БРИТАНИЙН САЯТНУУД ЦАГ АГААР МУУГААС БОЛЖ ЦАГААЧЛАХ ГЭНЭ
Британийн саятнуудын дөрөвний нэг нь ойрын 2 жилийн хугацаанд гадаадад цагаачилж болзошгүй агаад тэдний гуравны хоёр нь үүнийхээ гол шалтгаанаар Нэгдсэн вант улсын таагүй цаг агаарыг нэрлэсэн байна хэмээн өчигдөр “Daily Mail” сонин “Lloyds TSB International” байгууллагын судалгааны дүнд түшиглэн бичжээ.
Мөн саятнуудын тал хувь нь гэмт хэргийн түвшин өндөр буйд сэтгэл нь зовж явдаг бол 45 хувь нь тус улсад амьдралын өртөг хэтэрхий өндөр буйд гомдолложээ. Зөвхөн 41 хувь нь татвар өндөр байгаагаас холдмоор байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь өнгөрсөн 3 дугаар сард хийсэн судалгааны дүнгээс 4 хувиар буурсан үзүүлэлт юм.
Яг одоо Их Британийг орхиход бэлэн саятнуудын тоо 22 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 3 хувиар өссөн хэрэг юм. Британийн саятнууд очихоор дурлаж буй орнуудыг Франц тэргүүлж араас нь Испани, АНУ, Австрали, Шинэ Зеланд оржээ.
Харин чинээлэг британичуудын 64 хувь нь нутагтаа аз жаргалтай байгаа тул хаашаа ч явахгүй хэмээн хариулсан байна.
Гэтэл Британийн саятнууд дуртайяа очих байсан гэх Франц улсад баячууд татварын хөнгөлөлт эдэлнэ гэдэг юу л бол. Сүүлийн саруудад тус улсаас баячууд нь тансаг хээнцэр байдлын татвараас болж улс орноо орхин гарч байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сард Францын хамгийн баян хүн болох бизнесмэн Бернар Арно Бельги улсын харьяат болсон бол энэ 12 дугаар сард жүжигчин, бизнесмэн Жерар Депардье Бельгид цагаачлахаар шийдээд байна.
С.Амар
URL: