Завхан аймаг төвийн эрчим хүчинд холбогдлоо
Энэхүү түүхэн үйл явдалд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Батсайхан, Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Дорждагва, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, Улиастай хотын захирагч, сумын Засаг дарга Д.Энх-Амгалан нарын албаны хүмүүс оролцож нээлтийн туузыг хайчиллаа.
Энэ үеэр Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хэн ч гэсэн иргэдэд цахилгааны залгуур болон эрчим хүчийг найдвартай аюулгүй хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч байх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед худалдаагаар зарагдаж байгаа Хятад улсад үйлдвэрлэсэн залгуур, цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагаа алдагдаж том, жижиг ахуйн гэмтлүүд гарч иргэд, байгууллагад ихээхэн хохирол учирч байна.
Иргэд маань юун түрүүн ямар залгуур хэрэглэж байгаагаа мэдэх, аюулгүй ажиллагаагаа хангаж чаддаг байх ёстойг сануулж зөвлөгөө өглөө. Завхан аймгийг төвийн эрчим хүчний системд холбох нээлтийн ёслолын үеэр Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Батсайханаас тодруулга авлаа.
-Завханчуудын хувьд 24 цагийн гэрэл цахилгаантай байна гэдэг бараг мөрөөдөл болсон асуудал. Тэгвэл энэ сайхан мөрөөдөл биелэх цаг ирж байна. Өөрөөр хэлбэл завханчуудынхаа мөрөөдлийг биелүүлж өгсөн нутгийн хүүхдийн сэтгэгдэл ямар байна? Цаашид найдвартай ажиллах гол эх үүсвэр ямар бол?
-Энэ бол миний мөрөөдөл, дээр нь нутгийнхны маань мөрөөдөл биелж байгаад маш их баяртай байна. Эрчим хүчний салбарынхны маань олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнгээр төвийн цахилгаан эрчим хүчинд Завхан аймгийг холболоо. Завхан аймаг өнөөдрөөс эхлэн 24 цагийн гэрэл цахилгаантай болно. Аймгийн нийт хэрэглээ 7 МВт байдаг үүнээс 4.5 МВт-ыг Мөрөнгийн дизель цахилгаан станцаар дамжуулаад Тэлмэн сумын дизель станцаас авах юм.
Үүний зэрэгцээ манай дизель станцууд бас давхар ажиллана. Мөн Тайширын УЦС хамт ажиллаж байж бид 7.5 МВт-ынхаа ачаалал чадлаа хангах юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Улиастай сум болон Завхан аймгийн 14 сум эрчим хүчинд холбогдож байна.
-24 цагийн эрчим хүчтэй болсноор гэрэл цахилгааны үнэд өөрчлөлт орох уу?
-Цахилгааны тарифт өөрчлөлт орно. Гэхдээ төвийн эрчим хүчнээс авч буй цахилгааны үнэ хямд байхаар гэрээ байгуулсан. Энэ эрчим хүч маань Эрчим хүчний яамнаас дэмжигдээд хямд тариф гаргаж өгсөн. Тийм учраас үнэ тариф хямдрах магадлалтай. Мөн эрчим хүчний систем маань улсаас маш их хэмжээний татаас авдаг байгууллагуудтай.
Тэгэхээр бидний байгуулсан компаниуд маань төрөөс татаас авдаг. Иймээс үнийхээ бодлого дээр өөрчлөлт хийх бодолтой байна. Ард түмэндээ хэлэхэд энэ ондоо цахилгааны үнэ өсөхгүй.
-Манай аймаг зуны улиралд Богдын голын УЦС, Тайшираас эрчим хүчээ авдаг. Төвийн эрчим хүч гэхээр байнгын цахилгаанаар хангана гэсэн үг үү?
-Зуны улиралд зэрэгцээ холбоогоор цахилгаан эрчим хүчээ түгээнэ. Өнөөдрийн байдлаар Тайширын УЦС-аа салгачихаад Тайширын УЦС маань зөвхөн Говь-Алтай аймгаас эрчим хүчээр хангаж байгаа.
-Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-д бүрэн хэмжээгээр эрчим хүч өгөх хүчин чадал бий юү?
-Алтай-Улиастайн эрчим хүч нь өөрөө их онцлогтой систем. Учир нь дотроо маш олон эх үүсвэртэй Тайширын УЦС, Гуулин, Галуутай, Хүнгүй голын УЦС мөн Тосонцэнгэл сумын УЦС Улиастай-Эрчим хүч ХК, Тосонцэнгэл сумын эрчим хүчний компани гээд ийм олон эх үүсвэртэй эрчим хүч ховор байдаг. Энэ системийг тогтворжуулаад сумдыг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангана гэдэг их хэцүү асуудал.
Өнөөдөр Мөрөнгөөс өгч байгаа хүчдэл нь Тэлмэн сумын дизель станцтай холбогдоод үүнээсээ хоёр хуваагдаад Тосонцэнгэл болон хойд чиглэлийн сумууд үлдсэн нь Улиастай руу ирэх юм. Тэгэхээр Улиастай сум 24 цагийн эрчим хүчтэй болно. Мөн хойд чиглэлийн сумд 24 цагийн эрчим хүчтэй болно гэсэн үг. Зөвхөн төвийн цахилгаан түгээх эрчим хүчинд холбогдсоноороо бид 24 цагийн эрчим хүчтэй болж байгаа юм биш.
Үүнтэй зэрэгцээ ажилладаг Тайшир, Хүнгүй, Галуутай гэх мэт дээр хэлсэн УЦС-ууд, дизель станцуудын зэрэгцэн ажиллагааны улмаас үүдээд ямар ч байсан Завхан аймаг, түүний 22 сум нь 24 цагийн эрчим хүчээр хангагдах юм. Яагаад 22 сум гэж байна вэ гэхээр Ургамал, Дөрвөлжин сум маань цахилгаан дамжуулах шугамууд ороогүй байгаа.
Дээрх сумд өөрийн гэсэн нарны эрчим хүчээр цахилгаанаа хангадаг. Энэ нь улирлын чанартай. Гэхдээ ирэх жил Ургамал суманд 15 квт-ын шугам ашиглалтад орно. Их-Уул сум бол өөр эх үүсвэрээс хангагдсан. Гэхдээ шугаманд удахгүй холбогдох юм.
-Улиастай хот 24 цагийн эрчим хүчээр хангагдчихлаа. Цаашид Завхан аймагт хийхээр төлөвлөж байгаа зүйл юу вэ?
-Энэ бол миний хийж байгаа ажил биш, мөн эхлүүлж байгаа, дуусгаж байгаа ажил ч биш юм. Үүнийг би өөртөө 100 хувь нялзаахыг хүсэхгүй. Яагаад гэхээр өмнөх Засгийн газрын үед эрчим хүчний асуудал яригдаж үйл ажиллагаа нь эхлээд явж байсан. Үүнийг бид үргэлжлүүлэн амжилттай дуусгалаа. Мөн манай Эрчим хүчний яам маш их анхаарал тавьсаны хүчинд амжилттай хийж чадлаа.
Хоёрдугаарт XXI зуунд Улиастай хот маань халуун усгүй байна. Энэ асуудал дээр ажиллаж байна. Ер нь төсөвт 15 тэрбум төгрөг тусгаад Дулааны станц барих байсан.
Гэвч энэ жил төсвийн таналтаас болоод хасагдчихсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллана. Удахгүй Дулааны станцтай болно гэж найдаж байна. Үүний эх үүсвэр бол бидний овсгоо, хүчин чармайлтаас хамаарна.
Бид төрийн төсвийн хөрөнгөөр барьж чадахгүй байж болно. Гэхдээ бидэнд олон боломж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. XXI зуунд бид нийтийн халуун усанд ордог байж болохгүй. Энэ асуудлыг хамгийн түрүүн шийдэх хэрэгтэй. Тэлмэн суманд 60 МВт-ын цахилгаан станц барих ажил явж байна. Үүнийг гүйцэтгэгч компани болон холбогдох албаныхантай нь ярилцаад 100 МВт болгохоор хэлэлцэж байна.
Тийм учраас хоёр жилийн дараа гэхэд Тэлмэн суманд 100 МВт-ын цахилгаан станц баригдана. Гэх мэтчлэн олон асуудлыг бодож төлөвлөж ажиллаж байна. Мөн Тосонцэнгэл сум маань 10 гаруй мянган хүн амтай. Бараг томоохон хотын хэмжээнд хүрсэн. Тийм учраас мөн дулааны цахилгаан станц барих шаардлага бий болоод байна.
Нутагтаа ирээд буцахад таг харанхуй байдаг байсанд би их харамсч байсан. Харин өнөөдөр эрчим хүчний асуудлаа бүрэн шийдчихлээ. Одоо жижиг дунд үйлдвэр гээд хөгжлийн гарц бидэнд ойрхон байна. Эрчим хүч цахилгаантай болсны дараа бид ямар ч тоног төхөөрөмж оруулж ирж чадна. Түүгээрээ дамжуулж ямар ч үйлдвэрлэлийг орон нутагтаа бий болгох бололцоотой.
Завхан аймаг Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: “Монцамэ”
URL: