ДЭЛХИЙН СӨНӨНӨ ГЭЖ ЦУУРХАЛ ТАРААСАН ХҮМҮҮСИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Удахгүй дэлхий сөнөнө гэж цуурхал тараасан “Бүхнийг чадагч бурхан” хэмээх шашны бүлэглэлийг даган баримтлагч 101 хүнийг Хятадад баривчилсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Баривчлагдсан хүмүүс бүгд орчлонт ертөнцийн сүйрэл ойртож байгаа хэмээн ярьцгааж байсан байна. Харин тэдний бүлэглэлд сайн дураар нэгдвэл аврагдах болно хэмээн итгүүлж байжээ. Ингэхдээ тэд арванхоёрдугаар сарын 21-нд дуусч байгаа майя үндэстний он тооллын бичгийг гол баримтаа болгож байсан гэнэ.
Хятадын хууль сахиулах байгууллагынхан уг шашны бүлэглэлийнхэнд “шашны итгэл үнэмшлийг ашиглан цуурхал тараан нийгмийн дунд эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэрэгт буруутгасан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
“Бүхнийг чадагч бурхан” шашны бүлэглэлийнхэн орон даяар суртал ухуулга явуулдаг байна. Тухайлбал, Цинхай мужид энэ шашны хөдөлгөөнийг даган баримтлагч 37 хүнийг баривчилжээ.
“Бүхнийг чадагч бурхан” шашны бүлэглэлийг Хятадад хориглосон байдаг бөгөөд үндсээр нь устгах кампанит ажил явуулж байгаа ажээ.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих