Хувь заяаны эргүүлэг (өгүүллэг)

Л. Эрдэнэмөнх (Женев хот)

Загасанд дуртай бидний хэдэн нөхөд хоёр зуун ердүгээр точка дээр галт тэрэгнээс буулаа. Борц шиг хорчийсон гурван оюутан хөвгүүн, ээлжийн амралтаа авсан хоёр цүдгэр “ах”… Пүүжээ ах л биднийг замчилж энд ирсэн юм. Өөрөө төмөр замд ажилладаг болохоор хаана юу байдаг, хэн хаана амьдардагыг андахгүй. Пүүжээ ахын ажил нэг ёсондоо “бадарчин”-гаас дутахгүй. Бадарчин гуай бадар барихаар хавчиг үүргээ үүрч, хоёр мод тулж явдаг бол Пүүжээ ах нэг хүнтэй хамт төмөр замын ган төмрийн гэмтлийг “оношилдог” дөрвөн дугуйтай дөрвөлжин багажаа түрэн нэг точкаас нөгөө точка, нэг өртөөнөөс нөгөө өртөө хоёрын хооронд амьдралаа элээж яваа нэгэн аж.

Гарал түүхээ яривал Улаан-Үдийн буриад гаралтай. Эхнэр нь буриад монгол гэхээсээ илүү үсээ шараар будсан оросжуу царайтай авгай байдаг сан. Гадны хүн байхгүй бол тэд гэртээ хоёр охинтойгоо оросоор голдуу ярьдаг. Авгай нь бас оросын харъяат байсан буриад хүний хүүхэд юм билээ. Монголд төмөр зам ид тавьж байхад тэд зөвлөлтийн мэргэжилтнээр ирээд яваандаа монголд суурьшиж, иргэн нь болсон гэдэг. Орос сэтгүүл ном дээрээс уншсан зүйлээ бидэнд ярьж өгдөг болохоор Пүүжээ ах бол бидэн дундаа шинжлэх ухааны академиас сар бүр гаргадаг товхимолоос нэг их өөрцгүй.

Төмөр замынхныг Пүүжээ ах андахгүй гэж би түрүүн хэлсэн дээ. Тэр ёсоороо точкын бригадын дарга өвгөнтэй ярилцаж, төмөр замчид амьдардаг хоёр байшингийн хүнгүй нэгэн өрөөнд биднийг орууллаа. Амарч яваа улсуудын гол зорилго байгалийн сайханд эрүүл агаарт хэд хонохдоо нэгдүгээрт загас барих, хоёрдугаарт жаахан жимс түүгээд буцчих санаатай ирдэг. Пүүжээ ах шинэ хүмүүс ирэхээр сонирхож орж ирдэг хөдөөгийнхний заншлыг сайн мэддэг бөгөөд бригадын дарга өвгөн, замчин дөрвөн залуу, хоёр хүүхнийг чихэр боовоор дайлж, дунд нь ганц лонх юм задаллаа.

Бригадын дарга Чүлтэм хэмээх өвгөн ээжтэйгээ хамт амьдардаг гэнэ. Хоёр хүүхэд нь хотод сургуульд сурдаг ч хотод байртай тул наашаа ирэх гэж нэг их яардаггүй ажээ. Чүлтэм гуай тэтгэвэртээ суух нас болсон ч дараагийн хүнээ хүлээгээд дөрөв таван жил болжээ. Наяад оны эхээр төмөр замд Архангай аймгаас олноор ажилчид авсан учир зургаан замчин залуучууд бүгд хөдөөнөөс ирсэн шинэ хүмүүс. Зарим нь гэр бүл, үлдсэн нь ганц бие гоонь эрчүүд. Залуу хосууд одоохондоо хүүхэд төрүүлж амжаагүй яваа гэнэ. Тийм учраас энд хүүхдийн дуу огт сонсогддоггүй.

Галт тэрэг өнгөрөхөөс өөр дуу чимээгүй хангай газрын буйдхан сууринд нам гүм оргино. Эргэн тойрон модтой уул, түүний дундуур Хараа гол төмөр замаар явах галт тэрэгтэй уралдан умар зүг урсана. Шувууд өнгө өнгөөрөө жиргэж, царцаа эрвээхэй том жижгээрээ ниснэ. Голын шугуйгаас мэлхий вааг вааг хэмээх дуу сонсогдож, голио ч юмуу могой ч юмуу үл мэдэгдэх дуу төмөр замын хажуугаар ухсан үерийн хамгаалалтын шуудуу дотроос гарна.

Энд могой ихтэй тул болгоомжтой байхыг Пүүжээ ах сануулсан тул эрээн урт юм харахаараа “могой”-той андууран дуу алдах бол бид хэдийн “хоолойны дасгал” болсон юм. Гадаа унтахад аюултай ч төмөр замчдын байшингийн хойно эгнүүлж барьсан модон сарайны дээвэр дээр унтдаг гэж дуулаад нэг шөнө гадаа унтахаар дээвэр дээр гарсан боловч шумуул хэмээх босоо ороолонгуудад “дээрэлхүүлээд” унтаж чадалгүй гудсаа чирсээр байшиндаа эгэн орж хонолоо. Шумуултай “байлдаад” дутуу нойртой байсан тул өглөө намайг сэрээлгүй нөгөө хэд маань загасчилахаар оджээ.

Арван цагийн үед сэрээд нөгөө хэдийнхээ чанаж үлдээсэн хүйтэн цайнаас балгаж, талх хиам идсэн шиг ганцаараа сууж байтал үс нь сэгсийж ширэлдсэн буурал толгойтой эмгэн гэнэт орж ирлээ. Түмэн үрчлээ болсон нүүрэнд нь очтон гэрэлтэх сүүмгэрдүү нүд яавч эрүүл хүний нүд биш болохыг олж харсан би айсандаа суудлаасаа хөдлөхгүй таг суув. Эмгэн сүү сааль, тараг ээдэмд цав цагаан болсон хормойгоороо салбарсан хир даг болсон хуучин муу дээл өмсчээ. Энгэрийн товчоо товчлоогүй тул бүс үгүй дан өмссөн дээл нь шал шүргэнэ.

Түүний нэг гарт гурвын бидонтой сүү цэлэлзэж, нөгөө гарт нь тортой зүйл харагдана. Үг хэлж чадахгүй чичрэн суух намайг эмгэн улаанаар эргэлдсэн нүдээрээ тоомжиргүй харсанаа гартаа барьсан зүйлүүдээ ширээн дээр тавиад юу ч хэлсэнгүй гарч одов. Хуучин цагийн том модон хаалга данхийн хаагдсаны дараа айсандаа сандалдаа “хадагдсан” би ухасхийн босож, хаалгаа түгжээд ширээн дээр тавьсан зүйлийг нь сонирхон үзвэл нэг шил цагаан архи, тавагтай өрөм, хэдэн том хурууд, Гүррагчааг сансарт ниссэнээс хойш дэлгүүрт байнга харагдах болсон “нислэг” гэдэг хатуу чихрүүд харагдлаа.

Гол дээр байгаа нөгөө хэдийнхээ хойноос яаран явахдаа би “солиотой” эмгэнийг аль нэг газраас гараад ирэх вий гэж хулганан хартал точкын байшингуудын ард байх уулын бэлд барьсан хашаа саравчны дундах жижиг бор гэр рүү нөгөө эмгэн нуруугаа бөхийлгөн, түнтэгнэн алхах нь үзэгдэв. Настай хүмүүс сайхь эмгэн шиг яаруу түргэн явна гэж байхгүй. Өвчтэй болохоороо л мань эмгэн хүүхэд шиг гүйн харайж, дэгдэж дэрвэж явдаг юм бол уу даа… Үхрийн овоолсон аргал хөл дор нь тааралдахад тойроод гарахгүй, тонтогнон харайгаад гарах нь эрүүл бус хүн гэдгийг давхар гэрчилнэ.

Очоод би нөгөө хэддээ эмгэний тухай ярихад хоёр оюутан маань нүд нь том болж, нөгөө нэг “ах” гайхан сонсож, харин Пүүжээ ах огт тоосон шинжгүй инээж байлаа. Инээсэнийг асуу гэдэг сэн. Юун хүн болохыг нь Пүүжээ ахаас асуутал ийн ярьж билээ.

“Энэ эмгэн бол Чүлтэм гуайн ээж гэж энэ хавийнхан ярьдаг. Төрсөн эх нь юм бол уу гэхээр биш юм шиг байгаа юм. Харин Чүлтэм гуайг сайн мэдэх хүнээс би ингэж сонсон юм. Чүлтэм гуай бол ерөөсөө тэгсэн ингэсэн гэж огт ярихгүй хүн шүү дээ… Чүлтэм гуай ч зовлон үзсэн хүн шүү дээ. Нэг сайхан хүүгээ хэдэн жилийн өмнө цэрэгт алдчихсан юм. Намрын тариа хураалтанд явж байсан дүүрэн цэрэг ачсан Зил-130 машин толийсон тэгш талд гэнэт онхолдож, элгээрээ дээш харан унасан гэдэг. Тал тал тийшээ будаа шиг цацагдсан цэргүүд гэмтэж шархадсан нь олон ч гучин цэрэг эрээс ганцхан залуу газар дээрээ нам “өнгөрсөн” нь Чүлтэм гуайн том хүү байсан юм.

Чүлтэм гуай нулимс дуслуулан “Гучин хүнээс нэг л хүн амь үрэгдсэн. Тэр нь ганцхан миний хүү байсан юм” гэж нэг удаа ярьж суугаад уйлж билээ. Барагтай бол хүнд зовлонгоо ярьдаггүй хүнд тэр хүү нь амь нь байсан бололтой. Эхнэр нь гэнэт бурхан болоод удаагүй байхад хүү нь өнгөрсөн болохоор Чүлтэм гуайд ямар хэцүү байсаныг олон хүн ярьж байсан юм. Тэр хүү нь Чүлтэм гуайн урдахь эхнэрийнх нь хүүхэд юм билээ. Түүндээ сайн гэж яанаа. Хүүгээ хотоос ирж явна гэвэл ажлаа орхиод гэр рүүгээ гүйгээд цай хоол болдог сон. Тэр хүү ч Чүлтэм гуайд анхны хайрынх нь амьд дурсгал байсаныг сүүлд дуулсан.

Төмөр замчны ажлыг сүүлийн гучин жил хийж байгаа болохоос Чүлтэм гуай залуудаа Шувуун фабрикт шувуучин байсан гэдэг. Хамт ажилладаг залуу охин нь Чүлтэмийг эр тахиа эм тахиаг “гишгиж” байгааг сүрэл дээр суучихсан тухтай харж суухад тааралдаад,

-Том хүний кино үзэх насанд хүрсэн нь үү чи. Наад хоёр нүд чинь бүлтрээд ойчлоо. Санаа байвал өөрөө амьдрал дээр хийж үзүүлээч. Сачий чинь хүрэхгүй дээ чиний гэж тас хөхрөн доогложээ. Ичиж улайхыг мэддэггүй энэ “галзуу” охинтой хамт ажиллаад Чүлтэм нэг жил болж байгаа боловч түүний “пулемёт” шиг амнаас айгаад тэр болгон дотносож чаддаггүй байв.

Нэгэнт эвгүй “байдалд” гардуулсан болохоор Чүлтэм нүүр хагарч, яван явсаар тэр охинтой дасаж, “том хүний кино” хамттай үздэг болжээ. Тэр хоёр боодолтой сүрэл дээр суугаад хамт хоолоо иднэ. Эхлээд нөгөө охин Чүлтэмийн хоолыг гуанзнаас авчирч өгдөг байсанаа бие “шалтгаан”-тай болсоноос хойш Чүлтэм түүний хоолыг авчирч өгдөг болсон юм. Өдрөөс өдөрт томрох түүний гэдсийг Чүлтэм чихээ тавин чагнахад Нараа их л дуртай түүний чихэнд гэдсээ түлхэж,

-Ангаахай юу гэж байна? Жийв жийв гэж байна уу? гэж инээд алдана.

-Манай ээж их аманцар гэж байна.

-Чамайг юу гэж байна?

-Томоотой азарган тахиа гэж байна.

-Томоотойгоо алд даа. Тогоо шиг гэдэстэй болгочихоод…

Ухаан алдан дурласан Чүлтэм таван жил харвасан сум шиг нисэн өнгөрсөнийг үл анзаарчээ. Охин нь таван нас хүрч үйлдвэрт нь нярав хийдэг хадам ээжтэй нь хөтөлцөн ажил дээр нь ирнэ. Торон тавиуруудаар дүүрэн өрвийсөн шар үстэй дэгдээхэйнүүдийг харж баярлан зөөлөн булцгар гараараа илэх гэж оролдонгоо ” Тахиа шувуу ашигтай даа. Тахианы дэгдээхэй хөөрхөн дөө” гэж хүүхдийн өхөөрдөм хоолойгоор дуулна.

Чүлтэмд дэгдээхэй биш охин нь тун эгдүүтэй хөөрхөн санагдана. Өөрөө дэгдээхэй шиг юм байж дэгдээхэй өхөөрдөөд… гэж дотроо улам хайр хүрнэ. Эхнэртээ ч Чүлтэм хосгүй хайртай байлаа. Энэ дэлхийд хайрлан дурласан анхны минь бүсгүй, энэ хорвоог хамтдаа туулах үүрдийн хань минь гэж итгэдэг байсан. Эхнэр нь оройгоор сургуульд явж, овсгоотой сэргэлэн тул удалгүй мэргэжилтнүүдийн орчуулагч хийх боллоо. Мэргэлжилтнүүд гэдэг нь унгарчууд. Оросуудыг дууриагаад монголчууд венгер гэж ярина.

Гэр орноосоо хол олон сар жилээр хүний нутагт амьдарч байсан венгерчүүд монгол охид хүүхнүүдээр ёстой “тоглох” шиг болдог байсан билээ. Хотоос хүүхнүүд өөрсдөө ирж, венгерчүүдийн байраар хонон өнжин ирж буцна. Зарим нэг нь жирэмсэн болж, дэгдээхэй шиг шар толгойтой хүүхэд төрүүлнэ. Венгерчүүд монгол хүүхнүүдийг оймсоо сольж байгаа мэт эдэлж хэрэглэнэ. Зарим нэг бүсгүйчүүлд өрөөсөн нийлэг оймс өгөөд дараа ирэхэд нь нөгөө өрөөсөнийг өгдөг гэдэг яриа ч гарч байлаа. Цагаан бохь, гаатай чихэрний “үнэтэй” явалддаг хүүхнүүд ч байсан гэдэг.

Венгерчүүдтэй ойр дотно ажилладаг эхнэрийнх нь тухай янз бүрийн яриа гарахад Чүлтэм эхэндээ тоодоггүй байсан юм. Хамт ажилладаг хүмүүс эхнэр чинь Альфредтэй явалдаад байна. Өчигдөр орой Туулын бургаснаас Эдвардтай гарч явсан гэнэ гэж улиг болтол яриад унатал тэр огт юм боддоггүй байжээ. Нэг удаа ажлаасаа ирэхгүй оройтохоор нь мэргэжилтнүүдийн байранд давхиж очвол эхнэр нь Эдвард хэмээх буржгар шар үстэй венгерийн өрөөнд халаад нөмөрсөн нүцгэн байхад нь олж авчээ. Эхнэрийнх нь амнаас гадаад архины эхүүн үнэр үнэртэж, Чүлтэмд сугадуулан чирэгдэн явах Нараа “Намайг чи энд орхи. Одоо би чамд хайргүй болсон” гэж согтуурхан агсагнахад ч Чүлтэм биеэ барьсаар гэртээ очжээ.

Араас нь хичнээн хөөцөлдөөд ч Нарааг буцааж “байр”-анд нь оруулахад маш хүнд байлаа. Чүлтэм сүүлдээ ажилдаа явахаасаа ч ичдэг болов. Эхнэрийнх тухай хүн бүр дээр доргүй ярьцгаана. Хүний нүүр харж чадахгүй гөлөг шиг гөл гөл гээд ажилдаа явахчээ болно… Тэгтэл хүүхэд нь өвдөв. Хадам ээж нь “Хормойны бузраас болж байгаа юм. Энэ галзуу хүүхнээс болж хүүхэд өвдлөө” гэж бахирна. Охиных нь өвчин маш хүнд байсан тул шинэ жилийн өмнөх үдэш охин нь хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өөд болов. Тэр шөнө уй гашуудаа галзуурах шахсан Чүлтэм хадам ээжтэйгээ Нараатай уулзахаар Эдвардынд очиход дуулж бүжиглэсэн бөөн хүмүүс угтжээ.

Охиноо өөд болсоныг дуулгахад Нараа тэгтэл хүндээр хүлээж аваагүй ч худал жүжиглэж, мэлхийн нулимс унагажээ. Эдвард амандаа олон юм ярьж хашгичаад байхаар нь Чүлтэм энэ юу гээд байна? гэж асуухад Нараа “Хамаг баярын настр унагаачихлаа. Намайг чамтай хамт зайл” гэж байна гээд муухай орилон Эдвардын нүүрийг маажив… Хүмүүс орилон хашгичиж, шилэн хундага, аяга шаазан тасхийн, толгой эргэмээр дуу шуугиантай байсан тул Чүлтэм хадам ээжийгээ хөтлөн тэднийхээс шалавхан гарч явжээ…Үрээ алдсан Чүлтэм үг ч гарахгүй явахад эргэн тойрон баяр хөөр, оргилуун дарс буудах чимээ…

Гэтэл нэг өдөр Нараа чемодантай хувцсаа бариад усан нүдэлсээр орж ирлээ. Яав гэвэл нөгөө толгойгий нь эргүүлсэн Эдвард нутаг буцжээ… Урьдын адил Чүлтэм Нараа хоёрын амьдрал хуучин хэвэндээ орж удалгүй хүүтэй болжээ. Хэдийгээр Эдвард нутаг буцсан ч Нараагийн “галзуу” зан арилж, уйлж унжсан байртай нүд нь хөхөрсөн, санаа алдаж гиюүрсэн нэг л гунигтай амьтан байх болов. Өөрөөсөө урвасан түүнийг Чүлтэм уучилж, урьдын адил хайрлан халамжилж байвч Нараа шиг уй гашууд автсан хүн Шувуун фабрик байтугай Ажилчны дүүрэгт ховор байлаа…

Хүүгээ яслиас аваад Чүлтэмийг гэртээ ирэхэд үс гэзэг нь сэгсийж, цус гартал нүүр амаа савардуулж маажуулсан хадам ээж нь нус нулмс болчихсон гэртээ ганцаараа сууж байв. Чүлтэмийн сэтгэл нэгэнтээ халиран цалгих мэт болсоноо сэтгэлийн давалгаа нь дараагийн далайн усны түрэлтийг хүлээх мэт түр намжих зуур,

-Нараа хайчсан бэ? гэж гараас нь зуурсан хүүгээ цочин айж уйлтал сүртэй асуулаа. Хадам эх нь айн ширвээтсэн харцаар хүргэнээ хулганан харж,

-Тэнд… ширээн дээр… гэж үгээ салган дөрвөлжлөн эвхсэн захидлыг заав.

Чүлтэмийн дотор муухайрч, амьсгал нь давчдлаа. Эхнэр нь түүнд захиа орхиод Унгар руу явжээ. Нараагийн том бичигтэй үсгүүд нүдэн дотор нь томрон жижигрэн эрээлжилнэ…

“Уучлаарай. Чүлтэм минь. Би өөрийгөө удирдаж дийлэхээ больжээ. Хэд хоногийн өмнө Эдвард урилга явуулсан. Би хөөцөлдөж байгаад визээ авчихлаа. Өнөөдөр арван цагт Москвагийн онгоцоор Будапешт нислээ. Хүүгээ сайн харж асарч яваарай. Муу ээжид минь хэцүү байгаа… Боломжтой бол ээжийг минь харж хандаж яваарай… Үүрд баяртай. Нараа.”

Чүлтэмд хэлэх үг олдсонгүй. Явуулахгүй гэхэд нь ээжтэйгээ ноцолдож, хамаг нүүр амыг нь маажаад явсан Нараатай юугаа ярих билээ. Гэвч Нарааг гэх Чүлтэмийн аугаа хайр унтарч мөхөөгүй аж. Хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэж дотроо өөрийгөө хуурсаар үлджээ… Төмөр замд шинэ ажилчид авч байсан тул Шувуун фабрикт амьтны амны зугаа болж, багтах шингэх газаргүй болсон Чүлтэм их зориг гаргаж, төмөр замд ажилд оров. Хонхор өртөөнд нэг хоёр жил ажиллаад ахлах замчнаар хоёр зуун ердүгээр точка руу хувиарлагдлаа.

Гурван жил ажилласаныхаа дараа хадам ээжийгээ хүүтэйгээ хамт өөр дээрээ татаж авчрав. Эрүүл агаарт, байгалийн сайханд хүү боргошин өсөж арван нас хүрлээ. Ахлах замчныд суух болсон сургууль төгсч ирсэн намхан нуруутай, алаг нүдтэй, салаа гэзэгтэй охин хадам ээжид нь туслан, хоол унд гэр орных нь ажилд нэмэр болсоор нэг мэдэхэд Чүлтэмд дасаж орхив. Чүлтэм ч түүнд дорхиноо дасав. Тэдний энэ нандин харьцааг хэдийн олж харсан хадам ээж нь Чүлтэмд “Хүү минь чи энэ боломжийг алдаж болохгүй. Энэ охинтой суу. Нас залуу, цус шингэн, ажилтай төрөлтэй, ааш ааль зөөлөн бүсгүй дахиж чамд олдохгүй” гэж байн байн хэлэх тул Чүлтэм Туултай албан ёсоор гэр бүл боллоо.

Хоёр жил дараалан охин хүү хоёртой болов. Хадам ээждээ гэр барин өгч, үнээ мал худалдаж авлаа. Уулын нугад ногоо жимс тарьж, орсон гарсан хүн амьтныг дайлсан нутаг усандаа нэр хүндтэй нэг өрх бүл нэмэгдэв. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн баян сайхан нутаг тул танилцсан хүмүүс амралтаараа ирж, тэртэй тэргүй хоосон байдаг байранд амарч буцдаг болсон билээ. Тэгж байнга ирж зочилдог хүмүүсийн нэг бол Пүүжээ ах байсан юм.

Амьдрал өөрийнхөө зурсан бүтээлийг нэг л хувь дүрсэлдэг. Чүлтэмийн амьдрал ч өөрийн гэсэн өнгө будаг, гэрэл сүүдэртэй. Чухам амьдралын хатуу төөрөг Чүлтэмийн амьдралын зургийг тун гашуун гунигтай дүрсэлсэнийг яалтай. Аз жаргалд тэмүүлэх тусам аз харина гээч. Чүлтэмд тийм л хатуу тавиланг бурхан олгожээ. Үйлийн үр гэж ярьдаг даа. Зүтгээд, хичээгээд, хийгээд, бүтээгээд, хайрлаад, өршөөгөөд, мөрөөдөөд, зориод явах тусам чи ингэж байдаг вий гэж занасан мэт зовлонгийн үр хувь тавилангийн зам дээр соёолоод салсангүй.

Дадлагын нэг замчин охин санаандгүй усанд уначихжээ. Хаврын үерлэсэн усанд хөөстэй хүрэн ус залгин “Амь авраарай” гэж бачимдан хашгирах охины дууг сонсоод Туул огтоос айлгүй гол руу харайн оржээ. Намхан нуруутай бяцхан биетэй охин Туулын сургуулиа төгсөөд ирсэн тэр л үеийг санагдуулдаг тул тэр охинд Туул их дотно байдаг байсан. Хэдхэн метрийн цаана голын харгиатай хайрга чулуу бөөгнөрсөн намхан газар байдаг тул урсаад тэнд очвол аврагдана гэж Туул сэтгэжээ. Үерийн усанд булгарсан уртаа мод хөвж явааг Туул олж харав. “Наад модноосоо зуур” гэж Туулыг хэлж дуусаагүй байтал голын ёроолыг идсэн гүн цүнхээлд эргэлдэн цовхчсон хүнд мод үндсээрээ Туулын толгойг данхийтэл цохилоо…

Мөнөөхөн усанд унасан хөнгөн биетэй охин модны үзүүрээс зуурсан чигээрээ харгиан дээр ирж замчид түүнийг аварсан юм. Харин… Туул амь үрэгджээ. Туулын цогцсыг хотоос ирсэн авран хамгаалах ангийн цэргүүд уснаас олсон тэр өдөр Чүлтэм хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж байлаа. Туултай өнгөрөөсөн хорин жилийн амьдрал нь түүний нүдэнд үерийн улаан хоормог ус болж харагджээ… Гэвч…

Гэвч үхсэний хойноос үхдэггүй болохоор Чүлтэм тэр зовлонг тэсч гарсан. Тэсэхгүй байхын аргагүй амьдрал ард байсаны учир, хайрлахгүй байхын аргагүй гурван үр нь бүлтэлзэн байсаны учир, элж дуусахгүй түүний он жилүүд эргээ идсэн үерийн уснаас их байсаны учир тэр зовлонгийн үерийг туулж гарсан. Хорвоо гэдэг чинь хоёр баганы нэгийг урсгаад авч явсан ч үлдсэн нэгэнд нь дандаа өгөөмөр загнадаггүй. Тэр л учралаар хорин хоёртой хүүгийнх нь амийг бас нэхэж авсан билээ.

Нараагаас үлдсэн хайрын “амь” тасрах тэрхэн эгшинд Чүлтэм ч биш энэ хорвоод өөрийн лай ланчгийг туулж яваа нэгэн эх бас хэлмэгдсэн. Тэр бол Нараагийн ээж, Чүлтэмийн хадам ээж. Заяа нь хаясан, задгай амтай, завхарсан явдалтай охиноосоо болж энэ эх хорвоогийн мухарт өөрийгөө цөлж, учрах ёсгүй зовлонтой учирч, уулзах ёсгүй амьдралтайгаа эвлэрч, нуруу нь бөгтийсөн ч тэнийлгэж, нулимсаа хаттал шаналсан эх. Төрөх үхэхийн хооронд будилж төөрсөн амьдрал дунд бууриа сэлгэж, бусдын хоолыг хороож, өртэй юм шиг, өстэй юм шиг өрөөл бусдын амьдралаар амьдарч яваа буурай.

Зээ хүүгийнхээ зургийн өмнө зул асаах тэр гашуудалт өдөр хөөрхий хөгшин муухай орилон ухаан алдан унасанаас хойш сэтгэлийн там нь сэдэрч, солиорсон билээ. Хот суурины эмнэлэг бараадаж, эмч домчоор бишгүй явсан ч хөгшний өвчнийг эдгээж дийлээгүй юм. Үйлтэй хадам ээж, үйлтэй хүргэн хүү хоёр эмнэлгээс гараад ахиад амьдрах гэж холын хөх уулсыг зорин галт тэргэнд суужээ. Зовлонд “зодуулсан” эмгэн тэгэхээс тэгэх гэсэн мэт зовлого нь хөнгөрч, үнээ тугалаа хариулан, сүү саалиа нэг юм хүний гар харахгүй борлуулна.

Хааяа эмгэний зовхи нь унжиж, зовлон хурсан нүд нь догширч, бух шиг улаанаараа эргэлдэх нь аймшигтай. Үс гэзгээ ч арчлахгүй, хувцас хунараа ч тордохгүй хайш яйш өмссөн нь өөрийгөө зөнд нь хаясаны илэрхийлэл гэлтэй. Хүргэн хүү нь хааяа ус цасанд оруулж, дээл хувцсыг нь сольж өгөхөөс биш эдгэшгүй өвчинд баригдаж, ухаан санаа нь самуурсан түүнтэй хэн ч харьцахгүй, хэн ч хүн гэж харахгүй. Зөвхөн хүргэн Чүлтэм түүнийг өөрийн хүүхэд шиг бөөцийлж асарна.

Точкын ажилчид бүгд эмгэнийг мэдэх тул түүнтэй энгийн харьцана. Зарим залуус эрхлүүлээд байгаа юмуу элдэвлээд байгаа юмуу дэргэдээ ирэхэд “Жов” гэж нохой шиг дуугарахад Чүлтэм гүйж очоод сүрхий загнасанаас хойш эмгэнээр оролдох нэгэн бээр ч үгүй болжээ. Бригадын дарга их “эрх мэдэлтэй”. Санаанд нь таарахгүй бол дээш нь “матаас” бичээд ажлаас хөөх чадалтай. Гэвч Чүлтэм хэзээ ч тэгж эрх нь байсаар байтал өөрсдөө сайн дураар явахаас нааш хэнийг ч тэгж муугий нь үзээгүй гэдэг.

Цагаан сар болно гэж эмгэн мэдэхгүй атлаа Чүлтэмийг идээ таваг засаад ирэхээр гэнэт ойлгосон мэт авдарнаасаа шинэ дээлээ гаргаж өмсөн, хоншоор нь цайсан гутлаа тосолж өгөхийг Чүлтэмээс гуйна. Тэгээд ахмад хүний хувьд Чүлтэм хадам ээжийнхээ дэргэд сууж, хэдэн замчид нь золгохоор орж ирнэ. Эмгэн хүнд “бэлэг” өгөх дуртай. Ойр хавийн нутгийн малчид, ойчид, модчингууд бүгд тэднийхээр золгохоор ирэхэд Чүлтэмийн өгсөн бэлэгнүүдийг хүн бүрт тарааж өгөх хөл дээрээ өндөлзөнө.

Чүлтэмийг ажлаар хот руу нэг хоёр хоног яваад ирэхэд эмгэн галт тэрэгний дуугаар гэрийнхээ үүдийг онголзуулан харж, Чүлтэмийг харуулдана. Чүлтэмгүй бол эмгэн байж суух газраа олж ядна. Ямар ч хувь тавилангаар холбогдсон эх үрс гэж ийм гэж байдаг юм бэ гэмээр халуун агаар тэднийг тойрон эргэлддэг. Чүлтэмийн эх эцэг түүнийг багад нь зуурдаар цуван өнгөрсөн болохоор Чүлтэм ухаан самуун хөгшнийг төрсөн эх эцгээсээ дутуугүй өөртөө наалдуулж бодно.

Эмгэн ч Чүлтэмийн гарын хүүхэд шиг Чүлтэмийг харахаараа ухаангүй баясч дэгдэн гүйж очно. Хүүхдэд өгч байгаа юм шиг суудлын галт тэрэгнээс авсан чихрээ Чүлтэм ирэх тоолонд нь нэг нэгээр өгнө. Эмгэн өгсөн чихрийг задалж, хүн булаах гэсэн мэт тэр дор нь ам руугаа хийсэнээ хөлд нь хий орсон мэт дэвхцэн цовхрох нь тэрээр хүний хайраас ангид байгаагүй мэт… Зайлуул, үхэр чихрийн амт мэддэг бил үү дээ… Хөөрөн дэгдээд хөх тэнгэрт одох мэт навсайсан дээлээ салбалзуулаад магнайгаа хагартал баярлана.

Хотоос хүмүүс ирэхийг эмгэн мэдэрдэг юм шиг байгаа юм. Эхлээд холоос хараад ойртож чадахгүй тойрч дөлж явсанаа гэртээ байгаа чихэр чавга, ааруул, боов ч юмуу Чүлтэмийн байшинд ороод хүнд өгчих аятайхан харагдах архи дарс байсан ч авч гараад ирсэн хүмүүст аваачаад өгчихдөг ажээ. Нэг удаа Чүлтэм цайгаа чанах гээд цайгаа олдоггүй. Тэгтэл хадам ээж нь засварын ажлаар ирсэн хүмүүст дөнгөж булангий нь эмтэлсэн орос дугуй булантыг аваачаад өгчихсөн байжээ.

Энэ удаа эмгэн чамд аваачиж өгдөг юмнууд чинь ийм л учиртай. Магадгүй Чүлтэм гуайн талийгаач эхнэрийн, талийгаач хүүгийн хөрөгний өмнө байсан юмыг эмгэн авч өгсөнөөс гарцаагүй” гэж Пүүжээ ах яриагаа дуусгав. Би бүр Пүүжээ ахын аманд “орчихсон” сууж байлаа. Тэгээд тэссэнгүй,

-Чүлтэм гуай анхны авгайтайгаа дахиж уулзсан бол уу? гэж асуулаа. Пүүжээ ах загасны уургаа янзлах завсар,

-Уулзаагүй гэнэ лээ. Олон жилийн өмнө ээжийгээ урихад нь ээж нь хүргэнээ хаяад явахгүй гээд очоогүй гэж ярьдаг. Дараа нь Эдвардаасаа салаад Кенийн нэг африк оюутантай суугаад Африк явсанаас хойш сураг тасарсан гэсэн. Чүлтэм гуай ч мундаг хүн чанартай хүн дээ… гэж Чүлтэм гуайг магтав.

Бид хэд голын эрэг дээр тулгын гурван чулуун дээр хавчиг тогоогоо тавьж, бадарчин шиг хээрийн цайгаа чаналаа. Пүүжээ ах хоёр оюутны нэгийг очоод эмгэний өгсөн сүүг аваад ир гэж явуулав. Хээрийн амт үнэртсэн сүүтэй цайнаас би огт уусангүй. Хүмүүс яагаад уухгүй байна гэхээр сая би цайгаа уугаад ирсэн гэж хэллээ. Үнэндээ бол эмгэний саасан сүү, эмгэний гараараа барьсан бидон сав гэдгийг мэдээд сэжиглээд уугаагүй сэн. Галзуу хүний өвчин халдана гэж айсан уу, эсвэл хир даг болсон хувцас хунараас нь сэжиглэсэн үү, бүү мэд…

Орой ажлаасаа ирсэн Чүлтэм гуай эмгэний “бэлэглэсэн” зүйлийг хайсаар орж ирлээ. Чүлтэм гуай бол зовлон үзсэн хүн гэхэд зовхи нь бөлцийсөнөөс өөр өтөлж хөгширсөн шинжгүй хүн байх юм. Жаахан шаравтар хүн болохоор царайны өнгө нь тогтуун намбайсан хүн аж. Духан дээрхи ганц хоёр үрчлээг эс тооцвол дөчин тав хүрсэн Пүүжээ ахаас дутах юм алга. Өдөржин нааш цааш явж зам засдаг хүн гэхэд туранхай ч биш юм. Тэрүүхэн тэндээ гэдэс нь бяцхан цүндийсэн, хацар эрүү нь бол булцгардуу хүн. Бид түүнд хэдэн загас өгөхөд баярлан талархал илэрхийлж,

-Орой хөгшинд загас шарж өгье. Загасны маханд аягүй дуртай юм… Манай хүү байхадаа загасаар таслахгүй. Би ус цаснаас айгаад битгий гол руу явж бай гэхэд ажилд явсан хойгуур уурга дэгээгээ бариад загасанд явна шүү дээ… Бодоод байхад энд төрж өсөж, энэ голын усыг ууж, умбаж шумбаж өссөн л дөө. Хаана их загас байдаг, хаанаа гүнзгий вэ гэдгийг точно мэднэ. Гэвч ус гэдэг басах юм биш. Ямар сайндаа би хотоос битгий гар гээд сууж байх вэ… гэсэнээ ширээн дээрхи зүйлийг харж,

-Ээж сэтгэцийн жаахан юмтай. Одоо дээрээс нь зөнөх гээд байдаг болж. Бурхны өмнө тавьсан юм байлгахаа байлаа гэж өгүүлэхэд би дагзаа маажаад,

-Чүлтэм гуай, эмээгийн нас сүүдэр одоо хэд хүрч байна даа? гэж хэрэгт дурлав.

-Наян тав зургаа хүрч байгаа байх шүү. Би энэ хөгшинтэй дөчин таван жил хамт амьдарч байна даа гэж хэлээд Чүлтэм гуай уртаар санаа алдлаа. Пүүжээ ах хаанаас ч юм нэг шил “Русская водка” гаргаж ирлээ.

Чингээд орос архи харж олзуурхсан Чүлтэм гуайг суухыг уриад,

-Чүлтэм гуай энийг танд зориулж гаргасан юм шүү гэхэд Чүлтэм гуай инээмсэглэн,

-Орой орж ирэх болгонд та нар надад зориулж нэг юм гаргах юм. Болно доо. Харин та нарыг явахад сүү, тараг өгч явуулъя. Хотод байгаа хоёр хүүхэддээ ч хоол уншны юм өгч явуулах байх. Би утсаар яриад хүүхдүүд вокзал дээр тосоод авна даа гээд уруулаа шилэмдэв. Утсаар ярина гэсэнийг өлгөн авсан би ихэд баярлаж,

-Чүлтэм гуай, танай утсаар хот руу ярьж болох уу? гэлээ. Чүлтэм гуай дуртай нь аргагүй толгой дохиж,

-Тэг дээ хүү минь, Төмөр замын утас болохоор хот руу залгахдаа хотод байгаа манай диспетчерээр дамжуулж залгуулдаг юм гэж хэлэв. Намайг даган хоёр оюутан хот руу ярихаар хамт гарав.

Тэнгэрт одод түгж дэргэдэх модтой уулын оройгоор шинийн саран мэлтийнэ. Төмөр замын точкын гэрэлд Чүлтэм гуайн байшингийн үүдэн дээр нуруугаа бөгтийлгөн нэгэн хүн хог шүүрдэж зогсоно. Ойртон очвол нөгөө “галзуу” эмгэн байх бөгөөд биднийг хармагц харанхуйд орон уулын энгэрт байх гэрийн зүг гүйж одов. “Ухаанаа ч бүр алдсан хүн биш бололтой. Чүлтэм гуайн үүдийг шүүрдээд хөөрхий хөгшин амьхандаа хүргэндээ тусалж байгаа юм байна даа” гэж би тэр зуур бодов… Голын эргээс мэлхийн дуу сонсогдож, голын ус шуугин урсах нь сонсогдоно. Шуугин урсах голын урсгал шиг хүний амьдрал урсана.

 

2012 он. Женев хот.


URL:

Сэтгэгдэл бичих