Дэлхийн сүйрэлд бэлдэгсэд
Маргааш нар буцан өвлийн туйл болж, хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр ирнэ.
“Дэлхий сөнөнө, эсвэл -600 с -700 с хүртэл хүйтэрнэ, бүр ямар нэгэн гамшиг болно” гэж цуу тараагчид болон үүнд итгэгчдийн “арми”-ийн хамгийн сүүлийн өдөр өнөөдөр. Тэд дэлхий сүйдэхэд амьд гарах бэлтгэлээ хангасан гэнэ. Монголын тэргүүн баячуудын зарим хөдөө гарч, гэр барьж, лаа асаан, тулганд галаа түлж байхад, зарим нь АНУ, Япон, Хайнань явж “үхэх бэлтгэлээ” хангажсан сурагтай. Харин байранд амьдардаш иргэд өндөр байшингаасаа буун гэр хорооололд очиж, гэр авч барьж, нүүрс түлээ нөөцлөн, ах дүүсээрээ цуглаж байга гэнэ. Хөдөөгийн зарим иргэд ажил төрлөө орхиж, архи дарс уун, дэлхий сүйрлийн “нүгэлт” өдрийг согтуугаар угтахаар зэхэж байхад дэлхий эргэдгээрээ эргэж, өдөр шөнө солигддогоороо солигдон, энгийн өдрүүд үргэлжилнэ. Тэд эргээд энэ инээдтэй үйлдлээ “эмгэнэлтэй”-ээр харах болно.
Энэ бүх үйл явдал мэдээлэл хаалттай харанхуй байсан социализмын он жилүүдэд болж байсан үйл хэргийг санагдуулах мэт. 1960-аад оны сүүлээр Экар гэдэг гариг дэлхийтэй мөргөлдөж, дэлхий сөнөнө гэсэн цуу тарсны балгаар, “хаашдаа дэлхий сөнөх юм чинь яадгийн” гээд малчид нэгдлийн малаас идэш гарган хэрэглэж, хулгайчид хэрхэн хулгай хийснээ бусдад ярьж, эхнэр нөхрүүд хэрхэн бие биеэ хуурснаа хэлцгээн “дэлхий сөнөх шөнийг” хүлээсэн ч, өглөө нь нар манддагаараа манджээ. Нэгдлийн мал алж идсэн малчид өрөнд орж, хулгайгаа ярьсан нөхдүүд шоронд орж, бие биеэ хэрхэн хуурснаа ярьсан гэр бүлүүд салж одсноор энэ түүх өндөрлөжээ.
Гэтэл өнөөдөр XXI зуун, мэдээллийн гэх энэ эрин зууны давуу тал нь захын интернэт гадарладаг, англи хэл халтарладаг бацаан google.com - ээс дэлхийн амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ гэдгийг олоод мэдчихэж чадах цаг үе. Бас энэ зууны сул тал нь интернэт дүүрэн цуурхал, хийрхэл байгааг олж харж болно. Аливаа нийгмийн олонхийг “хар масс” бүрдүүлдэг. Товчхондоо бол ажилчин анги гэсэн үг. Тэдэнд ямарваа зүйлийг нягтлах зав ч байхгүй, боломж ч хязгаарлагдмал. Тиймээс тэдний хийж чадах хамгийн чухал зүйл бол зүгээр итгэх явдал. Дэлхийн түүхийг харахад тэдний энэ итгэл үнэмшил дээр үеийн улс төрчид, шашны номлогчид, зальхай луйварчид “тоглож”, ашиг хонжоо олсон нь ч олон байдаг.
Худал зүйлийг олон ярьвал үнэн болдог гэдгийн учир шалтгаан ердөө л энэ.
Энэ өдөр ихэд хүйтэрнэ гэж зарим “далдыг харагчид”, “дэлхийн сүйрлийг зөгнөгчид” зарласан гэнэ. Хүйтрэх нь тодорхой, гэхдээ “ихэд” биш. Эл өдөр өвлийн туйл буюу хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог учраас, монголчуудын ярьдгаар “хүйтний ес” эхэлдэг учраас хүйтэн өдөр болох нь ойлгомжтой. Хамгийн ихдээ л -300 с -350 с хүрэх биз. Зарим хүний яриад байгаачлан -600 с -700 с хэм хүйтрэх боломжгүй нь боловсрол мэдлэгтэй гэж өөрийгөө боддог хэн бүхэнд уг нь ойлгомжтой зүйл.
Ойрын хэд хоног хотод авто машины хөдөдлөөн сийрэг болсон гэнэ, учир нь дэлхийн сүйрэлээс болж хүмүүс машинаа унаад хөдөө гарсан сурагтай.
Маргааш баасан гариг, бас зарим хүний итгэж байгаачлан “дэлхий сөнөх” өдөр, нэгэн нийтлэлчийн хэлсэнчлэн эл өдөр буюу 12 сарын 21-ны шөнө нийтийн согтолт /дэлхийн сүйрлийг согтуу байгаад өнгөрүүлсэн нь дээр гэж бодогсдын хувьд/ явагдаж, 22-ны өглөө нийтийн шарталт эхлэх нь тодорхой болоод байх шиг.
Ийнхүү хүмүүс дор бүрнээ “дэлхийн сүйрэл”-д бэлтгэж байхад би энд юм бичээд л сууж л байдаг, ажлаа тараад гэртээ харьж, тогоо дүүрэн мах чанаж идэнгээ “дэлхийн сүйрлийг” угтдаг хэрэг ээ.
Ц.Мөнхбаатар.Ugluu.mn
URL: