“Баян горхины далайн дээрэмчин” С.Эрдэнэ одоо юу дээрэмдэж байна

Одоогоос нэг жил гаруйн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар

Нийгмийн хөгжил хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ хоёр ч гишүүний хамт МҮОНТ-ээр ярилцлагад орсон юм. Тэр үед нийтлэлч Баабар С.Эрдэнийг “Баян горхины далайн дээрэмчин” хэмээн нэрлэж байв. Тэрбээр зөвхөн үүгээр ч зогсохгүй эрхэм сайдыг “хөлдүү тэнэг” ч гэж шууд бичдэг нэгэн. Түүнээс хойш эрхэм сайдтай таарах бүртээ санааны мухартаа хөх инээдийн гал сүүмэлзүүлж  явах төдийгүй заримдаа бүр нэг өөрийн эрхгүй түс гэмээр. Энэ цагаас хойш түүнийг ямар учраас “Баян горхины далайн дээрэмчин” хэмээн нэрлэх болсон юм бол гэж бодох боллоо. Магадгүй, бусад нь ч мэдээж миний ижил бодолтой явааг үгүйсгэхгүй.

     Мань сайд 2008 оны сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Ийн ажиллаж байхдаа даатгалын сангаас багагүй мөнгө “хусчихсан”  хэргээр шүүхээр ял шийтгүүлж, Ганцхудагт хүртэл хоригдож байсан учраас Баабар ийн хэлсэн хэрэг биз ээ. Нийгмийн даатгалын сан гэдэг бол үнэхээр далай биш ч гэлээ аргагүй л баян горхи мөн. Харин баян горхийг далайн дээрэмчний сэтгэлгээгээр дээрэмдэж байна гэсэн утга энэ нэрэнд оршиж буй. Нөгөө талаар горхиноос далайн хэмжээний их мөнгө дээрэмдэж байна гэсэн санаа ч цухалзана. Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа л “Далайн дээрэмчин”-ий ажиллагаагаа эхлүүлсэн нь дамжиггүй.
     Улмаар тушаал дэвшин Нийгмийн даатгалын ерөнхий газар хэмээх их айлыг захиран суух болсон нь ёстой “Баян горхины далайн дээрэмчин” болсон болов уу. Тэрбээр 2009 онд Баянгол дүүргийн шүүхээс ял авахдаа зөвхөн “баян горхины дээрмээр” ч биш сонгуулийн үр дүнг будилуулсан хэмээх давхар ял төлөвлүүлж байсан. Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас мөнгө “хусахад” тодорхой үүрэг гүйцэтгэсэн Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нар болон 2008 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвшихэд УИХ-ын сонгуулийн 25 дугаар хэсгийн хороонд ажилласан  хэсгийн хорооны дарга Н.Ширэндэв, гишүүн Б.Жаргал, Ч.Чулуунчимэг, Г.Намхайдорж нарт шүүхээс тус тус ял оноож толгойлогч С.Эрдэнийг “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд хорьж байлаа. Нэгэнтээ ял төлөвлүүлж, хийсэн хэргээ хүлээчихсэн байсан С.Эрдэнэ гэнэт яагаад суллагдах болов гэдэг нь өөрөө их сонин асуудал хийгээд хүмүүс тэр бүрий мэддэггүй байх. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нь нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруй С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх яриа бий. С.Эрдэнэ сонгуульд өрсөлдөснөөс хойш бараг хоёр жилийн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөж байсан түүхтэй. Хэрвээ АН-аас Ерөнхийлөгч тодроогүй бол өдийд С.Эрдэнэ юун сайдын суудал манатай нарсны нааран дээр сууж байх байв.
       Нэгэн намынх нь нөхөр “Баян горхины далайн дээрэмчин”-гээс эхлээд мулгуу тэнэг хэмээн шууд бичиж байдгийг бодоход нэлээд ширүүн дээрэмчин байх. Харин одоо “Баян горхины далайн дээрэмчин”-гийн маань дээрэмдэх савны хэмжээ ихэсч, “Баян горхи” ч биш Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хэмээх “баян далай”-тай болсон нь мэдээж. Нөгөө талд түүнд хараа хяналт тавих ямар ч арга байхгүй. Шүүх эрх мэдлээс эхлээд бүх зүйл намынх нь гарт орсон учраас ёстой л дээрэмдэж байгаа байлгүй. Өчигдөрхөн шүүхээс 5-6 жилйин төлөвлүүлж, урьдчилан хорих төвд хоригдож байсан нөхрийг намаас нь гарсан Ерөнхийлөгч шууд суллаж, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэн, улмаар дараагийн сонгуульд өрсөлдүүлж, өдгөө сайдын сэнтийд залсан нь манай төр ямар бохир байгааг л харуулсан хэрэг. Ийм л гэмт хэрэг өдүүлж, яллуулж явсан С.Эрдэнэ өдгөө Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болчихсон явна. Цухас дурдахад бидний халааснаас мөнгө хулгайлахаас эхлээд олон хар намтар түүхэнд бичүүлсэн эрхэм хүн амаа хөгжүүлж, нийгмээ хамгаална гэдэгт хэн итгэх вэ.
Эх сурвалж:unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих