Цөмийн энергитэй “найзлах” цөөхөн монголчуудад хэрэгтэй юу?

Манай улс уранаа  ол­борлож цөмийн энергитэй “найзлах”, улмаар  хаягдал булшлах гэрээ байгуулах  нь гэсэн мэдээлэл эрт­нээс дуулдсан билээ. Төрийн өндөр албан тушаал ха­шиж буй нэр бүхий эрх­мүүд энэ чиглэлээр албан айлчлал,  хувийн зугаалга, ажил хэргийн нууц уулзалт зохион байгуулж явсан тухай  ч чих дэлсдэг. С.Баяр эхлүүлж, Сү.Бат­болд үргэлжүүлж асан ура­наа ашиглаж атомын ца­хилгаан станцтай болох, улмаар  шар нунтаг үйлд­вэрлэж гадаадын улс ор­нууд руу гаргаад хаягдлыг нь буцаан авч булшлах  ил далд яриа, хэлэлцээр тэд­ний толгойлж байсан  Стандарт бус Засгийн газ­раар дуусгавар болсонгүй. Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бодлого, мөрийн хөтөлбөрт  ороод ирсэн нь анхаарал татах боллоо. Өөрөөр хэлбэл, нэгэнт Засгийн газрын   хөтөлбөрт  баттай орсон юм чинь цаашид хүссэн хүсээгүй манай улсын  баримтлах  бодлого болж таарах гээд байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Цөмийн энергийн газарт ч удирдамж, чиглэл өгөгд­чих­сөн байгаа юм.

Тухайлбал,  тус газрын удирдлагууд  саяхан  цөмийн эсрэг  төрийн бус байгуул­ла­гуу­дын төлөөлөлтэй уул­зах­даа ярьснаас харж болно.  Уулзалтад Мон­голын байгаль орчны иргэний зөвлөл, тус зөв­лөлийн дэргэдэх цөмийн ажлын хэсэг болон энэ чиглэлээр ажилладаг ТББ-ын удирд­лагууд оролцсон гэд­гийг онцолъё. Цөмийн эсрэг ТББ-ынхан  уулзал­тын  үеэр  шар нунтаг үйлдвэрлэх,  атомын ца­хил­гаан станц барих, хаяг­дал булшлахыг эсэргүү­цэхээ мэдэгдсэн.   Хариуд нь  Цөмийн энергийн газ­рын удирдлагууд  Засгийн газраас өгч буй чиглэл, шар нунтагийн  асуудлыг зохицуулах ажлыг хийхээс аргагүй гэдгээ тайлбарласан байна лээ.  Хоёр тал  ярилцсаны эцэст  байгаль орчныг цөмийн хөнөөлөөс хамгаалахад хамтран ажиллах, цаашид энэ чиглэлээр санамж бичиг байгуулахад нэгдэж  болно гэж үзсэн нь нэг алхам. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн газрын удирдлагууд  Засгийн газраас өгч буй чиглэл, шар нунтагийг  асуудлыг зохицуулах ажлыг хийхээс аргагүй гэдгээ тайлбарласан нь хэвээр үлдсэн юм. Энэ л биднийг айлгаж байна. Мөн бас нэг айх шалтгаан нь өмнө нь бүрхэг явж ирсэн ураны зөвшөөрөл, хаана ямар байдлаар хэрэгжиж байгаа талаарх  нэр бүхий ги­шүүдийн асуулгад Ерөнхий сайдын өгсөн хариулт юм. С.Батболдын Засгийн газрын үед энэ талаар ганц П.Алтангэрэл асуудаг, тодорхой хариулт өгдөггүй. Эцэст нь “хонгио” Тэмүүжин   гэдэг шиг “Асуулга гишүүн” хэмээн цоллуулаад өнгөр­сөн. Харин энэ удаа  Шинэч­лэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтан­хуягийн хариулт бодитой мэдээлэл өгсний зэрэгцээ аюулын харанга дэлдлээ.

 

УРАН  ОЛБОРЛОЛТЫГ  3-4 ЖИЛИЙН ДОТОР ЭХЛҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА ГЭВ ҮҮ?

“Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэ­рэг­жилтийн талаар УИХ-ын  гишүүн М.Бат­чимэг, Р.Бурмаа, С.Одон­туяа, Л.Эрдэнэ­чимэг нар  Ерөнхий сайдад асуулга тавьсны хариуг арван­нэгдүгээр сарын сүүлчээр  чуулганы хуралдааны үеэр сонссон. Түүгээр манай улс ураны хайгуулын 94 лицензтэй гэсэн тоо сонсогдож байгаагийн 92 нь хайгуулынх бол хоёр  нь ашиглалтынх  юм байна.  Ураны лицензүүд 16 компанийн нэр дээр бай­даг ч олонхи нь гадаадын хөрөнгө оруулалттай байгаа нь анхаарал татаж байна.  Дэлхийд уран экпорт­лодог  20 улс байдаг бол  манай  улс байгалийн нөөцөө ашиглан эхний 15-д орох бүрэн боломжтой хэмээн албаныхан хэлж байгаагаас үзэхэд  манай улс хаашаа явж байгаа, мөн ямар сурталчилгаа хийж  байгаа нь ойл­гомжтой. Олон жилийн эрчимтэй буюу идэвхитэй  судалгааны  дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны 11 орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон гэнэ. Өнөөгийн байдлаар Монгол орны хэмжээнд ураны 11 ордод  75 орчим мянган тонн геологийн нөөц, баялаг бүхий  1.5 орчим сая тонн таамаг нөөцийг тогтоожээ. Түүнээс нэр бүхий  долоон  ордын 67.3 орчим мянган тонн нөөц нь  эдийн засгийн хувьд  ашигтай бөгөөд  үйлдвэрлэлийн нөөцөд тооцогджээ. Гэх­дээ тэрхүү  нөөц нь дэлхийн ураны нөөцийн нэг  орчим хувь, дэлхийн цөмийн эрчим хүчний зөвхөн нэг  жилийн хэрэг­лээг хангах боломжтой гэж үзсэн байна.

Ураны орд эзэмшиж байгаа “Кожеговь”,  “Говь гурвансайхан”, “Эмээлт Майнз” компани   2-3 жилийн дотор Гурван­булаг, Хараат, Хасагт хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уул зэрэг  ураны ордын олборлолт, боловсруулалтыг эхлэх төлөвлөгөөтэй байсан ч хойшилсон гэх   мэдээлэл дуулдаж байна. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээ, бусад асуудлаас үүдэлтэй гэнэ. Гэхдээ Дундговь, Дорноговь аймгийн нутаг Дулаан уулд олборлолт, туршилтын боловсруулалт аль хэдийнэ эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.   Мөн  ойрын 3-4 жилийн дотор Дорнод, Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уулын ордын олборлолт, боловс­руулалтын ажлыг эх­лүүлж, эдийн засгийн эр­гэлтэнд оруулахаар төлөв­лөн ажиллаж байгаа гэд­гийг албаны эх сурвал­жууд ярьж байгаа юм. Тодруулбал,  “Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэг­жүүлэх үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөр”-тэй хамт хэрэгжүүлэх төсөл, мөрийн хөтөлбөрт  энэ тухай оруулахдаа 2013 онд Дулаан –Уулын ураны ордыг түшиглэн олборлох үйлдвэр байгуулах  зорилт тавьжээ.

 

УРАНЫ  ЗАМБАРААГҮЙ ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭГЦЛЭХГҮЙГЭЭР УРАГШЛАХ ГЭНЭ

 

Ингэж хэлэх үндэс­лэл бий. Монголын говийн таван аймаг тэр дотроо нэг аймгийн бүх сумын нутаг тэр чигээрээ ураны зөвшөөрөлтэй  талбайд орчихсон байгааг  юу гэж хэлэх вэ. Тухайл­бал, Сүхбаатар аймгийн бүх сум  ураны зөвшөө­рөлд орчихжээ. Тэр дотроо төрийн тусгай хам­гаа­лалттай  Дарьгангын бүс нутаг, нутгийн олны олон зуун жилийн турш тахиж шүтэж ирсэн  тахилга шүтлэгтэй уул овоо бүгд ураны зөвшөөрөл нэрээр гадаадын компанийн мэдэлд оччихсон байх жишээтэй.  Нэг мэдэхэд л зөвшөөрөл авчихсан гээд  таних танихгүй баахан хүн  аймаг суманд нь  очиж  газраа суллаж өг гээд  суучихдаг гэнэ. Ашигт малтмалын тухай хуулиар  хилийн бүс, хилээс 15 кмийн дотор ашигт малтмалын  эрэл хайгуул хийх лиценз, зөвшөөрөл олгохыг хориглосон бай­даг.  Иргэд  хилийн хориотой бүсэд орохдоо Хилийн цэргээс зөвшөө­рөл авдаг   бол  зарим компани хилээс 15- хан км-т асар их талбайд зөв­шөөрөл авчихсан байна гэх юм.  Тэр бүү хэл сүү­лийн үед  Цөмийн энер­гийн газарт шилжсэн талбай гэсэн нэр томъёо дуулдах болов. Ураныг алт, нүүрстэй  адил дуртай нь ухаж зөөж болох уу гэдэгт хамаг учир байна.  Мэ­дээж болгоомжтой харь­цах  учиртай.  Уран газрын дор байгаа ч өчүүхэн төдий  хөндөх, хайхрамжгүй хан­дахад бидний тоо­цоо­лоогүй, тооцож ч  чада­хааргүй хор хохирол учрах нь ойлгомжтой. Энэ бүхний эцэст  нэг зүйлийг тэмдэглэхэд Францын “Арева” компани  сүү­лийн арав гаруй жил Мон­голд хайгуул, судалгааны хийсний дүнд  дээрх бүх шийдвэрүүд гарч,  цөөхөн монголчуудыг цөмийн аюулын ирмэгт  ийнхүү түлхлээ.

 

БАРУУНЫХАН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧЭЭС ТАТГАЛЗСААР БАЙНА 

Япон улс Фүкүшима­гийн ослын дараачаас  реакторуудаа унтрааж эхэлсэн. Герман улс  2030 оныг хүртэл цөмийн эрчим хүчний станцуудаа өргөжүүлэхээр төлөвлөсөн ч  иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.  Франц эрчим хүчнийхээ 80 хувийг цөмийн цахил­гаан станцуудаас гаргад­гийн хувьд бүр ч илүү эсэргүүцэлтэй тулгарч Японы нэгэн адил тат­галзах шийдвэрт хүрээд байгаа. ОХУ-д  ч мөн адил иргэдийн эсэргүүцэл газар авч буй мэдээ бий.

Харин Хятад улс хойд бүс буюу манай улсын хилийг уг­туулан бага оврын атомын цахилгаан станцуудыг барьж байгаа, түүнд нь Франц улс  ихээхэн дэмж­лэг үзүүлж буй мэдээлэл байгаа юм. Монголын онилсон энэхүү  төсөл, манай эрх баригчдын хийж буй  лобби, ураны тухай   амаа олохгүй маг­таж байгаа эрхмүүдийн байр сууриас бид хаашаа явж байгаа, цаашид юу болохыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш санагдана.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих