Цан хүүргээ татуулсаар цантсан чарга ирлээ, Э.Бат-Үүл дарга аа!
Нэн эрт цагт өвлийн өвгөн цаа бугаар чарга хөлөглөж, цан хүүргээ татуулсаар ирдэг байлаа. Эсвэл үлгэрт ийнхүү өгүүлдэг байх. Харин өвлийн өвгөнийг өдөр шөнөгүй хүлээдэг бяцхан жаал өдөр тутмын сонин гарчиглахгүй байх гэж найдаад, өвөөгөөс гуйх бэлгээ өнөөдөртөө хотын даргаас гуйхаар шийдлээ. Тэгээд надад гэлтгүй нийтийн тээврийн хэрэгслийн том жишигт нь тааруулаад биеэ “эвхдэг” олон хүний өмнөөс бэлэг царайчлах гэсэн юм.
Өнөөх од болсон нийтийн тээврийн салбар чинь мод болтол залхааж байна. Тиймээс метротой болох найман жилийн дараах хүслээ нам дараад нийслэл хотод тулгамдаад байгаа автобус горилогч иргэдийн асуудлыг өмнөө тавья. Өнгөрсөн долоо хоногт “2020 онд метрогоор зорчих нь” гэсэн агуулгатай нийтлэл шил шилээ даран хэвлэгдэж мөрөөдөлдөө умбав. Магадгүй биелж болно. Биелэх ч байх.
Гэхдээ найман жилийн дараа цантсан цонх, цан хүүргээс салах бодол алга. Царцсан зам дээр чинь хөлдсөн том оврын 900 орчим тэрэгнүүд хальтирч гулгаад гэлдэрч байна. Хүйтэнд хөрсөн иргэд хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобус, микрог хүлээж, хаана буухаа харахын тулд буудал тоолж эсвэл цантай цонхыг үнсэх шахуу үлээж буй дүр зургууд хөвөрнө.
Үнэхээр өрөвдөлтэй юм аа, XXI зуунд халаагуургүй атлаа хэнд ч хэрэггүй утасгүй интернэттэй автобус нижгээд байна хотын дарга аа. Хэрэг болгоод ашиглах гэхээр гар даараад гар утсаа ч гаргах тэнхээтэй хүн алга. Уг нь нэг буудлаас нөгөө буудлын хооронд өч дөчнөөн минут саатахдаа үнэгүй юманд нугасгүй зангаа хааяа нэг ашиглаж байвал аятай юу.
Гэтэл өнгөрсөн сард Филиппин улсын нийслэл Манила хотод болсон “Нийтийн тээвэр-2012” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалтад эрхэм дарга өөрийн биеэр оролцож, нийтийн тээврийг амжилттай хөгжүүлж байгаа хотын шагналыг гардаад ирсэн байдаг. Хот төлөвлөлт, утаа униар, цаашид ажиллах нийтийн тээврийн бодлого гээд бидний ойлгохгүй зөндөө ажил хийсэн, түүнийг нь үнэлсэн байж болно.
Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ цонхон дээр нэг нүд өнгийхөөр үлээж гаргасан “гоёмсог” бөмбөлөгнүүдтэй автобусанд суух нийслэлийн иргэдийн сэтгэл үнэхээр хөлдөж байна. Надад гэртээ харих замыг эс тооцвол автобусанд суух тодорхой чиглэл гэж байдаггүй. Тийм ч учраас би хотын автобусны үнэн төрхийг өнөөг хүртэл сайн мэдэж байна.
Өвөлдөө зорчигчдод болон жолооч, тасалбар түгээгч нарт гардаг хамгийн том асуудал нь хасах хэм болсоор олон жилийг үдлээ. Жолоочид нүд болдог хоёр талын толь нь харагдахгүй тэрэгнүүд хаа сайгүй давхилдаж байхад хөдөлгөөний аюулгүй байдал гэж дуншаад ч нэмэр байхгүй биз. Будчихсан л болохоос хуучирч элэгдсэн тэр тэрэгнүүдийн халаагуур хэзээ ч ажиллахгүй учир сохроос өөрцгүй бус уу.
Гэтэл нийтийн тээврийн салбарт хүчин зүтгэж байгаа компанийн удирдлагууд жолооч, тасалбар түгээгч нараа цэнхэр хантааз, цүнхээр жигдэр, цаг төлөвлөгөө биелүүл эс тэгвээс хэмээн шалихгүй юмаар шантааж хийж байна. Үүнийг өрсөлдөөн гэж тайлбарлана. Гэтэл нийтийн тээврийн салбарт хүн ихтэй чиглэл, маршрутаа л булаалддаггүй юм бол өөр өрсөлдөөд байх нэгээхэн ч алга.
Хүн амын нягтаршил ихсэх тусам, тэр дундаа хөдөлгөөний эрчим нь нэгдүгээр эгнээгээр хурдассан нийтийн тээврийн бодлого, үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж байна. Гэсэн ч нэн яаралтай хэрэгтэй байгаа халаагуур нь ажиллахгүй байна уу, хэсэг бүлэг хүмүүс будлиулаад байна уу нэг л болж өгдөггүй ээ. Хотын удирдлагууд автобус бүрт суугаад цантсан цонхыг нь хусаж өгөх боломж байхгүй учраас үүрэг чиглэл гээч зүйлийг үтэр түргэн өгвөл ямар вэ.
Түүнчлэн хотын захын замын нүх болгоныг нүдэлчихсэн нийтийн тээврийн харъяатай хэсэг бүлэг шулаачид байна. Тогтсон чиглэл гэж байдаггүй, тогтоосон үнэ байдаг ч дагаж мөрддөггүй тэднийг микроныхон гэдэг. Хүссэн газраасаа хүн “ачдаг” тэд бас л засаг захиргаагүй мэт аяглах болсоор удлаа. Мянга гаруй том оврын автобус явах шаардлагатай гэсэн тоо баримтыг дутуу дулимаг микро автобуснууд л нөхөж байх шив дээ.
Харин би өдөр болгон зорчиж мөнгө төлдөг чиглэлээ жишээ болгон өгүүлье. Хорооллын 28 дугаар сургуулийн буудлаас хорооллын эцэс хүртэл чухам хэдэн төгрөгөөр зорьчдог гэдгийг би үнэхээр мэдэхгүй. Өдөр бүр явдаг атлаа шүү дээ. Харин хэлбэлзэх үнэ нь 300-700 төгрөг. Энэ нь байгалийн гэрэл, мөнгө хураагчийн үзэмж хоёроос шууд хамааралтай.
Бүрэнхийтэй залгуулаад авбал унаа явах биш суухгүй яахав гэсэн сэтгэлээр далайлгаж, шулаа хийх нь 700 төгрөгийн шалтгаан. Харин тайлбарлахдаа “хаашаа ч явсан 700 байдаг. Цаанаас нь тогтоосон үнэ” гэх юм билээ. Үгсийг нь сонсоод үнэндээ инээдэм хүрдэг ч өвлийн хүйтэнд алхаад явалтай биш дээ. Харин аманд орсон үнээ хэлдэг тэдний араншинг ганцхан би хүртээд яваа юм биш шүү.
Нэг эцсээс нөгөө эцэс хүртлээ хэдэн янзаар хувирдаг тэдэнд хяналт тавих хэцүү биш баймаар. Иргэдэд үнэ тарифийн талаарх мэдээллийг хүргэж, тогтоосон заавар журмыг зөрчсөн талаарх хэн нэгний хүргэсэн ховоор шууд л нийтийг “ачих” ажлыг нь зогсоодог хатуухан хариуцлага үнэхээр үгүйлэгдэж байна.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: