“Ланд” унадаг ч лааны гэрэлд…

Ханбогд сумын төвийнхөн лааны гэрэлд амьдрал ахуйгаа залгуулсаар байна. Лааны гэрэл гэхээр л 50, 60-аад он санаанд орно бизээ. Сонгуулиас өмнөхөн сумын удирдлага 40 хоногийн дараа 24 цагийн цахилгаантай болно гэж иргэдээ баярлуулаад авсан боловч дахиад 40 хоног өнгөрсөн ч харанхуй хэвээрээ л байна.

 

Хэн нэгэн гадны хүн шөнө сумын төв рүү ороод “Оюутолгой түшсэн юм болохоор Ханбогд сум ч сайхан байна шүү” гэж харахаар тэрүүхэн урд голын дэнж дэх кемпүүд, Оюутолгойн орон нутгийн хэлтсийн байр, 10 гаруй км-т байдаг усны кемп гээд сумын төвийн эргэн тойрон 24 цагийн гэрэлтэй цэлийж байхад ганцхан тэр л хонхорт гэрэлтэй ч юм шиг гэрэлгүй ч юм шиг харанхуй даагаад нэг л биш.

 

Харанхуй байгаагийн гол буруутан хэн ч юм бүү мэд. Янз бүрээр яриад байхаас бус асуудал шийдэгдэхгүй байсаар ёлконыхоо гацуурын гэрлийг ч асааж чадахгүй шинэ онтойгоо золгох бололтой. Сумын төвд амьдардаг хүн амын тоо сүүлийн жилүүдэд эрс өссөнөөс болж цахилгааны хүчдэл хүрэхгүй өдөрт хэд асаж хэд унтарч байснаа хүмүүсийг унтаж амрах гэж байхад арай гэж асаад 2 цаг хэр болно.

 

Заримдаа бүр хэдэн цагаар алга болно. Мотор нь засвартай, кабелын утас нь хайлсан, өвстөй машин яваад шонгийн мод унагаасан гээд эрсдэл мундахгүй. Ханбогдын иргэд цахилгаангүй гээд гараа хумхин суудаггүй өөдрөг үзэл бодлоор жигүүрлэсэн, амьдрал ахуй нь тэгширсэн ашиг орлого олсон ажилсаг хүмүүс байдаг болохоороо нэг хэсэг нь хувьдаа бага оврын цахилгаан үүсгүүртэй.

 

Бүрий болмогц хаа сайгүй мотор тачигнан асаж үйлчилгээний цэгүүд тасралтгүй ажиллаж амьдрал үргэлжилсээр. Хувийн сууц, байшин барилга, үйлчилгээний цэгүүд нүд ирмэх зуур баригдаад байхад 4 жил шахам баригдсан сургуулийн өргөтгөл, 2 жилийн хугацаанд баригдаж байгаа цэцэрлэгийн барилга гээд нэлээн хүлээгдсэн барилгууд одоо болтол ашиглалтанд ороогүй байх жишээтэй.

 

2012 онд сум дундын эмнэлгийн барилга баригдаж эхлэнэ гэсэн боловч өнөөдөр шаваа ч тавиагүй л байна. Энэ мэтээр төрийн бодлого дутагдаад төрөөс авч хэрэгжүүлж байгаа хүний нүдэнд тусах дорвитой ажил цөөвтөр гэж хэлэхэд болно. Сумын төв дундуур 10 гаруй км хайрган замтай болсон. Хэзээ түүнийгээ хатуу хучилттай болгох юм бол доо. Энэ бас бүрхэг.

 

Цас жаахан унаад ирэхээр халтиргаа гулгаа ихэсээд өглөө эрт хичээлдээ явган гүйх хүүхэд багачууд, өргөө рүүгээ алхан очих хөгшид өвгөд гээд хэн хүнд хэцүү байдал үүсдэг. Салхи багатай зарим өглөө сумын төв нь утаа тоос хоёр нийлсэн улаан манан дунд сүүмэлзэнэ. Ханбогдын өнөөдөр ийм дүр зурагтай байна. 2013 оноос эхлэн энэ зургийн өнгө өөрчлөгдөнө байх гэж нутгийнхан горьдож байна.

 
Ч.Амгалан

Эх сурвалж: “Монгол Говь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих