Б.Нямсүрэн: Дэлбэрсэн компьютерийн үйлдвэрлэгч нь тодорхой бус байгаа

Нийслэлийн 84 дүгээр сургуульд хичээлийн зориулалтаар тараасан зөөврийн компьютер дэлбэрч хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай мэдээлэл цацагдсан. Мэдээллийн мөрөөр тус сургуулийн бага ангийн менежер Б.Нямсүрэнтэй холбогдож зарим асуудлын талаар ярилцлаа.

-Танай сургуульд хичээлийн зориулалтаар тараасан компьютер дэлбэрсэн гэж сонслоо. Энэ талаар хариулт өгөөч?

-БСШУ-ны яамнаас “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн дагуу сургуулийн бага ангийн сурагчдад зөөврийн компьютер тараасан. Тэднийг нэг ангид зэрэг ашиглах боломж манай сургуульд одоогоор байхгүй болохоор анги удирдсан багш нь гэр гэртээ авч харихыг зөвшөөрсөн юм билээ. Компьютертэй болно гэдэг бол хүүхдүүдийн хичээлийн идэвх сайжрахаас эхлээд олон сайн талтай шүү дээ. Гэтэл 5б ангийн сурагч Б.Мөнхбаяр хүүгийн компьютер дэлбэрч эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

-Компьютер дэлбэрэх шалтгаан нь юунаас үүдэлтэй юм бол?

-Анх хайрцагнаас нь ч гаргаагүй зөөврийн компьютерүүд ирсэн тул хариуцаж авсан эзэн нь цэнэглэж ашиглах үүрэгтэй байсан. Одоогоор Б.Мөнхбаяр өнгөрсөн хагас сайн өдөр гэртээ амарч байхдаа компьютерээ хоёр цаг орчим цэнэглээд буцаагаад хайрцганд нь хийх үед дэлбэрсэн гэсэн мэдээлэл л байгаа. Компьютер юунаас болж дэлбэрснийг бүрэн тогтоогоогүй байна. Бид Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газарт хүсэлт гаргасан.

-Хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Монголд эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн?

-Хүүгийн зүүн нүд, хүзүү, цээжин хэсэг түлэгдсэн. Одоогоор шинжилгээ онош нь яг тогтоогдчихоогүй шүү дээ. Өнөөдрөөс /өчигдөр/ нарийн шинжилгээ хийж эхэлсэн. Монголд эмчлүүлэх ямар ч боломжгүй гэх мэдээлэл худлаа. Шинжилгээний хариу бүрэн гарсны дараа л бүх зүйл тодорхой болно.

-Таныг хүүгийн ээжтэй хамт гадаад паспорт хөөцөлдөөд явж байгаа гэж сонссон?

-Манай улсад эмчилж болохгүй гэсэн онош гарах юм бол гадагшаа явж эмчлүүлэх нь ойлгомжтой. Тиймээс цаг алдахгүйн тулд бэлтгэл хангаж гадаад паспорт гэх мэт бичиг баримт бүрдүүлсэн нь үнэн.

-Гал гарах үед онцгой байдал, түргэн гэх мэт яаралтай үйлчилгээний багийнхан ирсэн биз дээ?

-Онцгой байдлын гал команд, түргэн, мэргэжлийн хяналт гээд аль аль нь ирээгүй. Тиймээс хүүг ээж, аав нь л эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Гэрт гарсан галыг ч өөрсдөө унтраасан юм билээ.

-Компьютерийг ямар газраас олгосон юм бол?

-БСШУ-ны яамнаас гэж бүртгэсэн байгаа юм. Гэхдээ ямар үйлдвэрийн аль фирмийн компьютер гэдэг нь тодорхойгүй байгаа. Зарим хүний ярьж байгаагаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн Хятадаас авчирсан компьютер гэж сонссон. Энэ бол яг баталгаатай мэдээлэл биш шүү.

-Компьютерийг нь хэрэглэх заавар дагалдаж ирсэн биз дээ?

-Мэдээж байсан. Гэхдээ монгол хэл дээр биш. Тухайн компьютерийг зургаан цаг цэнэглэж байж хэрэглэх заавартай юм билээ. Харин Б.Мөнхбаяр хоёр цаг цэнэглээд л салгасан гэсэн. Тийм бага цэнэг авсан тохиолдолд дэлбэрэх ёсгүй.

-Танай сургууль дээр ирсэн компьютерүүдийг Та хүлээж авсан уу?

-Үгүй. Би бол бага анги хариуцсан мэргэжилтэн. Сургуулийн захиргаанаас энэ талын ажлыг хариуцсан өөр хүн байгаа. Миний ажил бол бага ангитай холбоотой асуудлыг л шийдэх.

-Хүүгийн аав, ээжтэй уулзах боломж байна уу?

-Одоогоор ямар ч боломжгүй. Өчигдөр нэг телевизийнхэн очоод болох болохгүй юм яриад сэтгэл санааг нь үймүүлсэн байна лээ. Аав, ээж нь их эмзэг байгаа. Мэдээж хүүгээ бэртэл гэмтэл авчихсан сандарч байхад нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн зүйл асуугаад байхад хэн дуртай байх вэ дээ.

-Одоогоор бусад хүүхэд компьютерээ хэрэглэж байгаа юу?

-Үгүй. Ямар брэндийн компьютерүүд ямар шугамаар орж ирсэн. Цаашид хэрэглэх баталгааг нь бүрэн гаргаж байж хэрэглэсэн нь дээр биз дээ. Бид хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Тиймээс мэргэжилтнүүд бүрэн аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан цагт л компьютерүүдийг ашиглана.

-Сургуулийн зүгээс хүүгийн хувьд ямар арга хэмжээ авч байна?

-Мэдээж нэг сурагч нь бэртэл, гэмтэл авчихсан байхад сургуулийн удирдлагууд зүгээр суугаагүй. Бид хуралдаж дор бүртээ зохих арга хэмжээг авч байгаа. Дахин хэлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд бололцоотой бүхнээ хийх болно. Мөн сургуулийн захиргаанаас хүн томилж Б.Мөнхбаяр хүүгийн эрүүл мэндэд анхаарал тавьж аав ээжтэй нь хамтарч ажиллаж байна.

В.Нэргүй

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих