Хатагтай П.Анужингийн “бурханлаг оршихуй”

Амьд явахад юм, юм л үздэг гэдэг юутай үнэн үг вэ. Хар тамхи, мансуу­руулах бодис гэдэг зүйл саяхан л биднээс маш хол сонсогддог байлаа. Гэвч энэ бүхэн бидэнд их ойр, бүр хажууд байгааг хэдхэн жилийн өмнөөс мэдрэх болсон. Гэтэл саяхны нэгэн өдөр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзэж суугаад хэтэрхий хачирхалтай зүйл олж сонссондоо чихэндээ ч итгэсэнгүй.

 

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагва­­сүрэн энэ удаа нэвтрүүлгийн хүн­дэт зочноор уригджээ. Уран бүтээл, амьдралын аар саархан ярианы дундуур хөтлөгч П.Анужин гэнэт мансууруулах бодисны талаар хөндөв. Тэрбээр “Хар тамхийг яагаад хориглоод байдгийг би ойлгодоггүй юм. Харин ч хар тамхи хэрэглэхээр илүү бурханлаг болчихдог юм шиг санагддаг шүү” гэсэн өгүүлбэрээр яриагаа эхлүүлсэн нь олон хүний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн бололтой тэр оройноос л утас минь тачигнаад амар заяа үзүүлээгүй юм.

Тэд “Өө хөөрхий, энэ бүсгүйн бурханлаг оршихуй нь хар тамхи болж таарах шив” хэмээн шог­лож, буурлууд суудлаасаа өндөсхийн “Цэнхэр дэлгэцээр мансууруулах бодис рекламдаж болдог юм уу” хэмээн уулга алджээ. Харамсалтай нь, энэ яриа ингээд төгсчихсөнгүй. Дуучин Лхагваа П.Анужингийн хайнга яриаг таатайяа өлгөн авч “Тэгэлгүй яадаг юм бэ, наад зах нь хэн нэгэнтэй маргалдахгүй, агсам согтуу тавихгүй шүү дээ” гээд л ярьж эхлэв.
Тэдний яриа цаашид хэрхэн үргэл­жилснийг тухайн нэвтрүүлгийг үзсэн хүмүүс өнөөдрийг хүртэл хачир­хан ярилцсаар л байна. “Оролцогч нь уйлаад байвал “Монгол тулгатны 100 эрхэм”, хөтлөгч нь уйлбал “Одноогийн шоу”, хэн ч уйлахгүй бол “Нандиагийн шоу” гэсэн онигоо ч шинэхэн хэвээрээ байна. “Өөртөө ахадсан нэртэй, тар­хиндаа устай, оролцогчдодоо чамлагд­сан хөтлөгчтэй ийм нэвтрүүлэг хийж байхаар нэг мөсөн больчихоосой” хэмээн бухимдаж байгаа нэгэн ч тааралдсан.
Дуучин, хөтлөгч хоёрын мансуу­руулах бодисын талаарх яриаг сонсоод өөрийн эрхгүй “Энэ хатагтай ч бас хар тамхи хэрэглэдэг юм биш үү” гэсэн хар төрснийг нуух юун.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бас нэгэн дугаарт ардын уран зохиолч, урлагийн гавьяат зүт­гэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай их аварга Д.Дагвадоржийн сэтгэ­лийг хөндөхийн тулд шоронгийн талаар тун ч эвгүй яриа дэлгэж байс­ныг зарим хүн санаж байгаа биз ээ. Агуу Б.Лхагвасүрэн тэр яриагаараа хэч­нээн хүний хүндлэлийг алдсан бол. Гэтэл П.Анужин хатагтай эрхэм зохиолчийн хүний нууцыг яриулдаг бяцхан залийг хэрэглэх гэж оролдоод бас л бүтэлгүйтэв.

Хар тамхитай холбоотой хэргээр долоон жилийн ял сонсон, хоригдож байхдаа сайн дурын уран сайханчдыг нэгтгэн “Тоосго” нэртэй хамтлаг байгуулж, хүмүүжигчдэд сайн үлгэр дууриал үзүүлсэн хэмээн магтагдаж байсан. Түүнийг “аавынх”-аас гарч ирсний дараа ч Монголын ард түмэн алдаа эндэгдлийг нь уучлан, найрсаг сайх­наар хүлээж авсан билээ. Гэтэл эрхэм дуучин өдийг хүртэл засраагүй л яваа бололтой.

Түүнчлэн асуулт бүрээрээ тар­хиныхаа хэмжээг илэрхийлж, орол­цогчидтойгоо илт “сээтэгнэх” болсон П.Анужин хатагтайд сэтгүүлчийн ёс зүй байтугай иргэний ухамсар ч алга гэдгийг энэхүү нэвтрүүлэг тодорхой харуулав. Их аварга Д.Дагвадоржийн нулимсаар шоудаж, Стивен Сигелийг “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэгээр нэрлэн, хөгөө хөлдөө чирж, дугаараас дугаарт нэр хүнд нь унасаар байгаа уг нэвтрүүлэг П.Анужин хатагтайн буянаар одоо “хар тамхичдын бурханлаг оршихуй” хэмээх шинэ хочтой боллоо.

Мансууруулах бодис хэрэглэж, бие­дээ тээж, бусдад дамжуулан худалд­сан хүнийг аль ч улсын хуулиар хатуу шийтгэдэг. Тэгвэл ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил цагаанаар сурталчилсан хүнийг хэрхэн шийтгэдэг юм бол. Хөрөнгө бэлтэй, нэр хүндтэй хүний экс эхнэр юу ч ярьж, ямар ч үйлдэл хийж байсан хууль, цагдаагийнхан нүдээ дарж, чихээ бөг­лөөд өнгөрөөчихдөггүй л байлтай.


URL:

Сэтгэгдэл бичих