Архины ар дахь харуусал, хагацлын нулимс
Үдшийн мэдээгээр нэгэн эалуу согтуудаа 89 настай аавыгаа хэвтэрт ортол нь зодож гэмтээсэн хэрэг гарсан тухай мэдээлэхийг сонсов. Маргааш өглөө нь ажил руугаа явах зуур сэтгэл өвтгөж, дотор муухайруулсан нэгэн үйл явдалтай таарлаа. Гадаа хүйтэн байсан болохоор эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй гүйх шахам яаран явж байтал согтуу хүний орилох дуу цочоов.
Эргээд хартал замын голд өрөөсөн хөлгүй хүн газар тийчлэн хэвтэж байх нь тэр. Уг нь цэвэрхэн хувцасласан, хорь хүрээгүй залуу байв. Тэрээр “амьдралд гутарч байна, үхэхийг хүсч байна, архи миний нэг хөлийг авсан, одоо амийг минь ав” хэмээн хашгирах нь тэр хавиар явсан бүх хүний анхаарлыг татах аж. Дөнгөж 20 шүргэж буй, ид хийж бүтээх насандаа өрөөсөн хөлгүй, эрэмдэг нэгэн болчихсондоо гутарч буй тэр залууг хүн бүр л өрөвдөж байгаа ч ийн арчаагүйтэн хэвтэж буйд зэвүүцэж буй нь илт.
Энэ бол миний харсан, сонссон зөвхөн хоёрхон л жишээ. Үүний цаана архи гэх гайтай уснаас болж хохирсон олон мянган эалуучууд байдгийг статистикээр өгүүлдэг.
Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Архийг ундаагаа болгогчдын нас улам залуужиж байгааг бүгд л харсаар байна. Монголын өсвөр үеийнхэн буюу 12-17 насныхны дунд явуулсан судалгаанаас үзэхэд, долоон мянган хүүхдийн 6.1 хувь нь согттолоо ууж үзсэн, 54.5 хувь нь амссан, 39.4 хувь нь огт хэрэглэж үзээгүй гэж хариулсан байна.
Өөрөөр хэлбэл, энэ насны 60 гаруй хувь нь архийг хэрэглэж үзсэн гэсэн үг. Хүүхэд архи гэх хорыг яагаад сонирхож хэрэглэж байна вэ. Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь эцэг эхийн муу үлгэр дууриал. Тэд үр хүүхдүүдийнхээ нүдэн дээр архи уугаад зогсохгүй хүүхдээ архинд гүйлгэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд манай улсад архидан согтуурч, мансуурах үзэгдэл газар авч, тэр дундаа залуучууд гол хэрэглэгчид болж байгааг судлаачид ийн тайлбарлаж байна.
Тэд нэгдүгээрт, нийгмийн хэт задгай, чөлөөтэй, эмх замбараагүй байдал, хоёрдугаарт, архи, согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа, мөн хууль тогтоомж сул хэрэгжиж байгаагаас үүдэлтэй гэж үзжээ. Хоногт гарч буй гэмт хэргийн дөрвийн нэг нь согтуугаар үйлдэгдсэн тухай баримт ч байна.
Манай улсын 20-30 насны залуучууд архинд донтож, амьдралаа алдаж, эцэс сүүлд нь өөрийгөө хохироож байна. Учир нь, энэ насны залуусын дунд сургууль төгсөөгүй, боловсролгүй, тогтвортой ажилгүй, гэр бүлгүй нь олонхи байдаг аж. Тиймээс амьдралын идэвхгүй, өөртөө гутарсан, зав чөлөөтэй, зугаа цэнгэл нь ихэдсэнээс архи уудаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийсэн байна.
Дээрх судалгаанаас харахад, сархад савнаасаа бусдыг дийлдэгийн үлгэрээр өнөөдөр архи хэмээх ундаа бидний хүрээнээс хальж, үр хүүхэд, хойч ирээдүйг минь нөмөрч эхлээд байна. Монгол Улсад өнөөдөр архины 91, спиртийн 12, шар айргийн 24 үйлдвэр ажиллаж байна. Хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд энэ нь хэт ахадсан тоо биш гэж үү.
Дотоодын аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 105 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг гэх тоо ч бий. Энэ нь нэг хүнд жилд 42 литр архи ногдож байна гэсэн үг. Сүүлийн үед цөөн хэдэн архины үйлдвэрийг хаасан тухай мэдээлсэн. Тухайлбал, Дархан хотод хаагдсан архины үйлдвэрийг арьс ширний үйлдвэр болгож, чиглэлийг нь өөрчлөх ажлыг хийж байгаа нь сайшаалтай.
Цаашид ч хаагдсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, архины үйлдвэрүүдийг цөөлөх мессеж нийгэм дунд өрнөөд байгаа. Ингэвэл залуусыг архинаас аврах, энэ асуудлаас ангижрах бүрэн боломж байгаа гэдэгт найдаж байна. Эн тэргүүнд архины үйлдвэрлэлд өндөр хяналт шаардлага тавьж, чанартай цөөхөн үйлдвэртэй болж болно.
Гэхдээ одоогоор согтууруулах ундаанд тавих татварыг нэмэгдүүлж, үнийн бодлогоор зохицуулалт хийсэн ч нэмэр болоогүй байгааг анзаарах нь зүйтэй биз ээ. Түүнээс гадна архины зөвшөөрлийг хүссэн дэлгүүр, хоршоололд олгох нь зүйтэй юү. Нийслэл хотод маань гурав алхаад л архи зардаг дэлгүүр байна шүү дээ.
Ойрын өдрүүдэд хаа сайгүй л шинэ оны баярын уур амьсгал орж, хөл хөдөлгөөн ихтэй байна.
Согтуу хөлчүү хүмүүс энд тэндхийн гудамж талбайд орилж хашгичих, агсрах, дуулж хуурдах нь олширлоо. Энэ дүр зураг тийм ч сонин содон байхаа больжээ. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс ч дүжирчихсэн бололтой шаардлага тавьж харагдахгүй юм. Тэр бүүхэл өвлийн энэ хүйтэнд согтуу хүн тасарч газар унаж хөлдөхдөө хүрсэн ч үг хэлэх хүн олдохгүй болж байна. Дээхэн үед цагдаа дууддаг байсан. Одоо харин энэ бол байдаг л үзэгдэл болчихсон бололтой.
Хүмүүс яагаад архидан согтуурч, мансуурч байна вэ гэсэн асуултад Америкийн нэгэн сэтгэл судлаач бодит байдлаасаа зугтахыг хичээснээс тэр гэж хариулсан аж. Учир нь, согтууруулах ундаа бол тухайн хүнийг ганцаардсан, гутарсан, сэтгэлээр унасан байдлаас ангижруулж, азгүй, ажилгүй, ядуу гэдгийг нь хэсэгхэн хугацаанд ч мартагнуулж өгдөг. Бодит байдал аюултай санагдсан үед согтууруулах ундаа байдлыг өөрчлөх боломж олгодог хэмээн тэрээр тайлбарлажээ.
Үүнээс гадна архийг анх дүрсгүйтэж хэрэглэж үзээд түүнд татагдах нь олон байдаг байна. Өөрөөр хэлбэл, бага багаар хэрэглэсээр яваандаа донтох аюулд ордог аж.
Сүүлийн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгджээ. Дэлхийн хэмжээнд жил бүр 1.8 сая хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээсээ болж нас барж байгаа аж.
Тэгвэл байнга архи ууж өвчин эмгэгтэй болж нас барсан тохиолдол нь 3.2 хувийг эзэлж байна. Архидан согтуурснаас болж эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, ах дүүс, айлын алагхан үрийг хөнөөж, мөн автомашин согтуугаар жолоодсоноос өөрийнхөө болоод бусдын амь насыг хохироох, дээрэм танхай, хүчирхийлэл гээд олон гэмт хэрэг гарахын эх үүсвэр нь болж байна. Эцсийн эцэст, энэ бүхний ард харуусал, хагацлын нулимс л байдаг шүү дээ.
URL: