М.Наранхүү, Э.Бат-Үүл хоёрын хэн нь ялах бол?
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл газрын том луйварчидтай тэмцэх зорилгоор саяхан хууль бусаар олгосон 40 газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь АН-ынхан дунд том “дайн” үүсгэв бололтой. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламентын гишүүд Б.Наранхүүгийн газрыг хамгаалах ажиллагаанд хэдийнэ татагдан орох нь тэр. Харин “Дүнжингарав” худалдааны төвийг буулгах шийдвэр гаргачихаад байгаа хотын даргын талд Ардчилсан намын гишүүдээс хэд нь жагсах юм бол. Аягүй бол намынхнаас нь улсын баатрыг хэн ч өмөөрөхгүй ганцаардуулж мэдэх нь энэ янзаар. Уг нь хотын дарга зөв, зоригтой алхам хийсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэлд газрын наймаа цэцэглэж, хүүхэд тоглож, хөгшид нарлах саравчны газаргүй болтол хашаа хатгаж, байшин барилга барьж байхад хэн Э.Бат-Үүл баатар шиг газрын панзачидтай тэмцэх шийдвэрийг эрс шийдмэг гаргаж байсан юм бэ. Г.Мөнхбаяр дарга асан хууль бус газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэрийг мэр сэр гаргаж байсныг эс тооцвол бусад нь бол таг дуугүй л өнгөрч байсан. Тэгэхээр улаанбаатарчууд хотын даргаа өмөөрч Б.Наранхүү тэргүүтэй АН-ынхантай үзэлцэхэд буруудахгүй л болов уу.
“Дүнжингарав” худалдааны төвийг буулгаж, газрыг нь улсын өмчлөлд авах болсон үндэслэл нь мэргэжлийн байгууллагуудын тогтоосноор бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд тус обьектыг барьсанд оршиж байгаа юм. Анхнаасаа энэ газарт барилга барих боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс нь хэлээд байхад Б.Наранхүү хөрөнгө мөнгөндөө эрдэн байж худалдааны төв босгосон нь өөрийнх нь л буруу. Хөрөнгөтэй мөнгөтэй хэн ч байлаа хууль дүрэмд захирагдаж ажил бизнесээ зохицуулах ёстой. Гэвч тэр бизнесийн салбарт дур зоргоороо авирлаж, хууль дүрмийг уландаа гишгэж байсан зангаа төрийн түшээ болсон хойноо ч тавихгүй нь тодорхой боллоо. Өнгөрсөн ням гаригт тэр “Дүнжингарав” худалдааны төвдөө УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан нарын гишүүдийг урьж аваачсаны зэрэгцээ сэтгүүлчдийг Хайнань амраана гэж PR хийж байгаад бизнесээ хамгаалуулах ажлыг хийдэг байгаа. Сэтгүүлчдийн хувьд ажлаа л хийж яваа хэрэг, харин тэр гишүүд юу вэ. Тэр тусмаа Ц.Оюунгэрэл гишүүн хэлж ярьснаа мартав бололтой. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явахдаа “Газрын наймаачидтай тэмцэнэ, хууль бусаар олгосон газрыг иргэдэд авч өгнө, газрыг томчууд эрх мэдэл, мөнгөөр далайлгаж зодож авч байна” гэж сурталдаж явсан атлаа одоо болохоор бүр хотын даргын эсрэг босдог байна шүү дээ. Ийм байхад Э.Бат-Үүл дарга яаж газрын наймаачидтай тэмцэх болж байна вэ. Бас болоогүй, тэрхүү “Дүнжингарав” худалдааны төвтэй танилцах арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, З.Баянсэлэнгэ нар хүртэл цохиж явах юм. З.Баянсэлэнгэ гишүүний хувьд ойлгомжтой, хотын даргын гаргасан хураагдах 40 газрын нэгд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын газар багтсан харагдана билээ. Тэгэхээр намын даргынхаа хүүгийн газрыг хамгаалахад хожим хэрэг болж мэднэ гэж тооцоолж дээрх арга хэмжээнд оролцсон байхыг үгүйсгэхгүй. Харин С.Бямбацогт гишүүн тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг АН-ынхан дунд өрнөж байгаа газрын төлөөх тулаан дотор гүйж явах? Эсвэл “Дүнжингарав” худалдааны төвд хөрөнгө оруулчихсан юм уу.
Уг нь хууль бус газрыг хурааж, улсын орлого болгох хотын даргын шийдвэрийг хууль тогтоогч гишүүдээс эхлээд хууль зөрчигчид нь дагаж, эрсдлээ үүрээд гарах л ёстой юм. Тэр тусмаа АН-ынхан ардчилсан хотын даргынхаа шийдвэрийг хүлээж авч биелүүлж, энэ Монгол Улс эзэнтэй юм шүү гэдгийг харуулах ёстой биш үү. Гэтэл “Хотын дарга аа, та дийлэх үү, би дийлэх үү, үзэх үү” гээд байгаа юм шиг л аашлах. Ийм янзтай хууль дүрэм сахиулах гэвэл энэ улс оронд хууль батлах шаардлага угаасаа байхгүй. Тэр тусмаа УИХ-ын 76 гишүүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж суухын хэрэггүй шүү дээ.
Гэхдээ нийслэлчүүдээ гутруузай, дээрх асуудалтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өөрсдийн дур зоргоор ямар ч зөвшөөрөлгүйгээр барилга барьсан газрын эзэмшлийг хүчингүй болгож, эрхийг нь цуцалсан. Хууль бус газрыг төрийн мэдэлд авах болно” гэж “Дүнжингарав” худалдааны төвтэй холбогдох газрын маргаантай асуудлаар байр сууриа хэлсэн байна билээ. Энэ бол УИХ-ын гишүүн М.Наранхүү, хотын дарга Э.Бат-Үүл хоёрын дунд нэг нь хууль сахиулах гэж, нөгөө нь бизнесээ хамгаалах дажин дөнгөж эхэлж байгааг зарласан хэрэг болов уу. Ингэхэд хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёрын хэн нь ялах бол, тэд одоо рингэн дээр гараад байна, боксын тулаанаар бол…
Л.Чулуун
http://new.mn/News/Detail?news_code=378
URL: