“Насилк” ажиллагаа үргэлжиллээ
Даван давсаар дээд шүүх дээрээ тулсан Н.Энхбаярын хэргийг эцэслэн шүүн таслах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Тус хуралдаанаар Н.Энхбаярт оноосон дөрвөн жилийн хорих ялын хэмжээг бууруулж, 2.6 жилийн хорих ял болгосон. Гэтэл Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа гэсэн эмч нарын дүгнэлтээр эмнэлэгт хэвтэх шаардлагатай амь нас нь дээсэн дөрөөн дээр байна гэх мэдээллийг эмч нар нь өгсөн.
Харин Улсын дээд шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т албан бичиг хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх 401 дүгээр ангид шилжүүлэхээр болсон. Үүний дагуу ШШГЕГ хуулийн дагуу ажиллагаа явуулсан нь өнгөрсөн 21-ны онцлох үйл явдал байлаа. Эл өдөр дэлхий сүйрэх талаар амтай бүхэн ярьж байсан ч эксийг ачсан явдал нь түүний ар гэрийхэн болон намын нөхдөд нь дэлхийн сүйрэлтэй жишэхүйц үйл явдал болсон биз ээ.
Харин хөл дээрээ явах хувьгүй юм уу, хүчний байгууллага дамнуургачины ажил хийдэг юм уу, өнөөх л “насилк” стайл түүнийг дамжин өнгөрөх 401 дүгээр анги руу шилжүүлэх явцад үргэлжлэв. Адал явдалт европ кинотой дэндүү адилхан айдас хүйдэс дагуулсан “харгис” үйл ажиллагаа дахин дахин үргэлжилсээр л байна.
Угтаа Монголд “SWAT” буюу мунхаглан орчуулбал, “тусгай зэвсэглэл ба үйл ажиллагаа” эсвэл “тусгай ажилтнууд” гэх байгууллага оршин байдаг гэдгийг анх удаа эксийг гэрээс нь “насилкдахад”, ард түмний дунд “гүүр” болон ажилладаг биднийг хананд шахан, хүчээр далайлгаж “хэн ч биш” гэдгийг мэдрүүлэх хүртэл мэддэггүй байв.
“Коунтер Террорист” болж тоглохдоо “SWAT” болох дуртай, адаглаад тактик сурна гэдэг өнөөх тоглоом эл үйл ажиллагаануудын хажууд арай л жул юм билээ. Террористийг тоглоом дээр устгахад сэтгэл хөдлөл байдаггүй ч амьдрал дээр дэндүү муу хүнийг ч гэсэн сул дорой болгоод алан хядан ажиллагаатай тэмцэхээр бэлтгэгдсэн “тусгайнхан” дамнан явахад сэтгэл өвддөг юм билээ.
Эл үгээрээ хэн нэгнийг өмөөрч хаазайлах гэсэнгүй. Харин нэгэнт ялыг нь уншчихсан иргэнийг эхээс заяасан хөлөөр нь алхуулахад яагаад болохгүй байгаа вэ. Түүнийг дамжин өнгөрүүлэх 401 дүгээр анги руу ачих явцад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хэмээн албаны хүмүүс хэлж байсан. Хэрхэн тарсан нь мэдэгдэхгүй, дээрээс нь дуугүй, гутлыг нь хүчээр өмсгөж, түүнийг дамнан яваа бичлэг дээрээс ч эл яриа үнэн болох нь харагдсан.
Харин түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгийн ярьж буйгаар “Хорих анги руу шилжүүлэх тухай урьдчилж өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой. Н.Энхбаярын өмгөөлөгчдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу дээд шүүх энэ хэргийг хянаж, шийдвэрээ гаргасан. Тиймээс яллах дүгнэлтийг өмгөөлөгчид нь түрүүлж мэдэгдэх ёстой.
Гэтэл шууд Н.Энхбаяр даргад ялын тогтоол гардуулсан нь хууль бус үйлдэл болж байна” хэмээн мэдэгдсэн. Эсрэг байр суурьнаас ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж хэлэхдээ, “Улсын дээд шүүхээс ШШГЕГ-т албан бичиг ирүүлсэн. Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай буюу Н.Энхбаярыг хорих 401 дүгээр ангид шилжүүлэх тогтоол ирсэн. ШШГЕГ нь хуулийн дагуу ажиллагаа явуулсан.
Бүх зүйл хуулийн дагуу явагдсан учраас бид тайлбар хийхгүй” хэмээн тал талын үзэл бодлыг хуулийн хүрээнд хамгаалав. Төд удалгүй түүнийг 401 дүгээр дамжин өнгөрүүлэхээс аль нэг хорих анги руу шилжүүлнэ. Тэр үед бас л “насилк” үйл ажиллагаа үргэлжлэх эсэх нь сонирхолтой. Харин түүнийг эл хугацаанд хорлогдож болзошгүй учраас дахин хоол унд идэхгүй өөрөөр хэлбэл, өлсгөлөн зарлах талаар албаны эх сурвалжууд дурьдсан ч албан ёсоор мэдэгдэл хийсэнгүй.
Энэ тухай өнгөрөгч 21-ний өдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л. Цог нар Н.Энхбаярыг хорих 401 дүгээр ангид шилжүүлсэн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Г.Шийлэгдамба “Өнөөдөр өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 11.00 цагийн орчимд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн II эмнэлгээс 401 дүгээр хорих анги руу шилжүүллээ.
Намын удирдлагын хувьд үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар биечилж очсон. Энэ үйл ажиллагаа нь хүч хэрэглэсэн, хүний эрхийг зөрчсөн, цаашлаад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц үйл явц болж өнгөрлөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаяр даргыг баривчилж авч явсан шиг тийм л үйл явдал давтагдлаа. Тухайлбал, тусгай ангийн нүүрээ халхавчилсан бие бүрэлдэхүүн очиж, хүчээр өөрийг нь авч явлаа.
Ингэснээр хүний эрхийг зөрчиж байна” хэмээв. Харин өлсгөлөн зарлах тухайд “Дээд шүүхийн хяналтын шатанд Н.Энхбаяр дарга өөрөө биш, өмгөөлөгч нь гомдол гаргасан. Өмгөөлөгчийн гомдлын дагуу авч хэлэлцсэн. Дээд шүүхийн тогтоол шийдвэр өмгөөлөгчид нь очих ёстой.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга шийдвэрийг Н.Энхбаяр даргын өрөөнд очиж танилцуулах оролдлого хийсэн байгаа юм. Уг нь энэ асуудлыг өмгөөлөгчөөр дамжуулах ёстой. Өлсгөлөнгийн талаар албан ёсны мэдээлэл алга” гэв.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: