Нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу?
-Манай холбоонд нэгдсэн мэдээлэл ирдэггүй. Сургуулиуд өөр өөр амардаг. Гэхдээ одоогоор нийт сургуулиудын 70 гаруй хувьд нь шалгалтын хоёр долоо хоног эхэлсэн байна. Сургуулиуд нэгдүгээр сарын 5-наас амарч эхэлнэ. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр сургуулиуд хичээл дээ орно.

-Оюутны амралтын үеэр тэдэнд зориулсан сургалт, хөтөлбөрийг танай холбооноос зохион байгуулдаг уу?
-Амралт эхлэхээр ихэнх оюутнууд хөдөө орон нутаг руугаа явдаг учраас нийслэлдээ ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаггүй. Харин аймгуудын оюутны холбоогоо идэвхтэй ажиллахыг уриалдаг. Амрахаар очсон оюутан залуустаа зориулж цагийг зөв боловсон өнгөрөөх, спорт арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахыг зөвлөдөг. Зарим хувийн сургууль цагаан сарыг тааруулж амрах гэж байна. Тиймээс хичээл нь амраагүй байгаа сургуулийн оюутнуудтай хамтарч хотын гудамжийг цэвэрлэх, халтиргаа гулгаатай байгаа замын цасыг арилгах ажил хийнэ. Замын цагдаагийн газар болоод Хот тохижуулах газартай хамтарч зохион байгуулах юм.

-Шинэ жилийн арга хэмжээ олон болж байна. Оюутнууддаа юу уриалах вэ?
-Манай байгууллагын зүгээс сургуулиудад шинэ жил болоод төвлөрсөн арга хэмжээг өдрийн цагаар хийх, архи болон согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах шаардлага тавьдаг. Энэ жилээс эхлээд их, дээд сургуулиуд шинэ жилээ архигүй хийж байхаар болсон. Оргилуун дарс болоод вино байж болно. Тиймээс “Архигүй шинэ жил, архигүй баярлацгаая” уриаг бүх сургуулиудад өгсөн байгаа. Энэ жилийн хувьд оюутнуудын архи согтууруулах ундааны хэрэглээ бага, шинэ жилийн арга хэмжээ эрт байгаа учраас зөрчил бага байна.

Э.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих