Лицензийн хориг тавигдаж найр болно гэв үү , Ерөнхийлөгч өө

Ашигт малтмалын лицензид тавьсан хориг 10 гаруй хоногийн дараа цуцлагдана. Өөрөөр хэлбэл, хуучин онтой хөтлөлцөн улиран одох юм. Харин шинэ оны эхний өдрүүдээс эхлэн лиценз олголт эрчимжих бололтой. Монгол орны нутаг дэвсгэрийг лиценз хэлбэрээр харийнханд “өмчлүүлсэн” явдлыг таслан зогсоож, замбараагүй олгогдсон дарга нарын “гарын үсэг”-ийг эмхлэн цэгцлэхээр Төрийн тэргүүн авлигчдын үүр уурхайн хаалгыг хаах шийдвэрийг 2011 оны зургадугаар сарын 3-нд гаргаж байлаа.

 

Төр төмөр нүүртэйг харуулах цаг нь болсон хэмээн тухайн үед парламентын гишүүд уухайлан дэмжиж байсан бол энэхүү шийдвэр гадны хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлолыг олон хүн анхааруулж байв. Гэсэн ч шийдвэрийг олонхиороо бодлогыг нь бид дэмжиж найр тавьж хоолныхоо дээжийг аягалах болсоор удав. Мөнгө ихтэй, мөрөөдөл биелүүлэх баталж, мөрдөх үүрэг даалгаварыг тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв.

 
Лицензийг шинээр олгохыг хориглосон энэ хугацаанд Төрийн тэргүүн зүгээр суулгүй Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж ирэхээ амласан юм. Гэвч товлосон зургаан сарын хугацаа дуусгавар болоход Ерөнхийлөгч дахин сунгахыг хүсэв. Хуульд өөрчлөлт оруулж, боловсронгуй болгоход дахин нэг жилийн хугацаа шаардлагатай гэж тэр “албат”- аараа дамжуулсан байлаа.

 

Ийнхүү 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Ашигт малтмалын лиценз шинээр олгохыг хориглосон юм. Өнөөх товлосон хугацаа дуусгавар болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барих хуулийн төслийн бараа сураг алга. Энэ тухай санах эрхэм ч парламентад байхгүй байгаа нь ардчилсан Ерөнхийлөгч хугацаа хожиж байсан юм биш биз гэх хардлага төрүүлээд байна.

 

Ц.Элбэгдоржийн санаачлагыг өмнөх УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр гараа өргөн дэмжиж, бүр асуудлыг нь шийдвэрлэхгүй бол завсарлага авч шахалт үзүүлж байлаа. Тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажил хэт хавтгайрсан, хяналтгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүргэлээ, Дархан цаазат уул, ус гээд байгалийн үзэсгэлэнт нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголт хэт олширсонд эрх баригчдыг буруутгаж, дээрх санаачилгыг эрчимтэй түлхүүрдсэн юм.

 

Гэтэл УИХ-ын тавьсан хориг дуусгавар болох гэж байхад ах намыг шантаажлан байж, хүссэндээ хүрсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, эрх баригч болсон АН-ынхан ч таг чиг. Уг нь өмнөх Ерөнхий сайд хэвлэлээр гөвүүлж, түүний танхимынхан “авлига”-аараа цоллуулж байх учиртай баймаар. Нөгөөтэйгүүр, Төрийн тэргүүн өнөөдрийг болтол өнөөх алдарт хуулийн төслөө өргөн бариагүй байгаа тул дахин хугацааг сунгах асуудал хөндөгдмөөр. Асуудлыг шуурхайлан түлхүүрхдэж байсан.

 
АН-ынхан ч энэ талаар асууж, сураглах учиртайсан хэмээн ажиглагчид харж байна. Гэвч тэгсэнгүй. Одоо өөрсдөө эрх баригчид болсон учраас ямар ч хяналтгүйгээр Монголынхоо газрын баялгыг одоо л зарж хөрөнгөжхөөр арай шийдсэн юм биш биз. 1996 оны ардчиллын “баяр”-аар төрийн өмч, хөрөнгийг дур зоргоороо “хувьчилсан” шигээ өвөр түрийгээ түнтийлгэх их аяныг өрнүүлэх санаархал агуулаагүй л байлтай.

 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт замбараагаа алдаж Монголын маань газар нутаг бараг тэр аяараа лицензээр дүүрсэн байсан нь гарцаагүй үнэн. Нэг үе Монголын нийт газар нутгийн 40 орчим хувийг эзэлж байсан лицензийн тоо С.Батболдын Засгийн газрын үед 10 гаруй хувь болж багассан юмсан уг нь. Тодруулбал, 2006 онд 964, 2007 онд 691, 2008 онд 1358, 2009 онд 628, 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 128 ширхэг тусгай зөвшөөрөл шинээр олгогдсон байдаг аж.

 

Энэ үзүүлэлтээс харвал 2007 онд буурах үзүүлэлттэй байсан тоо 2008 онд хоёр дахин өссөн байх жишээтэй. 2008 онд УИХ- ын сонгууль явагдаж төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийгдсэн үе. Энэ онд 1358 тусгай зөвшөөрөл олгогдсоноос үзэхэд үнэхээр ашигт малтмалын салбар, хяналтгүй, төрийн байгууллага нь албан тушаал ашиглагчдын авлигын үүр бий болсон байхыг үгүйсгэх аргагүй. Түүнээс хойш дахин шат дарааллаар буурчээ.

 
Ашигт малтмалын салбар бохир мөнгөний уурхай болоод байгааг хүн бүр мэдэж байгаа. Тэр дундаа үргэлж энэ талаар амаа ангатал ярьж байдаг АН-ынхан бүр ч сайн мэднэ. Ашигт малтмалыг түүхийгээр нь татваргүй зөөдөг, хямд үнээр хилээр гаргачихаад хилийн цаана хувааж авдаг, Тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр луйварддаг, нөхөн сэргээлт хийдэггүй гээд тэдний шүүмжлэл ч хурц.

 

Малын бэлчээрийг ашигт малтмал олборлохоор ухаж, сэндийчэн, түүний үр шим нь монголчуудад ирэхгүй байгаа тухай ах намынханд эрүүний шөл уулгаж байсан тэд яагаад дуугүй болчихов. Шинэчлэлийг хуулийн дээс алхахаар эхлүүлсэн тэд энэ салбарт ямар сюрприз барихаар төлөвлөгөө боловсруулж байгаа нь хачирхалтай л юм.
Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих