Миний мэдэх шударга ёс
Хэний ч хацрыг ялгалгүй хага ташин хайрах өвлийн салхийг намхан нуруу, бор царайтай, хуучин гутал майжгийдуу гишгэсэн хүү сөрөн алхана. Энэ хүүг Батаа гэдэг. Батаа хичээлээ хийх дуртай, энэ жил долдугаар ангид сурдаг бөгөөд хоёр жилийн өмнө аав, ээж, охин дүүгийн хамт Улаанбаатар хотод нүүж иржээ. Тэрээр хичээлдээ явж байгаа нь энэ ээ.
Хичээлийн хонх дуугарахад багш дааж ядан номууд барьсаар ангид орж ирэв. Багш хүүхдүүдтэй мэндлээд “Энэ багшийнх нь эрхлэн гаргасан ном, хичээлийн агуулга бүгд багтсан ийм ном байгаа, нэг нь 8000 төгрөг” гэв. Үүнийг сонссон хүүхдүүд “Ном шахах нь, өө балай юм аа” хэмээн ам амандаа шивэгнэх нь тэрүүхэндээ сонсогдоод л өнгөрөв. Батаад ч бас “Ном шахах нь” гэдэг бодол төрөхийн сацуу дан ганц ажил хийж байгаа аавынх нь цалингаар арайхийн хичээлийн хэрэглэлээ бэлдсэн нь санаанд нь бууж “Энэ жилдээ дахин авч өгч чадахгүй байх шүү, миний хүү. Дэвтэр номоо гамтай хэрэглээрэй” гэж ээжийнх нь сануулсан үгс бодогдов.
Гэтэл багш “Та нар энэ номыг авсан ч болно, авахгүй байсан ч болно. Өөрсдөө л мэд. Багш нь заавал ав гэж шаардахгүй” хэмээн эелдэг хэлэв ээ. Үүнийг сонссон Батын сэтгэл тайвширч, харин хүүхдүүд номыг нь авдаг юм бил үү гэсэн маягтай номноос авч үзэцгээж байлаа.
Хичээлийн цаг дуусч завсарлах болоход багш “гэрийн даалгаварт миний номны нэг, хоёрдугаар дасгалыг хийгээрэй, даалгавар шалгана шүү” гэж хэлээд гарч одов. Хүүхдүүд тэгвэл номыг нь авч л таарах нь гэсэн шиг багшийн хойноос гүйлдэн гарав.
Батаа урамгүйхэн гэр рүүгээ явлаа. Гадаа одод түгж харанхуй болжээ. Урьд нь Батаа харанхуй гудамж сүлжин явахдаа айдаг байжээ. Харин аавынхаа “Ад чөтгөр харагдах болсон хүндээ л харагддаг гэдэг юм. Миний хүү муу зүйл хийгээгүй, хичээл номоо сайн хийдэг сайн хүүхэд болохоор муу зүйлтэй тааралдахгүй ээ. Муу хүүхэд л муухай зүүд зүүдэлж айдаг юм” хэмээн хэлснээс хойш зориг орж харанхуй гудмаар явахдаа ер айхаа больжээ.
Батаад аав нь “Нэр төрөө алдсан хүнд нэр хүндээ эрхэмлэх, нэрээ хичээх зан чанар үгүй болдог юм. Жижиг зүйлсээс үнэт зүйлс, эрхэм чанараа битгий алдаж бай” гэж сургадаг байв. Худаг дээр ус авахаар дараалалд зогсч байсан хүүхдүүдийн урдуур том биетэй ах дайрч орсон гэж нэгэнтээ гомдоллоход нь аав нь “Миний хүү, тэгээд тэр хүнд тэгээд юм хэлсэн үү” гэж асуугаад “Юу ч хэлээгүй” гэсэн хариулт сонсмогцоо “Шударга бус явдлын хажуугаар мэдсээр байж дуугүй өнгөрч байгаа хүн бүр буруутай. Өөрсдөө шударга бус загнаж байгаа хэрэг” гэж зэмлэсэн удаатай.
Батааг гэрийнхэн нь яасан их оройтов оо, бүр даарчихаж гэсээр угтав. Батаа цайгаа уунгаа өнөөдөр ангид нь болсон явдлын талаар аав, ээждээ ярилаа. Батаагийн ээж “Эдний арга нь бүр нарийсч дээ. Авах эсэхээ өөрсдөө мэд гэчихээд даалгавар өгч, шалгана гэнэ шүү” гэж бухимдан амандаа үглэв. Харин бүхнийг сонсч чимээгүй сууж байсан аав нь “Одоохондоо миний хүү аргалж л бай даа. Дүүд нь дулаан хувцас авч өгөхгүй бол болохгүй нь. Аав нь дараа сарын цалин буухаар авч өгье” гэв. Батаа аав, ээжийнхээ хэрхэн ажил хийж, хөдөлмөрлөж мөнгө олдгийг мэддэг учраас хэзээ ч үнэтэй пүүз, элдэв зүйл нэхэж, эрхэлж байгаагүй билээ. Батаагийн гэр бүлд ийм нэгэн яриа болж өндөрлөлөө.
Өглөө болж Бат аа… Бат аа хэмээн орилох дуунаар гарвал түүний ангийн найз Ганаа ирчихсэн, хашааны завсраар даллаж байлаа. Ганаа дулаахан өдөр Батаагийнхаар дайрч хичээлдээ хамт явдаг байлаа. Урьд нь Ганаа “Ээж намайг онц сурвал зуны амралтаараа унах дугуй авч өгнө гэсэн, бүр онц сурч байгаад том болоод сайн их сургуульд орох юм бол машин авч өгнө гэсэн” гэж ярьж байсан удаатай. Түүнээс хойш Ганаа хичээлээ идэвхтэй хийх болсон ч ямар нэгэн зүйл хийх болоход тэгвэл надад юу өгөх юм гэж ямагт ашиг хайн асуудаг болж, тэр зан нь улам нэмэгдсээр байгаа хүүхэд.
Ганаа “Амттай юм идэх үү” гээд Батааг дагуулан дэлгүүрт оров. Дэлгүүрээс юм аваад гарч ирсэн хойноо хариулт мөнгөө тоолж үзвэл дэлгүүрийн худалдагч эмээ мянган төгрөг илүү өгчихжээ. Батаа хар хурдаараа буцан гүйж худалдагч эмээд үнэн учрыг хэлэн мянган төгрөгөө буцаан өглөө. Эмээ нүүр дүүрэн үрчлээгээ тэнийтэл инээн “Яасан сайн хүүхдүүд вэ? Урт насалж удаан жаргаарай” хэмээн ерөөгөөд “Одоо ч хулгай хийхийг хүн хараагүй л бол хулгайч биш гэж боддог хүмүүс олон болсон цаг. Та хоёр ёстой сайн хүүхэд байна. Үнэнээр явбал ядаж л сэтгэл амар байдаг юм шүү дээ” гэлээ. Эмээгийн үгэнд урамшиж, сэтгэл хөнгөрсөн хоёр хүү урд урдаа орон гүйлдсээр хичээлдээ явлаа.
Өдөр хоногууд улиран өнгөрсөөр улирлын дүн гарах боллоо. Батаа бүх шалгалтаа онц өгсөн боловч дунд дүн авчээ.
-Багш аа, би яагаад…
-Гэрийн даалгавруудаа хийгээгүй байна шүү дээ, чи
-Гэхдээ багш аа, та заавал ном авах хэрэггүй….
-Би заавал миний номыг ав гэж хэлээгүй биз дээ …ер нь даалгавраа хийх нь чиний үүрэг биз дээ гээд ширүүн харав.
Батаагийн нүдэнд нулимс цийлэгнэж онц авч чадахгүй болсон өөртөө, ном авч өгч чадахгүй байгаа аавдаа ч юм уу чухам хэнд нь бүү мэд гомдох сэтгэл төрж хоолой нь зангирав… Гэвч түүнд өөртөө үнэ цэнэтэй энэ шударга амьдралынх нь ирээдүй үнэ цэнэтэй, цэвэр тунгалаг санагдаж, би шударга хүн хэмээх бодол нь ирээдүйг нь гэрэлтүүлэнэ.
Гэр хороололд, гэр сургуулийн хооронд амьдрал нь хөврөх Батаагийн мэдэх шударга ёс урт дараалалд өмнүүр дайралгүй хүлээцтэй зогсох, дэлгүүрийн эгчийн илүү хариулж өгсөн мөнгийг буцааж өгөх, өөрөө өөртөө үнэнч байж үнэ цэнэтэй амьдрах, өөртөө шударга загнаж чаддаггүй хүн өрөөл бусдад шударга хандаж яавч чадахгүй гэсэн бодлуудын дунд эргэлдэнэ.
Шударга амьдрах боломжтой байна гэдэг нь жинхэнэ эрх чөлөө ажээ.
Жич: Өөрийн болон үеийн нөхдийнхөө амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бичив.
сэдэвт зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн бүтээл
URL: