Эцэг эхээ хоёуланг алуурчны суманд алдсан ерөнхийлөгч
-Пак Гөн Хэ эцгийнхээ 35 настайд гарсан, анхны хүүхэд нь бөгөөд хоёр дүүтэй юм.
-Түүний эцэг, армийн генерал Пак Жөн Хи 1961 онд төрийн эргэлт хийн засгийн эрхэнд гарч 1963-79 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрбээр БНСУ-ын өнөөгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эцэг гэгддэг бөгөөд эдийн засгийн шинэчлэлээс гадна улс төрийн ихээхэн харгислал зохион байгуулсан хүн юм.
-Хойд Солонгос улс Пак Жөн Хийн амийг хөнөөх зорилгоор 31 хүнтэй тусгай бүлэг (124 дүгээр анги) байгуулан Сөүл рүү илгээсэн нь амжилт ололгүй устгагдсан бөгөөд хариуд нь Пак Жөн Хи, Ким Ир Сений амь насанд халдах зорилготой 684 дүгээр анги гэдгийг байгуулж байжээ. Пак Жөн Хиг өөрийнх нь санаачлагаар байгуулсан Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын дарга 1979 оны 10 дугаар сарын 26-нд буудаж хөнөөсөн.
-Пак Гөн Хэгийн эх Юк Ен Су 1974 онд ерөнхийлөгчийн амь насанд халдах бүтэлгүй оролдлогын дунд суманд оногдон амиа алджээ. Эхийгээ нас барсны дараа тэрбээр 22 настайдаа Өмнөд Солонгосын албан ёсны бус тэргүүн хатагтай болсон.
-Пак Гөн Хэ 1970 онд дунд сургууль төгсгөөд Сөүлийн Соган их сургуулийн электрон техникийн салбарыг дүүргэжээ. Мөн 1981 онд шашны их сургуульд элсэж нэг семистр суралцаад гарснаар улс төрд эргэлт буцалтгүй орсон байна.
-Өдгөө 60 настай тэрбээр нэг ч удаа хүнтэй гэрлэж байгаагүй.
-Тэрбээр 1998-2008 он хүртэл парламентад тасралтгүй гурван удаа сонгогджээ.
- 2004-2006 онд намаа толгойлж байхдаа Их гүрний намыг (одоо “Сэнүри” нэртэй болсон) янз бүрийн түвшний 40 сонгуульд ялуулж “Сонгуулийн хатан хаан” гэдэг нэр авч байв.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуульд түүний нам парламентын 300 суудлын 152-ыг авсан бөгөөд улмаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх нам доторх сунгаанд Пак Гөн Хэ 83.97 хувийн санал авсан юм.
-Түүний Twitter дэх хаяг нь https://twitter.com/GH_Park.
Б.Амгалан
Өдрийн шуудан
URL: