Элэг, чөмөг шилжүүлэх мэс заслыг Монголд хийнэ
Манайд элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй. Элэгний хорт хавдрыг эмчлэх ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг аж.
Манай эмч нар өнгөрсөн жил БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх хийсэн байна. Энэ мэс заслыг хийх монгол эмч нарын баг бэлэн болсон. Тиймээс элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцолсон юм.
Харин энэ тоног төхөөрөмж авах хөрөнгийг уржигдар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Элэг болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг Монголд нэвтрүүлэхэд зарцуулах дөрвөн тэрбум 270 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр Монголд элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх оноос хийх боломжтой гэж Клиникийн I эмнэлгийн эмч нар үзэж байна.
Э.Солонго
Зууны мэдээ
URL: