Орчин үеийн их өр буюу бонд гэгч ”босоо ороолон”

З.Энхболд даргатай УИХ, Н.Алтанхуягийн Засгийн газар тавхан сарын дотор таван тэрбум ам.долларын бонд гаргаж гадаад ертөнцөд төлөх Монголын нийт өрийг 14.4 тэрбум ам. доллар буюу 20.1 их наяд (20.160.000.000.000) төгрөгт хүргэлээ. Энэ тоог зарим нь уншиж ч чадахгүй байгаа байх. Намайг дунд сургуульд байхад математикийн багш маань сая, живаа, дүнчүүр гэсэн тоо зааж байж билээ. Бид зүггүйтээд, “Багш аа, тоо ер нь юу гэж дуусдаг юм?” гэхэд багш маань “түр тар гэж дуусдаг юм” гэж инээлгэж байсан сан. Одоо ч бид ёстой “түр тар” дунд умбаж байх шив дээ. Орчин үеийн “их наяд” гэдэг тоо нь бидний заалгаж байсан “дүнчүүр” бололтой юм. Дүнчүүр гэдэг тоо яагаад ч юм сэтгэлд хоногшин үлдсэн байдаг.

    Эмээ ээж минь “Дүнчүүр маани уншсан хүний хуруунууд ясгүй болж, хэлнээс нь эвэр ургадаг юм гэнэ лээ” хэмээн ярьж байснаас энэ нь гайхалтай том тоо хэмээн сэтгэлд үлдсэн юм болов уу. Юутай ч өнөөдөр монголчууд 20.1 их наяд төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрийг өлгийтэй нялхаас өтөл буурал хүртэлх бүх хүндээ хуваахад нэг хүн 7.500000 төгрөгийн өртэй болсон байна. Манай найман ам бүл гэхэд л гадаадынханд 60 сая төгрөгийн өртэй болчихож. Зөвхөн саяны гаргасан бонд (өрийн бичиг)-ын хүүнд л гэхэд хоёр хоногт нэг цэцэрлэг барих мөнгө төлөх юм гэсэн.
   Эрхэм дээдэс маань таван тэрбум ам.долларын бонд гаргаад урьдчилан 1.5 тэрбумынх нь валютыг банкиндаа хийчихээд маадгар суугаа. Дэлхийн улс орнууд бонд гаргаж, тодорхой хугацааны дараа төлсөн олон баримт бий. Зарим нь газар нутаг, эд баялаг, үнэт зүйлсээ барьцаалаад төлж чадалгүй сүйрсэн жишээ ч бий. Ямартай ч энэ бол зүгээр нэг өр биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Чингис бонд нь улсынхаа нэр хүндээр дэнчин тавин авч байгаа өр” юм. Гаднын улс орнуудын Засгийн газрын бонд хамгийн тулгамдсан чухал зүйлд зориулагдсан байдаг юм байна. Байгалийн гэнэтийн сүйрлийн хохирлыг арилгах, хөрөнгө мөнгө нь дуусчихсан томоохон үйлдвэр, барилга байгууламжийг дуусгах гэхчилэн цаг хугацаатай уралдсан бүтээн байгуулалтуудад зориулагддаг аж.
    Харин манайх?! Өмнөөс дорныг холбосон 1800 км төмөр зам, зургаан аймгийг холбох засмал зам, ТЭЦ-5, Сайншандын үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатарын метро, 100 мянган айлын орон сууц…… гэхчилэн Н.Алтанхуягийн шадар байхаасаа, С.Баярцогтын Сангийн сайд байхаасаа ярьсан “үлгэр”-ээ давтаж байгаа. Яг өнөөдөр гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх бэлтгэл хангагдаагүй, нэг л итгэл муутай сонсогдоод байна. Хүмүүс ер нь л энэ “Их өр”-ийг тун итгэл муутай хүлээн авч байх шиг. Сайншанд-Чойрын хоорондох хэдхэн км засмал замаа өчнөөн жил яриад дуусгаж чадаагүй байж 1800 км төмөр зам барих үлгэр ярьдгаа, нийслэлийнхээ хэдэн замыг засчихаж чадахгүй байж 18 км метро зүүдэлдгээ, барих газраа ч товлоогүй байж ТЭЦ-5- ыг барина гэж дүрэмддэгээ больмоор юм гэж хүмүүс ярих аж.
    Ямар ч бэлтгэлгүй, ядаж газар гэсэх цагийг ч хүлээлгүй яаран сандран аваад улсын банкиндаа ч юмуу, уут хэтэвчиндээ ч юмуу хийчихсэн 1.5 тэрбум ам.доллараа одоо яах вэ? Хоногийн хүү нь хоттой хонь, хомтой тэмээгээр тогтохгүй явж байгаа. Ядаж тав, зургадугаар сарын үед авсан бол маргааш нь хэдэн аймаг уруугаа хар зам тавиад эхлэх сэн. Төмөр замын далан шороо овоолж, барилгын суурь фундамент тавих сан.
Цас зуд эхлэхтэй зэрэг баахан ам.доллар авчраад түгжчихсэнийг би л хувьдаа ойлгохгүй байна. Хүмүүс янз янзаар л ярьж байна. “Эдний бүтээн байгуулалт гэж юу байсан юм. Баахан шороо чулуу овоолоод л орхино. Өдийд газраа товлоогүй, зураг төсөл нь бэлэн болоогүй, техник эдийн засгийн үндэслэлгүй учраас “Их бүтээн байгуулалт гэж юу байсан юм. Сайхан үлгэр ярьж их мөнгө гартаа оруулахад л гол нь байгаа юм” гэх хүн таарч байна. Бас зарим нь “Эд чинь эхний ээлжийн мөнгөөр нь “Голомт”-оос эхлээд өөрсдийнхөө хэдэн банкинд зузаатгал хийнэ. Том групп, компаниудаа санхүүжүүлээд дуусгана. Дараа ээлжийнх нь мөнгийг Ерөнхийлөгчийн болон 2016 оны УИХ-ын сонгуульд зориулчихна. Бүтээн байгуулалтынхаа ажилд амсах төдий хүртээнэ л дээ” гэх юм. “Бүгд хуйвалдчихсан юм чинь төсвийн алдагдлыг нөхөх, тансаглахдаа л голыг нь зориулна” гэсэн бодолтой яваа хүн ч тааралдана. Ямар ч бэлтгэлгүй байж бонд нэрээр гартаа оруулчихаад байгаа энэ их мөнгө, их өрийн тийшээ монголчуудын анхаарал хандаж байна аа. Хэвлэлүүд “Өртэй гэдгийг нь өглөө бүр сануул” гээд бичих боллоо.
    Бондтой холбогдуулж төрийн тэргүүн маань зөвлөмж гаргалаа. ”Ерөнхийлөгчөөсөө авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, жирийн иргэд бүгдээрээ хариуцлагатай болох ёстой” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цохон тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвлөмждөө УИХ-д хандан хоёр чухал заалт оруулсны нэг нь Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, түүнд тавигдах хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчныг УИХ-ын намрын чуулганд багтааж оруулах юм.
Нөгөө нэг заалт нь үнэт цаасны зарцуулалт, төслийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, үнэт цаасны үйлчилгээ хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулах хяналтыг төсвийн байнгын хороо хариуцахыг хатуу даалгасан байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт хандан, үнэт цаас худалдсан ам.доллараар санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, сонгон шалгаруулах асуудлыг тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, дүнгээ УИХ-ын даргад бичгээр мэдэгдэж байхыг онцлон заасан байна. Тэрбээр цааш нь, үнэт цаас худалдсан ам.доллараар Монгол Улсын эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр ашигтай, эргэн төлөлтийн баталгаатай төслүүдийг санхүүжүүлэх, гол нь дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай гэсэн юм. Төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн урсгал зардал, түүний дотор нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж болохгүйг ч анхааруулна билээ. Төсөл хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг хувиас хэтэрч болохгүй гэнэ.
     Төрийн тэргүүн маань зөвлөмждөө ”Бид жилдээ 70 орчим сая ам.долларын хүү төлөх ёстой. Таван жилийн дараа 500 сая ам.доллар, арван жилийн дараа нэг тэрбум ам.долларыг шууд шилжүүлэх ёстой болж байгаа. Тиймээс маш хурдан, үр ашиг бүхий төсөлд эрсдэлгүйгээр зарцуулах ёстой” гэж хатуу анхааруулсан юм. Мөн төсөл хөтөлбөрт сонголт ил тод байх, иргэний хяналт маш чухал гэдгийг ч төрийн тэргүүн анхааруулаад байгаа юм. Энэхүү чухал зөвлөмжийг УИХ, Засгийн газрын удирдлага хэр зэрэг биелүүлэх юм бол доо. Яамаа цөөлж, УИХ-ын гишүүдийг сайд болгож болохгүй гэхэээр нь тэгвээс тэгэх гэсэн шиг төр засгийн аппаратыг 40-50 хувиар тэлчихдэг З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын чихэнд энэ үг нялзаж байгаа, үгүйг мэдэхгүй юм даа. Олон нийтийн хяналт, иргэний хяналтыг л лав оромдоод өнгөрөөхөө мэднэ биз.
      Бондын хүү явж л байгаа. Олон улс орон өрсөлдөн маш хурдан борлогдлоо гээд Төв банкиндаа 1.5 тэрбум ам.доллар оруулж ирснээс хойш лав л хагас сар өнгөрлөө. Бэлэн болчихсон төсөл, ажил нь эхэлж байгаа сураг чимээ даанч алга. Өнөөх бидний тархийг олон жил угааж сурсан Ч.Улаан Засгийн газрын бондын талаар байнга л телевизээр сайхан үгс урсган суух юм. МАХН-ын санхүү, мөнгөний авдрын түлхүүрийг олон жил барьж суусан Ч.Улаан, О.Чулуунбат нар өнөөдөр Ардчилсан намын санхүү, эдийн засгийн бодлогыг зангидаж бариад хэр зэрэг үнэнч зүтгэх юм бол гэсэн хар хүмүүсийн сэтгэлд байнга л уяатай. Засгийн газраас чинь гарна гэж дарамтлаад, цаадуул нь ч тэр болгонд нь буулт хийж тулгасан шаардлага болгоныг нь биелүүлээд байгаа өнөөгийн нөхцөлд энэ хэдэн хүн бондыг бүтээн байгуулалт болгох уу, бүрэлгэж алга болгох уу гэдэг сонин л байгаа юм. Элэгтэй хандвал эвлүүлж бүтээх хугацаа байна. “Энэ ч яамай” гэвэл орхиод явах зам ч бий. Харж л байя.
    Дотоодын бонд ч гэж замаа алдах нь. Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих 200 тэрбум, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл мөнгөний 300 тэрбум, сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбумын бонд гээд цуврах бололтой. Арьс ширний үйлдвэрүүдийн ард ихэвчлэн сайд дарга нар байдаг, хятад голдуу ажиллагсадтай, Туул гол уруу хортой усаа асгахаар нь шаардлага тавихаар яам мэргэжлийн хяналтынхныг дарамталдаг гээд телевизээр байнга л гардаг. Тэднийг дэмжих бондоор эхэлж байгаа юм билээ. Халамжийн бонд нь ч яах вэ, сүүлд гадаад, дотоод бонд бүтэлгүйтвэл өнөөх муусайн өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ “Та нар л идчихсэн шүү дээ“ гээд бухах нэг арга хэмээн хүмүүс ярьж байна. Ер нь тэгээд Монгол маань бонд, зээл, хонжворт сугалааны орон боллоо л доо.
    Миний сэтгэл эмзэглэж байгаа гол зүйл бол бондын нэр. “Энхболд бонд” гэвэл гаднынхан төдий л авахгүй байх. “Алтанхуяг бонд” гэвэл бүр ч авахгүй. Арга ядаад л “Чингис бонд” гэсэн юм болов уу даа. Эзэн богд Чингис хааныхаа нэртэй өрийн бичиг гаргасанд харамсч байна. Богд эзэн Чингисийнхээ нэрийг барин гуйлга гуйдаг, өр тавьдгаа боливол яасан юм. Энэ хүндтэй нэр чинь өрийн бичгэн дээр байх нэр биш шүү. Орчин үеийн их өр буюу бонд гэгч босоо ороолон, биднийг хойч үетэй минь залгих нь л дээ. Болгоотугай.
 Г.ЖАМЪЯН /СГЗ/


URL:

Сэтгэгдэл бичих