Э.Бат-Үүл хүйтэн өвөл цахилгаанаа бага зарцуулахыг Нийслэлчүүдэд уриаллаа

Эрхэм хүндэт нийслэлчүүд, нийслэлийн иргэд ээ

Энэ өвөл Улаанбаатар хотод олон жилийн дунджаас илүү хүйтэн болох төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа ч хүйтний эрч чангарахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа билээ. Иймээс бид ард иргэдээ тав тухтай, дулаан өвөлжүүлэх зорилгоор нийслэл хотыг дулаан, цахилгаанаар хангадаг мэргэжлийн байгууллагуудыг  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулж байна. Цаашид хотын дулаан, цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болох, удирдлагын оновчтой тогтолцоотой болгох талаар шийдвэртэй алхмуудыг шат дараатай хэрэгжүүлэх болно. Нэг талаас нийслэлийн төр захиргааны байгууллагууд өвлийг ажралгүй давахад бүгд анхаарахаас гадна аж ахуйн нэгж, иргэд хариуцлагаа өндөржүүлэх, хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэх шаардлагатай боллоо. Монголчууд “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог” гэх мэргэн үгийг өөр хоорондоо хэлэлцдэг. Тийм учраас нийслэлийн иргэн бүр орон байраа сайтар дулаалж, аж ахуйн нэгжүүд дулааны алдагдлыг багасгах, үйл ажиллагаандаа хэмнэлтийн горим нэвтрүүлэхийг уриалж байна.

Бүгдээрээ тав тухтай, өнтэй сайхан өвөлжихөд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд, тэдний удирдлага, ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд та бидний оролцоо, хариуцлага нэн чухал билээ. Иймээс та бүхэнд дараахь хэмнэлтийн зарчмуудыг мөрдлөг болгохыг хүсье.

Нэг. Өвлийн их ачааллын үед цахилгааны хэрэглээг аль болохоор багасган хэмнэж, цахилгаан бага зарцуулалттай гэрэлтүүлэгч хэрэглэх, хэрэгцээгүй үед өрөө тасалгааны гэрлийг унтраах, ашиглаагүй цахилгаан төхөөрөмжийг хүчдэлээс бүрэн салгах

Хоёр. Ажиллаж буй албан тасалгаа, амьдарч байгаа орон сууц, байшин, гэрийн цонх, хаалга, орцыг дахин нэмж дулаалах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан, дулаан, цэвэр ус дамжуулах шугам сүлжээ, дамжуулах станц, системд үзлэг хийж, доголдлыг шуурхай засварлах

Гурав. Өөрийн ажиллаж амьдарч байгаа байр, оффисын орчны 50м хүртэлх зам, талбайн цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх

Дөрөв. Автомашин, тээврийн хэрэгслийн өвлийн улирлын үйлчилгээг хийлгээгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй байх,  өвлийн дугуй тавих, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан сонор сэрэмжтэй болгоомжтой оролцох

Тав. Газар шорооны ажил хийхдээ холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч цахилгаан, дулааны шугам сүлжээг гэмтээхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр


URL:

Сэтгэгдэл бичих