Б.Энхтөр: Хүүгээ ядаж хиймэл гартай болгомоор байна
Золгүй явдлын улмаас сэтгэлийн шаналал амсч, өдгөө хүртэл хэргийн үнэн зөвийг нь олж чадаагүй яваа Дархан- Уул аймгийн харьяат Б.Энхтөр манай сонинд хандлаа. Түүний хоёр хүү өнгөрсөн 2010 онд галт тэргэнд дайруулснаас том хүү нь амиа алдаж, бага нь хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Чухам ямар хэргээс болж хүү тань амиа алдсан юм бэ?
-Хоёр жилийн өмнө буюу өнгөрсөн 2010 оны тавдугаар сард Дархан-Уул аймагт миний хоёр хүү галт тэргэнд дайруулж нэг нь газар дээрээ амьсгал хурааж, нөгөөх нь тахир дутуу болж хоцорсон. Тухайн үед тэр галт тэрэг дохиочин, найруулагчгүй явж байсан юм билээ. Тэгээд хойгуур нь дүүгээ тэврээд гарч байсан хүүг маань харалгүй ухрахдаа дайрчихсан. Талийгаач хүүгийн маань биеийг хоёр хэсэг болгоод 138 км газар эрхтэнийг нь цувуулаад давхихдаа хэн ч мэдээгүйд л хамгийн их гомдож байна.
-Дүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Бага хүү Э.Энхмөнх ослоос болж баруун гаргүй болж, цус нь бохирдсон тул биеэр нь байнга юм туурдаг болчихлоо. Биеийн байдал нь тааруу байгаа тул БНСУ-д эмчилгээнд явуулах гээд хөөцөлдөж байна. Төмөр замаас эмчилгээний зардлыг нь өгөөч гэж хүсч байгаа юм. Би нэг хүүгээ аймшигтайгаар алдлаа. Ядаж нөгөөг нь авармаар байна шүү дээ.
Одоо хүү маань цэцэрлэгт явж байгаа. Үеийнх нь хүүхдүүд гаргүй гэж шоолдог.Балчир болохоороо юмны учрыг сайн мэдэхгүй тулдаа л тэсч байгаа байх. Хүүгийнхээ ирээдүйд сэтгэл их зовниж байна. Ядаж хүүдээ хиймэл гар ч болтугай хийлгэх юмсан гэж бодох юм. Баруун гарнаасаа болоод нуруу нь шохойжсон. Осол гарснаас хойш манай гэр бүлийн амьдрал ч хэцүүдлээ.
-Та шүүхэд гомдол гаргасан биз дээ. Хэрэг ямар шатандаа яваа юм бэ?
-Осол гарснаас хойш дөрвөн удаа шүүх хурал болж байна. Дараагийн шүүх хурал нь ирэх сард болно. Төмөр замын цагдаагийн хэлтсийнхэн ийм осол байнга л болдог гээд тоохгүй юм. Эхний шүүх хурлаар галт тэрэгний найруулагч Батболдод хоёр жилийн тэнсэн өгсөн. Одоо тэр ажлаа хийгээд зүв зүгээр л явж байж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж давж заалдаад байх юм. Хүүгээ алдсан би хэл ам хийхгүй байхад хүүг минь хөнөөсөн байгууллага шүүхдээд байна. Түүнчлэн намайг шүүх хуралд хэргийн хохирогчоор оролцуулахгүй гэсэн.
-Та хүүгийн эцэг нь мөн биз дээ?
-Мөн байлгүй яахав. Албаны бүхий л бичиг баримт нь надаар овоглодог. Төмөр замын тээврийн прокуророос ийм сонин тайлбар хэлээд байгаа. Би гурван удаа шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэтэл ээжийг нь оруул гэсэн хариу хэлдэг. Гэтэл ээж нь одоо болтол сэтгэл санааны хүнд дарамтаас гарч чадаагүй байж хүүгийнхээ хэдэн хэсэг болсон зургийг яаж харах юм.
-Төмөр замаас танай гэр бүлд нөхөн олговор олгосон уу?
-Хоёр өрөө байр өгсөн. Гэхдээ үүнийг хүүд маань өгсөн гэж хэлсэн юм. Хэргээс өөр зүйл байхгүй юу. Гэтэл одоо болохоор хоёр өрөө байраа нөхөн төлбөр гэж тайлбарлаад байгаа. Ахад нь тэр байрны хэрэг үнэндээ алга. Миний хүүтэй адилхан галт тэргэнд дайруулж амиа алдсан хүүхэд олон байгаа шүү дээ.
-Та байраа зараад эмчилгээний төлбөр хийж болохгүй юмуу?
-Шүүх хурал дуусаагүй байхад тэр байрыг зарах эрх байхгүй. Дараа нь бас л асуудал үүснэ шүү дээ.
-Таныг “Төмөр замаас хохирогчдын холбоо” -г байгуулсан гэж сонслоо. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Би “Төмөр замаас хохирогчдын холбоо” болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”- ны дэд тэргүүнээр ажилладаг. Төмөр замын ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон, амиа алдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бид хамтарч шаардсаны хүчинд галт тэргэн доогуур гардаг нүхэн гарцыг төмөр замынхнаар бариулж чадсан.
Гэхдээ олон хүний алтан амиар наадсаныхаа дараа иргэдийн шахалтаар барьж байгаа юм. Төмөр замтай холбоотой ямар ч осол гарсан дандаа тэдний зөв болж үлдчихээд байна. Тэд хүн дайрчихаад гэр бүлийнхэнд нь ч хэлэлгүй оршуулчихдаг. Миний хүүг тус газрын хоёр ажилтан эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан байсан. Ингэхдээ “чихэр зардаг хүүхдүүд” гэж хэлсэн байгаа юм.
Ахыг нь аль хэдийнэ цогцос хадгалах газарт хийчихсэн байсан. Иймээс ядарч яваа иргэдийнхээ эрхийг хамгаалдаг байх үүднээс энэ холбоог байгуулсан. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувилал байгуулах санаатай байгаа.
-Та цаашид хэнд хандаж, ямар арга хэмжээ авах бодолтой байна вэ?
-Би заавал хүн яллах гээд улайраад байгаа юм биш. Хүүгийнхээ эрүүл мэндэд л санаа зовж байна. Энэ ослоос болж эхнэрийн маань бие муудаж, ухаан санаа нь самуурсан. Хэрэв эхнэр бид хоёр унаад өгвөл хөгжлийн бэрхшээлтэй хүүг маань хэн хамгаалах юм бэ. Ядахдаа 16 нас хүртэл нь төмөр зам харж хандах хэрэгтэй. Хүүгээ боловсролтой болгомоор байна. Их олон асуудал байна даа.
Нэг шүүх хурлаас нөгөө шүүх хурлын хооронд явсаар би ч ядарч байна. Бараг л нэг чемодан баримт бичиг цуглуулсан. Одоо муухан хуульчаас дутуугүй хуулийн мэдлэгтэй болж байна даа. Удахгүй өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийхээр төлөвлөж байна. Галт тэрэгний ослоос болж амьдрал минь хэрхэн орвонгоороо эргэснийг, яаж тэмцсэнээ үзүүлнэ. Хүүгийнхээ үхлээр шоу хийх гэж байгаа юм биш. Иргэд бодит үнэнийг мэдээсэй гэж хүсч байна.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:
URL: