Намайг хаяж, надад хаягдаагүй цорын ганц нөхөр минь гитар

Амгалангийн авто вокзал дээр Ард түмний гавьяат Н.Төмөрхуягтай санамсаргүй тааралдаж, хэдэн хором саатуулав. Тэрбээр нэг гараараа таягаа барьж, нөгөө мөрөндөө гитараа үүрчихсэн явна.
-Сайн байна уу. Таны гитар нүдэнд тусмагц “Хорвоод намар ирдгийг мартсан Хонгор хүүгээ уучлаач, ээж ээ” хэмээн дуулах чинь чихэнд сонсогдох шиг л боллоо?

-Сайн. Сайхан өвөлжиж байна уу. Хаана ч явсан гитартайгаа явсаар байгаад сурчихаж. Гитаргүй явахаар нэг гаргүй болчихсон юм шиг л санагддаг. Энэ хорвоогийн сайн, мууг гитартайгаа л хамт туулж явна. Гитар минь намайг хаяж, надад хаягдаагүй миний цорын ганц үнэнч найз. Олон ч гитар элээлээ. Хүнд бэлэглэж, заримыг нь хулгайд алдсан. Гитаруудаа цуглуулсан бол овоо цуглуулгатай болчих байсан биз.

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай таныг “Сэтгэл уруу татдаг дуучин” гэдэг. Та “Хүмүүс яагаад миний дууг сонсдог юм бол” гэж бодож байв уу?

-Би гавьтай хоолойтой хүн биш. Надад дуулах сэтгэл л байдаг юм. Дуунууд маань миний дотоод сэтгэлийн мэдрэмжээс гардаг болохоор л хүмүүст хүрдэг байх.

-Та өөрийгөө хулигаан явсан л гэдэг. Гэвч огт тэгж харагддаггүй?

-Залуу ч, омголон ч байж дээ. Дургүй хүргэсэн нэгэнтэй нударга зөрүүлэх ч энүүхэнд шүү дээ. Хүмүүс намайг хараад их зөөлөн хүн юм гэдэг. Гэтэл би залуу цагтаа Өндөрхааны гудамжны хулигаан гэгдэж, Солгой, Хутга Төмөрөө хэмээн хочлогдож явлаа. Хутгандаа бүр мэргэшсэн гэхэд болно. Хүмүүс үүнийг буруугаар мушгнж ойлгох вий дээ.

 

Айж, ичих, эмээхийг ч мэддэггүй байж. Хэдийгээр хулигаан ч гэсэн ахмад хүмүүсээс айна, тэднийгээ хүндэтгэнэ. Үеийнхэнтэйгээ зодоон цохион хийхээс биш насаар ах хүний дэргэд бол хонь. Урлаг намайг хүмүүжүүлж, насаараа хулигаан гэгдэхээс аварсан даа.

-Таны үеийн залуус ахмадуудаа хүндэлж сурсан хүмүүс. Харин өнөөгийн залуус хүндлэл гэдгийг бараг мэддэггүй гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байх аа?

-Хүн бүрийг л хүндлэх ёстой. Хүндлэлийн цаана хүний сэтгэлийн хамгийн нандин зүйлс явж байдаг. Уран бүтээлчдийн хүндлэл илүү дотно л доо. Нэг нэгнийхээрээ орж гаран, ууж идэж, наргиж цэнгэж л явлаа. Харин ахмад хүний урдуур гарахгүй, дэргэд нь чанга дуугарч, тамхи татаж, архи уухгүй. Одоогийн залуус бол дайрчих шахаад гүйнэ. Бүр “Ах аа, гал байна уу” гэж хээв нэг асууна шүү дээ.

 

Өнөө цагт хүндлэл гэдэг зүйл огт байхгүй болчихсон юм шиг л санагддаг. Энэ цаг үеийн ороо бусгаа амьдралын хэв маягаас л болоод тэр байх. Даяаршил гэдэг зүйл чинь улс орны хэл, зан заншил, соёл урлагийг устгачихдаг юм биш үү. Энэ даяаршлыг дагаж далдаганаад байвал Монгол гэдэг улсын бүх нандин юм устаж алга болох л байх.

-Олон зүйлд санаа зовниж явдаг бололтой. Нийгмийн хар бараан зүйлсийг огт хараагүй, дуулаагүй юм шиг байж болдоггүй юм уу?

-Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл алга. Нүдний өмнө ил болоод байгаа зүйлийг яаж харахгүй өнгөрөх юм бэ. Үүнээс болоод үс минь цайгаад, бүр цагаан болчихлоо.

-Нас ахихаар бүх хүний л үс цайдаг шүү дээ?

-Үгүй ээ. Болж бүтэхгүй байгаа бүхнийг харж, бухимдаад байхаар үс хүртэл хурдан цайх юм. Энэ хотоор дүүрэн уур бухимдал. Автобусанд суусан ч кондукторт загнуулж, замаар гарсан ч жолооч нарт хараалгана. Гэтэл хөдөөгийн нэгэн уулын аманд хэдэн малаа хариулаад л, тулгандаа галаа түлж, тогоондоо цайгаа үйгээд сууж байгаа айл айл ямар их жаргалтай харагдаж байна аа.

-Хөдөөний хүн болохоор ч тэр үү, хөдөөрүүгээ л сэтгэл татагдаад байна уу?

-Хотод амьдраад байх сонирхол бага шүү. Хөл минь гайгүй бол хөдөө л явмаар байна.

-Сая та орон нутгийн билет бичүүлж харагдсан. Нутаг явах нь уу?

-Үгүй ээ. Өмнөговь явах санаатай. Гадуур хальтиргаа ихтэй, залуус машин барина гэж бүр баллаж тавих юм. Зөвхөн автын ослоор жилд 500 гаруй хүн хорвоог орхиж байна гэнэ. Ямар дайн болж байгаа биш дээ. Монголчууд Халх голын дайнд ч ийм олноороо үхээгүй юм гэнэ лээ.

-Та машин барьдаг биз дээ. Машинаас тэгтлээ айдаг хэрэг үү?

-Би 1967 оны жолооч шүү дээ. Айлгүй яах вэ. Өнөөгийн жолооны курсыг алуурчин бэлтгэх дамжаа гэж нэрлэмээр санагддаг юм. Одоогийн жолооч нар явган зорчигчдыг хүндэлнэ гэж үгүй. Машинаа олигтой жолоодож чадахгүй байж, утсаар яриад, өөр тийшээ цоо ширтээд явахыг нь яана.

-Та 1992 оноос хойш бараг л уран бүтээл хийсэнгүй. Хүмүүс таныг их үгүйлж байгаа даа?

-Арав гаруй жил архитай нөхөрлөлөө. Үүнээс болоод л уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн дөө. Гэхдээ сүүлийн үед залуу уран бүтээлчид маань хаа нэг тоглолтдоо урьж дуулуулдаг болсон. Хөл өвдөхгүй, бие гайгүй бол яваад л очдог юм.

 
-Одоо балгахаа больсон биз дээ?

-Больсон. “Боль” гээд цаанаасаа дохио өгөөд байгаа юм байлгүй. Хөл, гар хөшөөд, бие минь ч явдал дийлэхээ болилоо.

-Таяг тулаад нэлээд удаж байгаа байх аа?

-Бараг долоон жил болж байна. Заримдаа энэ залуучуудын өмнөөс гутрах юм. Хөл муутай надаас ч долоон дор. Тархиа мэдлэг, боловсролоор цэнэглэхгүй. Гаднах үзэмжиндээ л хэтэрхий анхаарах юм. Энэ залуусыг ямар амьдрал хүлээж байгаа бол.

 
-“Амьдрал ямаршуу байна даа” гэдэг асуулт тавихад та нэлээд дурамжхан ханддаг юм шиг санагдсан?

-Ах нь гайхуулаад байх амьдралтай хүн биш шүү дээ. Арваад жил ганцаараа амьдарлаа. Хоёр ч сайхан бүсгүйтэй амьдралаа холбож, болж бүтэхгүйн эрхээр салсан.

-Насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болъё гэж бодогдохгүй юм уу?

-Ааш араншин таарахгүй, хүн зовоохын нэмэр биз. Хэрэгт дуртай хүмүүсийн ам хэлний бай болж, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэр болно.

-Та тийм аймаар ааштай хүн үү?

-Аав маань намайг “Чи бол хүнтэй битгий хэл өөртэйгөө ч нийлэхгүй хүн” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Ийм хатуу үг сонссон болохоор ч тэр үү, дахиж хүнтэй гэрлэхийг хүсээгүй. Тэгээд ч өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин гэж хэцүүгийн туйл болсон миний дэргэд тогтох хүн олдохгүй биз.

-Гэр бүлтэй сайхан амьдарч байснаа эргэн дурсахдаа “Би тэднийгээ жаргааж чадсан болов уу” гэж боддог уу?

-Тэрийг хоёр сайхан гэргий минь хэлэх байх даа. Тэр үед би ядаж л архи дарс уудаггүй байлаа. Жаргалтай үед жаргалтай л байсан байх.

-Ганцаардахгүй байна уу?

-Би нэг их ганцаардаад байдаггүй юм. Ганцаардвал гансарсан сэтгэлээ номтой хуваалцдаг. Эхнэр, хүүхэдтэй байлаа. Гурван сайхан хүүтэй хүн юундаа ч харамсал гутрах вэ дээ. Надад хорвоо гурван сайхан хүү заяасны төлөө бурхан гэж байдаг бол түүнд “Баярлалаа” гэж хэлмээр санагддаг. Гурван хүү маань тусдаа гараад, сайхан л амьдарцгааж байна.

-Охин хүүхэдтэй байсан бол нас өндөр болсон хойноо ганцаараа амьдрахгүй л байсан байх даа?

-Би эмэгтэй хүүхэдтэй болсон бол ар, өврөөс нь чаргууцалдаж, хэл ам татлаад тэднийгээ их. л зовоох байсан биз. Бурхан тэрийг нь мэдээд, надад охин хүүхэд заяагаагүй байх.

-Намайг бүр хүүхэд байхын л та ийм буржгар урт үстэй байсан. Одоо ч өнгө нь хувирснаас өөрөөр өөрчлөгдсөнгүй шүү?

-Би 1980-аад оноос гэзэг тавьсан. Одоо ч ургахаа больжээ. Тэжээлийн дутагдал болсон юм байлгүй дээ.

-Яг одоо та юуг хамгийн их хүсч байна
вэ?

-Эрүүл л баймаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих