УУЛЫН БҮРГЭД Ч УЙЛДАГ
“… АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ОНЦГОЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН….”
Сонин хэвлэлийн хуудаснаа олон арван сонирхолтой нийтлэл, ярилцлага нь гарч уншигчдын сайн танил болсон Монголын сэтгүүлчдийн холбооны шагналт, сэтгүүлч Уламбаярын Амарсайханыг эртхэндээ хүмүүс мэддэг байсан гэж үү, үгүй ч байж мэднэ. Энэ хүн ер нь урьд ямар ажил алба эрхэлж байсан юм бол, сүүлийн жилүүдэд л нэг л “цоорхой” сэтгүүлч гараад ирж гэж гайхах хүн ч байж мэднэ.
Монголын нэрт зохиолч Ц.Уламбаярын хүү, нэрт сэтгүүлч, бас ч нэртэй яаманд амаргүй ажил эрхэлж явсан Амарсайхантай халуун яриа дэлгэснээ уншигч олондоо толилуулъя.
-НАХЯ-нд сэтгүүлч мэргэжилтэй хүн ер олон байгаагүй болов уу, яагаад өөрийг чинь “Залуучуудын үнэн” сониноос авсан юм бэ?
-Дээр үед ямар байсныг мэдэхгүй юм. Намайг энэ яаманд ажилласан 20 гаруй жилд жинхэнэ сэтгүүлчийн мэргэжилтэй хүн олон байгаагүй нь үнэн. Намайг авсны тухайд гэвэл цаг үеийн шаардлагаар аюулаас хамгаалах байгууллагыг өргөтгөх болж, “эвлэлийн илгээлт”-ээр миний бие НАХЯ-нд очсон юм.
-Сэтгүүлчээ хийж байсан бол таныг илүү үр дүнтэй байх байсан, НАХЯ-нд хайран цагаа алдсан хүн” гэж зарим нь ярьдаг. Та НАХЯ-нд очсондоо харамсдаг уу?
-Огт харамсдаггүй. “Эр хүний хийгээд үздэг л ажлын нэг” гэж ажиллаад, “хариуцлага, сахилга, дэг журам, шударга ёс”-нд чанд суралцсан. Хэр эзэмшиж сурах нь хувь хүнээс л шалтгаална шүү дээ. Энд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг шалгаруулж авдаг. Чадалтай, чадвартай, мэдлэгтэй олон сайхан ахмад, залуу хүмүүстэй ажилласан. “Гүйцэтгэх ажил” гэж товч нэрлэдэг, миний хувьд цоо шинэ мэргэжлийн шинжлэх ухаанд суралцсан. Сонин, нарийн, хариуцлагатай шинжлэх ухаан.
-“Гүйцэтгэх ажил” гэдэг чинь “тагнуулын ажил” гэсэн үг үү?
-Товчдоо тийм.
-Тэгвэл сэтгүүлч нөхрөөсөө тэр “гүйцэтгэх ажил” гэдгийн чинь талаар өөрөө сонирхдог болон өрөөлийн сонирхдог янз янзын юм асуумаар байх юм. Та хариулах уу?
-Бололгүй яахав.
-НАХЯ-ны “идэвхтэн” ч билүү, “мэдээлэгч” ч билүү газар сайгүй байдаг гэсэн үнэн үү?
-Манай хэллэгээр “нууц” гэдэг юм. Аюулаас хамгаалах байгууллага чинь улс, эх орныхоо нууцыг хамгаалдаг, улс, эх оронд шаардлагатай нууцыг шаардлагатай улс, орон, байгууллага, хувь хүнээс нууц аргаар мэддэг “нууц” байгууллага. “Нууц”-ыг “нууц” хүн л олно. Тиймээс “нууц” гэдэг нэр өгчээ. Товч, тодорхой, яг онож өгсөн нэр. “Нууц” гэхээр сэжиглээд байх огт хэрэггүй. Улс л юм бол нууцлах юмтай байх ёстой. Нууцлах юмгүй улсыг ямар улс гэдэг юм. Манай “нууц” газар сайгүй байдаг гэж ярьдгийн тухайд бол “шаардлагатай газраа л байдаг” гэж товчхон хариулчихъя.
-НАХЯ өөртөө ямар нэг хэлбэрээр холбоотой хүнээ хэзээ ч өөрөөсөө бүрмөсөн салгадаггүй, насан туршид нь холбоотой байлгадаг гэсэн яриа бий, үнэн үү, жишээ нь Тагнуулын Төв Газар энэ зарчмаар ажиллах уу?
-Ард түмэн аюулаас хамгаалах байгууллагатай эх оронч ухамсрынхаа үндсэн дээр ажилладаг юм. Одоо ямар байгааг мэдэхгүй. Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан ажилласан цаг үеийнхээ, зөвхөн өөрийнхөө хариуцдаг чиглэлийг л мэдэх учиртай. “Нууц хадгалалт хамгаалалт” гэж аюулаас хамгаалах байгууллага, аюулаас хамгаалахын ажилтанд юунд ч хөндөгддөггүй чанд хатуу зарчим байдаг юм. Манай “нууц” хадаасаар хадагдсан шиг аюулаас хамгаалах байгууллагаас салдаггүй гэж бодвол буруу. Шаардлага байвал үүрд ч хамтарч ажиллахыг эрхэмлэдэг. Итгэл алдвал “хасдаг” тохиолдол ч бий. “Нууц”-ын үнэнч шудрага, авхаалжтай чанарыг голчлон шүтдэг. ТТГ ч энэ л “уламжлал”-аар ажилладаг болов уу.
-НАХЯ-нд насан турш ажилласан атлаа цэргийн дүрэмт хувцсаа өмсдөггүй ажилтан олон байдаг гэж ярьдаг.
-Энэ асуултаас чинь ялимгүй хазайгаад бүгд ямагт анхаарууштай нэг “том” асуудлыг хөндчихье. “Хардалт, сэрдэлт” … НАХЯ, НАХЯ-ны ажилтан гэхээр зөвхөн харддаг, сэрддэг нэг аюулт өвчин одоо ч хүмүүсийн сэтгэл санаанаас ангижраагүй байна. Гуч, дөчөөд оны ДЯЯ-ны гай гэдгийг аюулаас хамгаалахын ажилтан бид ч ойлгодог. Гэхдээ цаг үе, нөхцөл байдал, нөлөөлөх нөлөө гэж юм бий. НАХЯ, УАБХЕГ, ТТГ-ын аль аль нь ДЯЯ биш. Дал, ная, ерэн он ч гуч, дөчин он биш. Гэхдээ “гүйцэтгэх ажил”-ыг яая гэтэл эзэмшсэн, чадвартай, сэргэлэн олон лут хүн байсан. Даан ч цаг үеэс шалтгаалж, тэдний ажлын чадвар, мэдлэг, мэргэжил, овсгоо, самбааг буруу ашиглаж байж. Цэргийн дүрэмт хувцсаа өмсдөггүйн тухайд бол ингэж ярьж, “сонирхдог” хүмүүст ердөө л миний дээр хэлсэн нөгөө хий “хардалт, сэрдэлт” тэдний сэтгэлийг гижигдээд байгаа юм. Нууц байгууллагын ажилтан л юм бол яалаа гэж “цэрэг хувцас” өмсчихөөд өөрийгөө илчлээд явах вэ дээ.
-Шаардлагатай гэсэн хүний утсыг чагнадаг гэсэн?
-Та харин овоо “шаардлагатай” гэсэн үг нэмчихлээ. Шаардлагатай гэсэн хүний утсыг чагнадаг нь үнэн. Дашрамд хэлэхэд “хүн бүрийг дагаж хянадаг юм гэнэ лээ” гэж мэдэмхийрч явдаг цөөнгүй хүн бас бий. Шаардлагатай хүнийг сэм ил дагаж хянадаг нь бас үнэн. Шаардлагагүй юманд улсын мөнгө хөрөнгө зарж, өөрсдийн алтан цагаа алдаж байдаг улс аюулаас хамгаалахынхан огт биш.
-НАХЯ-ны хараа хяналтанд ямар хүмүүс байдаг байсан бэ?
-НАХЯ, МАХН-ын бүр тодруулбал УТТ-ны тогтоол шийдвэр, удирдамж зааврын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан нь эдүгээ бүхэнд илэрхий болсон. МАХН-ын их, бүгд хурлаар “сэхээтний төөрөгдөл”, “намын эсрэг бүлэг” гэгчид хамаарагдсан гол хүмүүсийг аюулаас хамгаалах байгууллага хяналтандаа авч байсан нь мэдээж шүү дээ. Тэр цаг үеийнхээ удирдах байгууллагын үүрэг, даалгаварыг биелүүлж л таараа.
-Дараа сайд, эрх эрх мэдэлтэй албан хаагч хүмүүс гадаадад яваад архидах, авгай хүүхэн хөөхийг нь хүртэл мэдчихдэг байсан гэсэн. Энэ чинь аюулаас хамгаалах байгууллагын үүрэг үү, хүний эрхэнд халдсан хэрэг биш үү?
-Ийм явдал байсаан. Удирдах дээд байгууллагаар нь дамжуулж, тийм хүмүүст анхааруулдаг тохиолдол ч байсан. Тийм дохио авсан хүн дараагийн явалтаараа тэр дутагдлаа давтдаггүй юм билээ. Ганц нэг хундага уусан, эр хүний хувьд бүсгүй хүнд “соёлтой” сээтэн хаясан хүнийг ч анхааруулаад байдаггүй байсан. Харь оронд албан ажлаар оччихоод зочид буудалд нь өдөржин шөнөжин архидаж, бөөлжих, ухаан алдаж, агсам согтуу тавьж, үйлчлэгч бүсгүйчүүдийг нь чангааж, хүчиндэхээс наагуур авирладаг байсан, тэр нь баримтаар нотлогдсон хүмүүст анхааруулдаг байсан нь яг үнэн. Тэгэж дураараа дургигчдын цаана тэдний нэр биш, Монгол Улсын, БНМАУ-ын иргэний нэр сүр хог дээр гардаг юм. Аюулаас хамгаалах байгууллага иргэнийхээ, улс эх орныхоо нэр төрийг хамгаалдаг юм. Угтаа энэ нь аюулаас хамгаалах байгууллагын үүрэг огт биш. Цаг үе тийм байж. Одоо энэ үүргийг аюулаас хамгаалах байгууллага өөрсдөө санаачилж хассан. Тэглээ гээд юу өөрчлөгдөв? Захиргаадалтыг сэргээх нь үү гэх байх, Захиргаадалт гэдэг муу ч үг биш. Дэг журам, чанд сахилга бат гэсэн үг. Дэг журам чанд сахилга батаар “бар” орнууд улсаа хөгжүүлж, цэцэглүүлж, өөдөлж өндийсөн.
-НАХЯ-ны хүч хэрэгслээр илрүүлсэн ноцтой хэргээс дурьдахгүй юу?
-20 жилд илрүүлсний алиныг дурьдаж бархав. Тагнуул, эсэргүүцэн тагнах шугамаар аюулаас хамгаалах байгууллага онцгой сайн ажиллаж байсан гэж хэлэх байна. Улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд нэр төртэй зогссон. Дайсагнагч гүрний олон арван тагнуул, туршуул, хань хамсаатныг илрүүлсэн. Улсын онцгой объектуудын аюулгүй байдлыг бат найдвартай хамгаалж, гарч болох аюултай учрал тохиолдлоос урьдчилан сэргийлсэн. Улсын нууц хадгалдаг объектуудад элдэв халхавчаар нэвтрэн шургах гэсэн гадаад дотоодын сэжигтэй этгээдийн хөлийг хорьсон. Аллага хядлага, садар самуун, балмад танхай ёс, харгис шашин, хар тамхи орж ирэх үүд хаалга, нүх сүвийг бүрэн гүйцэд бөглөсөн. БНМАУ-ын аюулгүй айдлын манаанд зогсч айсан ЗХУ-ын армийн болон өөрийн зэвсэгт хүчний байрлал, зэр зэвсэг, машин техник, нийт хүчин чадлыг сонирхсон элдэв этгээдээс найдвартай хамгаалсан. Ажилтнуудаараа дамжуулж хэзээ ч хаана ч ямар ч цаг үе, нөхцөл байдалд улс төр, иргэний өндөр сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх ажлыг хүн ардынхаа дунд байнга зохиодог байсан. Монгол хүн бүр сонор сэрэмж, нягт хянамгай байдалд суралцсан гэхэд хилсдэхгүй. Аюулаас хамгаалах байгууллага ард түмнийхээ хүчинд түшиглэж амьдралаараа тусалдаг юм. Энэ сайхан уламжлал өвлөгдөн үлдэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
-Та НАХЯ-нд ажиллаж байсан үеийнхээ эгзэгтэй мөчийг дурсахгүй юу?
-1989 оны шувтарга, 1990 оны эхэн үе. Чухам ямар үе байсныг тайлбарлах нь илүүц биз. НТХ-ны Захиргааны хэлтсийн орлогч эрхлэгч гэгчлэн зарим хүн манай яамны удирдлагуудыг байн байн дуудаж, “Та нар яагаад хөдлөхгүй байна” гэж сүрхий “анхааруулж” байлаа. Тэдний зарим нь сүүлд бүр УИХ-ын депутат болчихсон, ардчилагчийн хоолойгоор байн байн чанга чанга орилж байсан. Бид шөнөжин ажилладаг байв. Бид гэдэг маань аюулаас хамгаалахын ажилтнууд. Шуудхэн хэлэхэд НАХЯ-ны нийт бие бүрэлдэхүүн өөрчлөлт, шинэчлэлт, ардчиллыг дэмжиж байсан юм. Үймээн самуун дэгдээчихгүй, элдэв “повод” гаргачихгүй “ардчилал”-аа хийгээсэй гэж дотроо “залбирцгааж” байсан. НАХЯ-ны удирдлага санаачига гаргаж, ардчиллын “алтан хараацай”-нуудад үйл явдлаа соёлтой, буйртай, сэрэмж анхааралтай явуулахыг олонтаа зөвлөж байсныг мэдэх гэрч олон бий. Тэдний нэг нь би. “Алтан хараацай”-нуудын зарим нь эдүгээ огт өөрөөр ярих нь сонсогдох болж. Үнэнийг мартсан хүн баатар болдоггүй юм. Талийгаач сайд С.Жамсранжав, болон Б.Цийрэгзэн хоёр буйртай хөдөлснийг ардчиллын түүхэнд тэмдэглэх ёстой.
-“Хойд яам”, “Урд яам” гэсэн яриа байдаг?
-НАХЯ, ГЯЯ гэсэн үг. Энэ хоёр яам ажил төрлийн талаар байнга холбоо хэлхээтэй ажиллаж, улс эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрх ашиг, сонирхлыг найдвартай хамгаалдаг байсан. Чадал чансаа, боловсон хүчнээрээ ана мана өрсөлддөг байсан. Бид чамгүй шаардлагатай, сонирхолтой, хэрэгцээтэй мэдээ сэлтээр ГЯЯ-ыг хангадаг байсан. БНМАУ-ын гадаад бодлогыг төлөвшүүлж, боловсруулахад аюулаас хамгаалах байгууллага, түүний ажилтнуудын гүйцэтгэсэн үүрэг асар их.
-Аюулаас хамгаалах байгууллагын ажилтныг бэлтгэнэ гэдэг бусад албадынхаас хавьгүй хүнд байх уу?
-Үнэн. Захын хүссэн хүнийг авч ажилуулдаггүй онцлогтой. Учрыг тайлбарлах шаардлагагүй биз. Олноос цөөнийг сонгоно гэдэг амаргүй ажил. Боловсон хүчнээ гадаадад гол төлөв ЗХУ, түүний Улсыг аюулаас хамгаалах байгууллага БНМАУ-ын аюулаас хамгаалах байгууллагад олон арван мэргэжлийн шилдэг боловсон хүчин бэлтгэж өгсөн. Манай боловсон хүчнүүд социалист системийн аль ч улс орны аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудаас дутдаггүй байсан. Зарим салбарт давамгайлж, тэдэнд тус болсон тохиолдол цөөнгүй бий. УАХХ-ны олон нууц “лаборатори”-д орж, гүйцэтгэх ажлын ховор нандин арга барилд суралцсан. Сурсанаа юунд, яаж хэрэглэх нь бидний л хэрэг. “Хожмын өдөр бидний өнөөдөр зааж сургасныг манай эсрэг хэрэглэж мэднэ” гэж орос хүмүүс хардаж сэрдэж, гар татаж байгаагүй. Тэд үнэн сэтгэлийн угаас монголчуудын сургалтад хандаж, анхаардаг байсан юм.
-НАХЯ-ны дэргэд УАХХ-ны төлөөлөгчийн газар байсан?
-Москвад УАХХ-ны “дэргэд” НАХЯ-ны төлөөлөгчийн газар бас байсан, Харилцан хамтран ажиллаж байж. НАХЯ-ны газар, хэлтэс бүр зөвлөхтэй байсан. Тэд хүссэн цагтаа өөриймсөг сэтгэлээр зөвлөдөг байсан. Манай зөвлөх л лав бидний дотоод хэрэгт оролцож байсныг санахгүй юм. УАХХ-ны зөвлөхүүд бол гуч, дөчөөд оны НКВД-ийн зөвлөхүүд огт биш. Аюулаас хамгаалах байгууллагын олон ажилтанд тэд эх оронд нь гүйцэтгэх ажлын мэргэжилд сургасан. Бид сэрдэж, хардаж, харааж зүхэхээсээ өмнө талархах учиртай. Мэдэхгүй байж их мэдэгч бологчдыг юу гэхэв. “Мэдэмхийрэгч” гэх үү дээ. УАХХ туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ төлөөлөгчийн газартаа илгээж томилдог байсан юм.
-НАХЯ-ны боловсон хүчин тарж бутарсан гэдэг?
-Тэр үнээн. “Ардчилал” хоёр шуурга шууруулсан. Буруу шуурганд нь НАХЯ, НАХЯ-ны нийт бүрэлдэхүүн өртсөн. Үүнд удирдлагын буруу бас бий. Цаг үед зохицож буй нь энэ гээд (басхүү сэрэмжилж эмээсэн ч байх) удирдлага “цомхотгол” нэрээр эхэлж, боловсон хүчний хувьд “цусгүй хэлмэгдүүлэлт” явуулж, байгууллагаа балласан. Өндөр үнээр гадаадад бэлтгэгдсэн, гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай, гадаад улсын олон хэл эзэмшсэн дөч дөнгөж шүргэж яваа хүмүүсээ хүртэл гаргуунд нь гаргасан. Боловсон хүчний хувьд ч үнэхээр сульдаж доройтсон. Аймхай, удирдлагын нэр төр хөөцөлддөг, чадалгүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, багаа бүрдүүлсэн удирдлагын гайгаар монгол улсын нүд, чих болсон онцгой чухал байгууллага боловсон хүчний гачаалд орсон. Шинэ удирдлага, ТТГ-ын дарга залуу генерал Сандаг энэ алдааг даруй засах ёстой. Аюулаас хамгаалах байгууллагаас “гаргасан” хувь хүн хэн нь ч өнгөрсөн хугацаанд огт хохироогүй, харин байгууллага нь хохирсон. Гадаадын 3-5 хэл эзэмшсэн аюулаас хамгаалахын ажилтан эдүгээ пүүс, компанид үйлчлээд энэ бие амар явна. Тэд ингэх ёсгүй. Тэдэнд улс эх орон, ард түмэн, аюулаас хамгаалах байгууллага мэдлэг, гадаад олон хэл эзэмшүүлсэн. Тэд жар хүртлээ аюулаас хамгаалах байгууллагад “өр”-өө төлөх ёстой.
-Өөртэй чинь хамт ажиллаж байсан хурандаа Санжаасүрэн шоронд орлоо?
-Үнэнхүү харамсч байна. Санжаасүрэн аюулаас хамгаалахын мэргэжлийн сургууль ЗХУ-д төгссөн. Сэргэлэн, шуурхай, сэтгэлийн их хөдөлгөөнтэй, хурц түргэн хүн. Миний удирдлагад ч, нэг зиндаанд ч бид хамт ажиллаж байсан. Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан бүр улсын, аюулаас хамгаалах байгууллагын нууцыг хэзээ ч задруулахгүй, задруулсан тохиолдолд МУ-ын хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн баталгаа заавал гаргаж, гарын үсгээ зурдаг. Хувийн хэрэгт үүрд хадгалагддаг. Үүнийг хурандаа Санжаасүрэн надаас илүү мэднэ. Гүйцэтгэх ажлын мэдээ үнэн ч, худал ч нэгэнт л гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан бол гүйцэтгэх ажлын л мэдээ. Улсын Бага хурал, Их хурал гээд дуртай цагтаа, аюулаас хамгаалах байгуулын төмөр авдар ухах дуртай, хорхойтой өвчтэй хүмүүс байна. Энэ муу өвчин хэнд ч халдаж мэднэ. Дээрээсээ эхэлж, архаг муу өвчтнөө тун яаралтай эмчлэхгүй бол МУ-ын эрх ашиг хохирч, хэзээ ч засаж залруулж болохгүй гай гамшигт өртөнө. Хэн ч тэр хийх ёстой юмаа л мэдэж хийцгээ таминь. Мэдэхгүй юм руу бүү хошуу дүртүгэй. Улс орныг, улс орны нууцыг түйвээж, балласаар байна. Хоёрхон сая монголыг залгих гэсэн амьтан хорвоод буйг бүү мартагтун. Тэдэнд идэш бүү бэлтгэ.
-Сэтгүүлчийн биш аюулаас хамгаалах байгууллагын ажилтны нүдээр улс орноо нэг хараач?
-Ардчилалтай цуг сонор сэрэмжээ идчихэж болмооргүй. Манийн 20 жил хамгаалсан “нууц”-ыг хоёр, гуравхан жилийн дотор, дотоод гадаадынханд алдчихлаа. “Нууц”-гүй улс болжээ гэж хэлэх байна. Гадаадынханд “дотоодын бодлого” байдгийг санахад илүүдэхгүй. Тэгэх тусмаа үе үед нь уламжлагдаж ирсэн “дотоодын бодлого” тэдэнд байдаг юм. Түүнийгээ мянган жилийн дараа биш, бүр арав, хорин жилд хэрэгжиж буйг харж байгаа биздээ. Монгол, монголчуудын талаар ямар бодлоготойг мэдэж байна уу таминь. Мэддэг, мэдэх ёстой хүч хэрэгслээ устгасан болохоор юуг нь бид мэдэх билээ. Хэнд ч юу ч хэлэх юм алга. Сохор номин л гэсэн үг. “Сонор сэрэмж”, “Нууц хадгалалт хамгаалалт”, “Урьдчилан сэргийлэх ажил” гэдгийг бүр одоо сэргээмээр байна. Замбараагүй, хариуцлагагүй, дэг журамгүй, анархи танхай балмад байдал, зан төрх Монгол орон, монголчуудыг нүүрлэлээ. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ чухам юу гэж үзэж байна? Мэдэж буй бол авсан шиг, нүдэнд харагдаж, гарт мэдэгдэхээр арга хэмжээ аваачээ. Дор байгаа бид ч ер мэдрэхгүй байна. Үдэш болохоор (зарим үед гэгээн цагаан өдрөөр ч гэр орноосоо гарч чадахаа) толгойгоо цухуйлгахаа болилоо. Айгаад аймшиг төрөөд байна. Эргэн тойрон танхайрал, танхайчууд, Хүний амьд явах эрхийн тухай олон улсын хууль тогтоомжоос иш татаж, өөрсдийнхөө хуулинд тусгасан гэх юм. Хэрэгжиж буй нь юу байна. “Бар” болох нь ч яамай. Цаашаа дараа болъё. Өлссөн ч тайван, амгалан байхсан. Эцэг өвгөд саяхны удирдлага ямартай ч монголчууд бидэнд МУ-ын тусгаар тогтнолыг баттай атгуулсан. Яаж ийгээд аваад явах юмсан”.
-Та аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан тухай дурсамжаа бичих үү?
-Улс, эх орон, ард түмэн, аюулаас хамгаалах байгууллагын эрх ашигт харшлахгүй зүйлээр дурсамж бичнэ. Энэ бол миний сэтгүүлчийн үүрэг.
-Эцэст нь та юу хэлмээр байнa?
-МУ-ынхаа тусгаар тогтнолыг хамгаалахад эх орон, ард түмэндээ элэгтэй монгол хүн бүр юм бодъё гэмээр байна…
Ярилцсан Л.Чулуунбат
URL: