Дундаж орлоготны цалингийн дийлэнх нь хоол болон хувирдаг
Иргэн Дорж тогтсон ажилтай, нэг өрөө байртай, бас бензин бага зарцуулдаг машинтай. Харин сарын цалин нь 700 мянган төгрөг. Үүнээс шимтгэл төлж, байр, бензиний хэрэглээгээ хасаад 400 мянган төгрөгтэй үлддэг. Үүгээр нэг cap амьдарна гэсэн үг. Гэхдээ «амьдарна» гэдэг үг иргэн Дорж шиг жирийн нэгэн, дундаж амьдралтай монгол хүнд яаж төсөөлөгдөх бол.
Өндөр хөгжилтэй орнуудын дундаж амьдралтай иргэд энэ үгэнд ажиллах, хооллох зэргийг оруулалгүй, аялах, зугаалах, хоббигоо хэрэгжүүлэх, нийгмийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, сайн үйлс бүтээх, бүхий л насныхаа турш ядахдаа нэг удаа дэлхийг тойрох зэрэг тэмүүлэл дүүрэн үйл явдлаар төсөөлж, хэрэгжүүлдэг аж.
Гэтэл Монголын дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд энэ үг хооллох, хувцаслах төдийгөөр хязгаарлагдаж байх юм. Бусад, тухайлбал үр хүүхдээ сургуульд сургах, байраа томруулах, эсвэл Итали руу долоо хоног аялах, алмаазан зүүлт авах зэрэг нь амьдралд тохиолдох онцгой боломж, цөөхөн тохиох аз ажээ. За тэгвэл, «амьдарч» буй монгол хүн орлогынхоо дийлэнхийг хоолондоо зарцуулж, үлдсэнээр хувцасладаг гэдгийг дараах тооцоогоор харуулъя /иргэн Доржийн жишээгээр/.
Нийтийн хоолны салбар сонгодог бус явцуу утгаар хөгжиж буй Монголд ресторан, цайны газарт хооллох нь яах аргагүй илүү зардал болдог. Учир нь өнөөдөр монголчуудын иддэг хоолны дундаж үнэ 5600 төгрөг болсон. Ганц таваг хоол идээд бие махбодод энерги хуримтлагдахгүй тул 300 төгрөгөөр аяга халуун цай авч ууснаар өдрийн хоолонд ойролцоогоор 5800 төгрөг зарцуулна. Үүнийг ажлын өдрүүдэд тооцон бодоход сард 127 мянга 600 төгрөгийг хоолонд зарцуулах нь. Зөвхөн өдрийн хоолонд.
Ингээд цалингаас үлдсэн 400 мянган төгрөгийн 127.6 мянга нь өдрийн хоол руу явж, 272.4 мянга нь үлдэв. Цаана нь өглөө, оройн хоол үлдэх бөгөөд үүнд хэдэн төгрөг зарцуулах бол. Гурил, мах, ногоо, будаа, бусад амтлагч тэргүүтнийг нийлүүлэн тооцоход /сард 20 кг мах, 15 кг гурил гэх мэт/ 144 мянга 300 төгрөг гарлаа. Ингээд сарын хоолны мөнгийг бүдүүн тоймоор гарган, нэгтгэвэл 272 мянга 100 төгрөг гэсэн дүн гарч байна. Өндөрт 9070 төгрөг гэсэн үг.
Ийнхүү иргэн Дорж сарын цалингаасаа шимтгэл, байр, унаа, хоолны мөнгө төлсөөр 127 мянга 900 төгрөгөөр хувцас авч, хааяа найзуудтайгаа гадуур гаран, эсвэл кино үзэх зэрэг бусад хэрэгцээгээ залгуулах шаардлагатай болно. Энэ амьдрал мөн үү гэдэг үг санаанд орж байна.
Харин Австрали, эсвэл Америкт сард 2300 ам.долларын цалин дундаж, түүн дотроо бага орлоготой дундаж амьдралтнуудад хамаардаг. Гэтэл эдгээр оронд нийтийн тээвэр, хоолны салбар асар өндөр хөгжсөн болохоор иргэд нь өдөрт дунджаар таван ам.доллар /7000 төгрөг/-аар хооллодог аж. Ингээд бодохоор гадаадынхан монголчуудаас илүү амьдардаг нь аргагүй л юм.
Түүнчлэн манай урд хөрш хоолыг амьдралын чухал хэрэгцээ биш, бие махбодыг тэжээгч гэдгийг сонгодог утгаар харуулж чадсан учраас тэрбум 200 сая ард түмэн өлсөхийн зовлонг үздэггүй хэрэг. Үүний оронд хийж, бүтээх хэмээх командыг тархинд нь гүн бат суулгаж өгсөн учраас жунгаанууд «Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй» гэж хаана ч бардам хэлдэг аж.
Эх сурвалж: “Завхан”
URL: