Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх

Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт:
Мансууруулах төрлийн бодис гэдэг нь байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулан ойлгох бөгөөд эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулсанаар цэвэр кокайн, герион буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “Хар тамхи”-ыг гарган авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, герионоос гарган авдаг ба түүнээс гаргаж авсан бусад бодисоор анагаах ухаанд олон төрлийн тайвшруулах, өвчин намдаах зэрэг эм, тариа үйлдвэрлэдэг байна.

Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын нөхцөл байдал:
Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа нь эрхлэгчид нь энэ төрлийн хууль бус бизнесээс жилд 100 орчим тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн судалгаа байдаг ба ашиг орлогын хэмжээгээр хууль бус зэвсгийн наймааны дараа орж байна. Дэлхийн хэмжээнд энэ төрлийн бодисын хэрэглээ, хууль бус наймаа нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа бөгөөд манай 2 хөрш болох БНХАУ, ОХУ нь энэ төрлийн бодисын томоохон хэрэглэгч, зах зээл юм. Олон улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын судалгаагаар ОХУ-д тогтмол хэрэглэдэг 4,5 сая хэрэглэгчийн 76 хувь нь 25 хүртэлх насны өсвөр үе, залуучууд эзэлдэг. БНХАУ-ын хувьд 3 сая хүн хар тамхинд донтож, байнга хэрэглэдэг гэсэн судалгаа байх бөгөөд энэ тоо эрчимтэй өсөх хандлагатай байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдож буй нөхцөл байдал:
МУ-ын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлаас нь үзэхэд дийлэнх хувь нь БНХАУ-д үйлдэгдэж байна. Энэ нь Монгол Улсын өмнөд хил залгаа ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай улсын иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болоод байна.
Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн зүгээс МУ-ын иргэдийн Зүүн Өмнөд Азийн орнуудад визгүй зорчих боломжтой байдал, гэнэн итгэмтгий зан, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг сул талуудыг нь ашиглан хууль бус эргэлтэнд татан оролцуулах боллоо.
Түүнчлэн манай иргэд бизнесийн болон хувийн шугамаар гадаад улс руу зорчих явцдаа хууль бус үйлдэлд татагдан орох, ялангуяа хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлттэй холбоотой асуудлаар бусдад санаатай болон санамсаргүй байдлаар ашиглагдан тухайн улсын хуулийг зөрчих, гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх хандлагатай байна.
Эхэн үед эл гэмт хэрэг зөвхөн цөөн тооны иргэд хэрэглээний журмаар /нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан мансууруулах бодис/ бага хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэх байдлаар үйлдэгдэж  байсан бол өнөөдөр уг гэмт хэрэг үйлдэгчид нь ашиг орлогын үндсэн эх үүсвэр болгохын зэрэгцээ мэргэшсэн бүлгүүд монгол улсад үүсч гадаад улсын ЗБГБ-үүдтэй хамтран ажиллах хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэн, Хонконг, Малайз зэрэг улсуудад удаа дараа зорчиж тодорхой хугацаанд биеэ үнэлж байсан монгол охид, эмэгтэйчүүд африк гаралтай иргэдтэй харилцаанд орж улмаар мөнгө олох ашигтай саналыг хүлээн авч тэдний эрхшээлд орж хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх ажиллагаанд татагдан орж улмаар монгол иргэдийг элсүүлэн энэ төрлийн гэмт хэрэгт татан оруулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэхэд анхаарах
Хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал шаардлагатай байна. Тухайлбал:
-Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх,
-БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах ял хүртэл ногдуулах,
-ОХУ- д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ялаар торгох, 1 сая рубль /ойролцоогоор 40 орчим сая төгрөг/-г төлөхөөр тус тус хуульчлагдсан байдаг аж.
Хүн бүр энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, учирч болох эрсдэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал шаардлагатай байна. Тухайлбал:
-Дунд, ахлах, их дээд сургуулиудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг талаарх ойлголт өгөх үүднээс сургалтын хөтөлбөрт суулгаж өгөх,
-Энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зарим улс орон руу зорчиж буй иргэдэд тавих хяналтыг сайжруулах

Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо pro@gia.gov.mn электрон шуудан болон санал, хүсэлт, мэдээлэл хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.

ТЕГ


URL:

Сэтгэгдэл бичих