ОХУ-д боловсон хүчнээ бэлтгэх хүсэлтэй байна гэв

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Самойленко Виктор Васильевичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сайд Х.Тэмүүжин Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд, Монголын Хууль зүйн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яамтай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж байгаа гэдгийг онцлов. Мөн 2013 оны эхээр  шинэ хуулийн төслүүдээ УИХ-д өргөн барина.

 

Шинээр мөрдөгчийн алба байгуулж хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг хил дамнасан, зохион байгуулалттай далд үйлдэгддэг гэмт хэргүүдтэй тэмцэх тул боловсон хүчнээ чадавхижуулах шаардлагатай байгаа. Монгол Улс сүүлийн 90 жил, тэр дундаа хуулийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнээ ОХУ-д бэлтгэсэн.

 

Тухайн үед тохиолдлоор боловсон хүчнээ бэлтгэж байсан бол одоо Мөрдөх албанд ажиллах боловсон хүчнээ захиалга өгч бэлтгэх хүсэлтэй байна. Эхний ээлжинд одоо ажиллаж байгаа мөрдөн байцаагчдыг богино хугацааны сургалтад хамруулж туршлага судлуулах, хоёрт,  Хууль сахиулах их сургуулийн сонсогчдоос сонгон урт хугацаанд бэлтгэхэд Элчин сайд та гүүр болж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү гэв.

 

Мөн хоёр улсын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг туршлага солилцуулах хүсэлтэй байна гэдгээ дуулгалаа. Элчин сайд өмнө нь манай хоёр улсад хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрүүд байсан. Сүүлийн жилүүдэд бодитой хэрэгжүүлээгүй гэдгийг онцлоод, дээрх хүсэлтээ албан ёсоор бичгээр өгвөл Москва руу дамжуулахад бэлэн байна гэлээ.
Хууль зүйн яам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих