Ялагдсан газраасаа АН албан тушаал гуйж сонгуулийн үр дүнг гуйвуулдаг болжээ
Албан тушаалын амтанд орж улайрсан хүмүүс юу ч хийхээс буцахгүй болдог аж. АН-ынхан ялалт байгуулаагүй аймаг, дүүргүүдэд засаглалыг булаан авах, эсвэл хамтран удирдах увайгүй агаад дээрэнгүй аргыг сэджээ.
Ингэхдээ засаглалыг булаан авах зорилгоо шүүхийн хүчээр гүйцэлдүүлэх, энэ оролдлого нь бүтэлгүйтвэл аймаг, суманд өөрсдийн гарын хүнээ ажиллуулахыг санаархаж байна. Тиймдээ ч аймаг, сумын Засаг даргын орлогчоор АН- ын гишүүн хүнийг заавал томилох даалгаврыг Засгийн газраас өгчээ.
Дээр нь тамгын газрын зарим хэлтэс, албадын даргын албыг мөн л энэ намын гишүүдэд өг гэсэн лүндэн буулгадаг болж. Хэрвээ тушаалыг биелүүлэхгүй бол Засаг даргыг чинь батламжлахгүй шүү хэмээн шантаажилдаг болсон гэнэ. Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймаг, дөрвөн дүүрэг, АН 12 аймаг, таван дүүрэгт засаглах эрх авсан.
Ард түмний сонголтын үр дүнгээр тухайн аймаг, сум, дүүргийн ИТХ бүрэлдэж Засаг даргаа сонгож, ирэх дөрвөн жилд ямар багтай гар нийлж ажиллахаа шийдэх учиртай. Гэтэл АН-ын дарга нар өөрсдийн хүнээ орон нутагт шургалуулахын тулд ард түмний сонголт, хууль дүрмийг ч үл ойшоож байгаа юм.
Тухайлбал, Завханы Засаг даргыг тэр даруй батламжилсан нь мөн л дээрх тохироотой холбоотой аж. АН- ынхны хүссэн ёсоор аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, зарим хэлтсийн даргын албан тушаалыг өгчээ. Уг нь тус аймгийн ИТХ-ын 41 суудлын 28-ыг МАН авсан юм.
Үнэмлэхүй ялалт өгсөн сонгогчдын сонголтын дэргэд хэдэн хүнээ албан тушаалтай болгох гэсэн АН- ын хүсэл дэндүү өчүүхэн харагдаж байна. Ийм эрээ цээрээгүй үйлдэл аймаг гэлтгүй сумдад ч давтагдаж эхлэв. Архангай аймгийн Хашаат сумын ИТХ-д МАН олонхи юм.
Гэтэл сумын Засаг даргыг батламжлахгүй удаашруулаад байгаагийн учрыг лавлахад орлогч даргаараа АН- ын гишүүнийг томилно гэж тохиролцвол асуудлыг шийднэ гэсэн хариу сонссон байна. Удирдлагуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтын шийдлүүд орон нутгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
АН-ын энэхүү дээрэнгүй аргаар бол хоёр намаас томилогдсон удирдлагууд хоёр тийшээ харсаар дөрвөн жилийг өнгөрөөх нь дамжиггүй. МАН-ын ялалт байгуулсан Говьсүмбэр, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг батламжлахгүй өдий хүрсэн нь ердөө л дээрх шалтгаантай холбоотой юм байна.
Албан тушаал гуйсан арчаагүй үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор эрх баригчид хариу арга хэмжээг иймэрхүү байдлаар өгч буй хэрэг. Цас зуд нүүрлэж, орон нутагт өвөлжилт хүндэрч буй энэ үед ард иргэдийн амьдралаас илүүтэй албан тушаалын барьцаа эрх баригчдад тэргүүн зэргийн асуудал болжээ.
Уг нь нэг ч болов аймгийн дарга ажлаа хүлээн авч, малчдын тулгамдсан асуудлыг шийдэж байвал орон нутагт тустай сан. Энэ жил сүүлийн 30 жилийн дунджаас илүү огцом хүйтрэх төлөвтэй байгаа. Өвөлжилтийн байдал улам хүндэрвэл Ерөнхий сайдын улстөржсөн шийдвэр зуданд зутарсан малчдын амьдралыг аврахгүй.
Тиймээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, үлдсэн аймгуудын Засаг дарга нарыг нэн даруй үүрэгт ажилд нь оруулахыг орон нутгийн ард иргэд эрх баригчдаас хүсч байна. Ямар учраас олонхи болсон нам цөөнхдөө найр тавин гуйсан, шаардсан албан тушаалыг нь өгөх ёстой гэж. Ийм асуулт яах аргагүй урган гарч байна.
Хэрвээ парламентад давуу суудалтай нам орон нутгийн сонгуулийн үр дүнг ийм байдлаар эргүүлэн өөрчлөх гээд байвал сонгууль зохион байгуулах, сонгогчид санал өгөх шаардлага байна уу. Өнгөрөгч дөрвөн жилд АН дөрвөн аймагт ялалт байгуулж, Засаг даргаас эхлээд орлогч, Тамгын газрын бараг бүхий л ажилтнууд энэ намаас томилогдож байлаа.
Ер нь аль ч цаг үед тухайн орон нутгийн ард түмний сонголт хамгийн үнэ цэнэтэй байсаар ирсэн. Тийм болохоор орон нутгийн сонгогчдын өгсөн эрх мэдлээс ялагдал хүлээсэн дурын нэг нам хуваалцаж байсан түүх үгүй. Гэтэл АН ялалт байгуулаагүй аймгуудад албан тушаал авах хэнээрхлээ дарж чадахгүй явна.
Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна хэмээн хуулиас гадуур дарамт шахалт үзүүлж буй эрх баригчдын аманд ардчилал, шударга сонгууль гэсэн үг яаж багтаж чадаж байна аа. Ийнхүү зарим аймагт засаглалыг хувааж авах хүслээ гүйцэлдүүлж чадахгүй болмогц засаглалыг булаан авах зорилгоо шүүхийн хүчээр хэрэгжүүлэхээр чармайж байна.
Дундговь аймагт цөөнх болсон энэ нам МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зарим хүнийг шүүхэд өгсний улмаас өнөө хүртэл тус аймгийн ИТХ хуралдаж чадаагүй байгаа юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ анхны хуралдаанаараа Засаг даргаа томилсон байтал нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл батламжлахгүй гэдийсээр байна.
Харин энэ хугацаанд тус дүүргийн АН-ынхан МАН- ын нэр дэвшигчдийг хуулийн байгууллагаар айлган дарамталж, шүүхэд өгсөн хэмээн сүрдүүлэх болжээ. Үүний сацуу Багануур дүүрэгт МАН ялсан боловч АН-ын гишүүдийн оролцоотой ИТХ-ын хууль бус хуралдаанаас санал болгосон Засаг даргыг хотын дарга батламжлав. Дэндүү даварч байгаагийн жишээ энэ биш гэж үү. Ард түмний сонголт эрх баригчдын өмнө ийм л хүчгүй, үнэ цэнэгүй зүйл болон хувирчээ.
Ялалт байгуулсан аймгийг удирдах эрхээ хэн нэгэнтэй хуваалцдаг, сонгогчдын олонхийн итгэлээр ирсэн саналаа шүүхийн шийдвэрээр эрх мэдэлтнүүдэд булаалгадаг ийм улсад сонгууль явуулж төсвийн хөрөнгө зарлагадах шаардлага алга. Эрх баригчдын таалсан хүн л ялахгүй бол сонгогчдын саналыг нулимдаг, хүчээр дээрэмддэг АН- ын удирдлагуудаас болж Монгол Улсад ардчилал амь тавьж байна.
Н.ЦЭЦЭРЛЭГ
URL: