САЯТАН МОНГОЛ

Монгол хүн бүр алгаа үрж суугаа. “Эрдэнэс Таван толгой” компаниас хүн тус бүрт эзэмшүүлэх 536 ширхэг хувьцаандаа тохирсон ногдол ашгийг бид авах юм. Энэ түүхэн шийдвэрийн дараа нээрээ хүн бүрийн сэтгэл сэргээд явчихсан юм шиг л санагдсан.

Монголчууд нийтээрээ баян улс биш л дээ. Нийгмийн баялгийн 80-90 хувийг нийт хүн амын 10-20 хувь нь хүртдэг гэсэн үг ч байдаг юм.

Харин Тавантолгойгоос хувьцаа эзэмших болсноор саятан байх хувь тавилантайгаа олон хүн мэдэрч эхэлсэн мэт. Хамтарсан Засгийн газрын шийдвэрийн тухай мэдээлэл түгсэн орой нэг хэсэг хүн тооны машин тачигнуулж, нөгөө хэсэг нь ашигт малтмалын ханшийн мэдээ ширтэж, бас нэг нь хувьцаагаа зарчихвал би хэдэн сая төгрөгтэй болох бол хэмээн тоо үржүүлж суусан байж таарна.

Монголын хөрөнгийн биржид ойрын үед арилжаалагдсан жижиг Тавантолгойн хувьцааны ханшийг сонирхож үзлээ. Яг арав хоногийн өмнө нэгж хувьцааны үнэ 4.55 хувиар буурсан ч нэг сая төгрөгөөр хаагджээ. Эдний хувьцааны анхны нэрлэсэн үнэ хэдэн жилийн өмнө 100 төгрөг байсан юм. ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр 1000 доллар ч хүрч мэднэ гэж ам алдсан нь бас бий. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэж бодоод энэ ханшаар 536 ширхэг хувьцаагаа үржүүлж үзлээ. 536 сая төгрөг болж байна.

Үлгэр ч юм шиг. Гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй, манайд уул уурхайн орд эзэмшдэг компаниудын долоо хоногийн өмнөх хувьцааны ханш харин өөрөөр гарчээ. Нэгж нь 1.45-26.91 доллараар зарагдсан байгаа нь арай бодитой үнэ байх.

Гэхдээ эрэлт өндөр байна лээ. Ганцхан өдрийн арилжаагаар Тавантолгойнхоос чанар муу нүүрсний компанийн хувьцаа бараг хоёр сая ширхэг зарагдсан байгаа юм чинь. Цаашдаа ер нь дэлхийн зах зээлийн нүүрсний хэрэглээ их байна гэсэн таамаглал бий.

Эндээс нэг мөнгөний багцаа харагдаад байгаа биз. Тэгэхээр С.Батболд, Н.Алтанхуягийн Зас гийн газрын шийдвэрт түүхэн ач холбогдол өгөх нь зүйн хэрэг юм. Энэ сэдвийг онцлон бичиж байх зуур Үндсэн хуулийн нэгэн зүйл санаанд орж ирсэн юм.

Эцэг хуулиар олгогдсон нэгэн эрхээ бидний монголчууд 19 жилийн турш огтхон ч эдэлж байгаагүй юм байна. Хуулийн зургадугаар зүйлийн нэгд, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн гоё өгүүлбэр бий. Тэр эрхээ С.Батболд, Н.Алтанхуягийн үед бид жинхэнэ утгаар нь эдэлж эхэллээ. Сайхан биш гэж үү. Булангийн орнуудын ард түмнээс дутах юмгүй гэдгээ миний л хувьд лав тод мэдэрч байна. Дандаа л арсалдаж ирсэн МАН, АН-ыг нийлүүлэх нь ард түмэндээ ашигтай л байдаг юм байна. Стандарт бус зүйл заримдаа стандарт юмнаас илүү байж чаддаг аж.

Сүхбаатар, Норовын хүү нарт монголчууд баярлах ёстой. Гэхдээ тэднийг эвлэрүүлсэн С.Баярт бас талархах ёстойгоо мартаж болохгүй билээ, бид. Улс орны хөгжлийг урагшлуулсан, ард түмний амьжиргааг дээш татах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн нөхцөл байдал ямар байхаас маш их зүйл хамаардаг. Өнгөрсөн 20 жилд бид юу олсон юм.

Тамын тогоондоо л бужигнаж иржээ. АН одоогийн МАН-тай хэзээ эвтэй байлаа. Өөрөө засаг барьсан жилүүдэд дөрвөн Засгийн газрын маанийг уншсан л юмдаг. 2004 онд МАХНтай эвсэж үзсэн. Хоёр Засгийн газрыг тараасан. Улстөрчид нь ч, ард түмэн нь ч юу ч хожоогүй. Ийм хэтэрхий либерал намыг Н.Алтанхуяг зөөллөж, МАН-тай зөвшилцүүлж чадсаны үр дүн гарлаа.

Улс нэг монголчууд улс төрөө хааяа хамт байлгаж чадвал түүхэн шийдвэр гаргаж чаддаг л юм байна. Дэлхийн зах зээлд Тавантолгойн нүүрс үнэтэй хийгээд эрэлттэй байгаасай. Монголчууд саятан байх хувьтай шүү. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Монгол иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 536 ширхэг хувьцаа бий. Цаана нь стратегийн 13 орд бий. Түүнийг “Эрдэнэс МГЛ” гэдэг төрийн өмчит компани эзэмшдэг. Та бид ч “Эрдэнэс МГЛ”-ийн хувьцаа эзэмшигч бас болно.

Го.Энхтөр

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих