“ЧАЛКО”-ГИЙН УЛАЙРАЛ БА МАН-ЫНХНЫ БАЛАГ

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн шинэ удирдлагууд тун хатуу, халуухан, хvндхэн нөхцөл байдалд “Чалко”-гийн гэрээг эргэн харах хэлэлцээ хийж байгааг эх сурвалж хэллээ. “Саалийн vнээгээ төхөөрөөд иргэддээ vмх мах, атга гурил тараажээ” гэж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гvйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа хvлээн аваад удаагvй байхдаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн нь саяхан. Тэрээр, Монгол Улсын иргэн бvхэн 1072 хувьцаа эзэмшдэг Таван толгойн ордоо саалийн vнээтэй зvйрлэсэн хэрэг. Энэ том ордоо vр ашигтай ажиллуулж байж л жил бvр хувьцааны ногдол ашгийг иргэд маань хvртэх учиртай. Гэтэл өнөөдөр гэрээг нь Монголын тал буюу манай төр, засгийн удирдлагууд ямархуу байдалтай болгочихоод байгаа билээ. Манайхан сонгуулиас өмнөх хугацаанд төрийн эрх барьж байсан МАН-ын Засгийн газрынхан гээд шууд хэлчихэд нэг их буруудахгvй. Тэдний байгуулсан гэрээнээс болж Таван толгой төслийн ашиглалт, олборлолт хариуцсан төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК хэцvvхэн байдалд орчихоод байгаа нь олон тvмний өмнө нэгэнт ил байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагаас “Чалко”-д гэрээгээ өөрчлөхгvй бол Зvvн Цанхийн олборлолтоо багасгаж, Баруун Цанхийн олборлолтод анхаарахаа илэрхийлсэн байна.

Гэтэл Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчдад хувааж өгөх УИХ-ын 39 дvгээр тогтоол хvчин төгөлдөр хэвээр байгаа. Консерциумд оролцох компаниуд нь Баруун Цанхийг монголчууд өөрсдөө ашиглах саналыг бvхий л талаар эсэргvvцэж, компанийн удирдлагуудад дарамт vзvvлж байгаа аж.


Ийм байдлаас болж төрийн өмчит компанийнханд саад тодгор чамгvй тохиолдсоор. Ерөнхийдөө өмнө нь засаг тэргvvлж асан урагшгvй ноёдын хийсэн балгаас vvдэн хvнд нөхцөлд хэлэлцээ хийж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудыг “Та нар л мэд” хэмээн зөнд нь орхих хэрэг биш болсон гэдгийг нуух юун. “Чалко”-гийн улайрал ч анхаарал татаж байна. Энэ компанийн талаар бид юу мэдэх билээ. “Чалко” Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин компани. Эднийх vндсэн ашгаа хөнгөн цагаан vйлдвэрлэлээс олдог байсан ч олон улсын биржvvд дээр энэ металлын ханш тасралтгvй унаж байгаа билээ. Vнэндээ “Чалко” компани монголчуудын алдаан дээр дөрөөлж, өөрсдөдөө маш ашигтай гэрээ байгуулсныг хэн ч ойлгоно. Өөрөөр хэлбэл, МАН-ын томчуул УИХ-ын сонгуульд зарцуулах мөнгө олохын тулд улсаа ч худалдахаас буцахгvй болж, мөнгөний эрэлд гарсан vед сиймхий гарсныг ашиглан энэ гэрээг хийчихсэн гэнэ. Гэхдээ тэд олзны хойноос улайрч байгаа нь илт харагддаг. Толгой компани “Чайналко” нь Оюу толгой ордыг “Рио Тинто”-гоос булаах гэж тус ордын гэрээг ид яригдаж байх vеэр “Рио Тинто”-гийн ажилтнуудыг Бээжинд баривчилж, хорин дарамталж байсан нь тухайн vедээ шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Дараагийн ээлжит дуулиан нь “Чалко” компани өнгөрсөн хавар “Саус Гоби Сэндс”-ийн Нарийн Сухайтын ордыг авах гэж байгаад монголчуудын эсэргvvцэлтэй тулгарсан хэрэг байлаа. УИХ-аас маш яаралтай Стратегийн ач холбогдол бvхий салбарт vйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар “Чалко” аргагvйдэж наймаагаа зогсоосон юм.
Харин өнөөдөр тэд өмнөх Засгийн vед Таван толгойн хийсэн өөрсдөдөө ашигтай гэрээгээ өөрчлөхийг огтхон ч хvсэхгvй гэдийсээр… Энэ асуудлаас vvдэн хоёр улсын гадаад харилцаа, эдийн засаг, худалдаанд сэв сууж ч болзошгvй нь. Засгийн газар, Гадаад харилцааны яам ганцхан компанийн мэдэх хэрэг гээд асуудалд тоомжиргvй бvv хандаасай. Шинэ УИХ өмнөх парламентын vед гаргасан 39 дvгээр тогтоолыг эргэн харж хvчингvй болговол улс эх орон, иргэдийн эрх ашигт нийцэх. Ард тvмэнд ашиггvй шийдвэрийн эсрэг хvссэн хvсээгvй тэмцдэг шvv дээ.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих