Хүрэл зүрхт Арвин
Улстөрчдөд нам биш итгэл чухал байдаг
Арвин гишүүн энэ сарын, магадгүй ирэх дөрвөн жилийн онцлох хүнээр тодорч байна. Тэрээр эрхэм гишүүдээс ялгаатай нь хэлэх гэсэн үгээ хэнээс ч цэрвэлгүй хэлчихдэг. Энэ чанараараа тэрээр Элбэг, Үүл, Баабар, Нямдорж, Зэнээ, Дашбалбар нартай дүйцнэ. Эрхэм гишүүн нэр зүүснээсээ хойш энэ эмэгтэй муу, сайн олон үг сонссон. Зарим сэтгүүлчид түүнийг муухан эр хүнээс дээр эмэгтэй гэж үнэлдэг.
Өөрийнх тухай худал мэдээ бичсэн сэтгүүлчтэй Арвин гишүүн тааралдаад жигтэйхэн сайхан инээмсэглээд өнгөрсөн гэдэг. Тэр сэтгүүлчид үүнээс илүү зэмлэл таарч байгаагүй гэнэ. Эрхэм гишүүн өнөөдөр АН-ын батлахаа хүлээн авна. МАН-ын өндөр албан тушаалтнуудаас өмнө нь АН руу урвасан олон хүн бий. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын бага хурлын гишүүн асан С.Баярцогт, Л.Цог, К.Зардыхан нар МАН-аас АН-д орж байсан түүхтэй.
Саяхан МҮАН, УИХ-ын гишүүн Цолмон МАХН-ын гишүүн болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-аа сэргээсэн. Энэ бүхэн гайхалтай, сонирхолтой зүйл байгаагүй. Харин Арвин гишүүн намын харьяаллаа солих нь нийгмийн анхаарлыг маш их татаж байна. Мэдээж МАН үүнд хамгийн их эмзэглэж байгаа. Түүнийг намаа ялагдсан болохоор хаяж байна гэсэн цуу тарааж байна.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүн шиг намдаа их хандив өргөсөн хүн цөөн гэнэ. Эндээс харвал эрхэм гишүүн хувийн ашиг сонирхол гэхээр юм бага болов уу. Өчигдөр хэдэн сэтгүүлчид Арвин гишүүнийг яагаад намаасаа гарч байгаа тухай баахан бурав. Муухан улстөрчдөөс дутахгүй мэдээлэл олдог нь сэтгүүлчид. Тэдний яриагаар бол Арвин гишүүн нам харгалзахгүй олон найзтай.
Түүнийг бусадтай адил нуугаад байдаггүй. Гишүүний намаас гарах болсон шалтгаан нь хэвлэлээр бичээд байгаа шиг хэн нэгэнд гомдсон биш. Улс төрд үлдэх мэргэн санаа. Улс төрд хэн олны итгэл хүлээж чадна. Тэр л тэсч үлдэнэ. Саяхан болсон нөхөн сонгуулиар тэрээр энэ бүхнийг илүү тод мэдэрсэн гэнэ. Түүхэндээ анх удаагаа МАН-ын гишүүд хоорондоо өрсөлдсөн тохиолдол гарсан.
Харамсалтай нь МАН бүхэлдээ Арвин гишүүнтэй өрсөлдсөн Батзориг гэдэг залуугийн төлөө зүтгэжээ. Яаж ч бодсон Арвин гишүүнийг Батзориг гэдэг дүүргийн даргаас дорд үзнэ гэдэг нь түүнийг дэндүү доромжилсон хэрэг болно. Тэр тусмаа төрийн албан хаагч боловч намын ажлаа амжуулсаар дөрвөн жилийг элээсэн дүүргийн Засаг дарга Батзоригийг Хэнтийн тойргийг баталгаатай намдаа авчирдаг Арвин гишүүнээс илүү үнэлнэ гэдэг нь нам нь зөнөсөн гэдгийг харуулсан хэрэг болсон.
Батзоригийн ажлын үзүүлэлт нь өнгөрсөн бүх шатны сонгуулийг АН-д бэлэглэсэн. Харин Арвин гишүүн ганцаараа зүтгэсээр намдаа нэг гэсэн суудал нэмсэн. Нам нь түүнд итгээгүй боловч, сонгогчид түүнд итгэсэн. Энэ утгаараа Арвин гишүүний суудлыг МАН-ын суудал гэж үзэх үндэсгүй гэнэ. Тиймээс Арвин гишүүн өөрийн суудлыг МАН-ынх биш гэж тооцох ёстой.
Хэрэв Батзориг гэдэг гишүүн тодорсон бол гарцаагүй МАН эзэмших ёстой. Учир нь МАН бодлогоороо Батзоригийг дэмжсэн. Үнэн хэрэгтээ АН-ыг дэмжигчид Арвинд саналаа өгсний улмаас тэрээр УИХ-ын гишүүнээр тодорсон. Шударга ёс гэж байдаг бол энэ суудалд АН-д л очих байсан. Өөрөөр хэлбэл МАН-ын дэмжигчдийн саналыг Арвин гишүүн хамаагүй.
Тус намын дэмжигчид МАН-ын бодлогоор дэмжсэн Батзоригт л өгсөн аж. МАН-ын бус саналаар гишүүн болсон болсон бол өөр намын суудал байж таарна. Дүүргийн сонгогчдын олонхи АН-д саналаа өгсөн байдаг. Тиймээс Арвин гишүүн ааш нь хөдлөөд АН-д орчихож байгаа хэрэг биш. Ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа хэрэг аж. Тэгээд ч түүнд нүүрэн дээрээ инээгээд араар унагах гээд гүйгээд байдаг ангийн найз нар хэрэггүй.
Тийм ёс бус зүйлийг хараад, тэсээд суудаг нь Арвин гишүүний араншин биш. МАН-ынхан Арвин гишүүн л ганцаараа МАН-ыг голсон мэт сурталчилж байна. Нүд, чихээ нээвэл ганцхан Арвин биш монголчуудын ихэнх нь МАН-ыг голоод байгаа аж. “Төрөө хямралаас гаргана. Түмнээ хямралаас аврах” уриа дэвшүүлж 100 шахам жил төрийн жолоог барьсан МАН өнөөдөр нам гэхээсээ илүүтэйгээр бизнесийн намаар халхавчилсан бүлэглэл болж хувирсан гэнэ.
Тус намд Арвин мэтийн сонгогчийн эрх ашгийг бодитоор хамгаалах өндөр албан тушаалтан ховор. Тэдэнтэй нийлээд ядуурлыг нэмээд байх нь Арвин гишүүний сонирхол биш. Улс төрд үлдэх ганц арга бол сонгогчдын итгэл даах. Ярьсан амласанаа хэрэгжүүлэх. Гэтэл сонгуулийн үеэр нам түүний эсрэг ажиллана гэдэг түүний хэлсэн ярьсан хэрэгжихгүй гэсэн үг.
Эрхэм гишүүн нам дотроо шахагдчихаад намаа бодоод амгалан тайван дүр эсгээд суух авьяасгүй. Тэгээд л шударга ёсыг бодож АН суудлыг өгч байгаа хэрэг. Түүнээс биш эрхэм гишүүн Д.Эрдэнэбатыг ээнэгшээд баяр хүргэхээр нь бүтэн биеэ түүнд тушаачихаж байгаа хэрэг биш аж.
Арвин гишүүний урвалт буюу төр төвхнөх цагаар…
АН 1996-2000 онд МАН-д махлуулж дууссан түүх байдаг. Энэ нь давтагдах эхний шинж тэмдэг илэрч байна. МАХН Засгаас гарах гэнэ. Тэд Засгийн газарт байх эсэх нь хэнд хамаатай юм. Сайдын сандлыг голсон гэвэл түүн шиг зүүд байхгүй. Зүгээр л гарах гээд үзвэл айх болов уу гэсэн горьдлого. Мөн нэгдүгээр хүндээ зусардсан коммунист жүжиг.
Намын дарга Н.Энхбаяр хэдэн хүүхэлдэй удирдаж байгаа. Түүнтэй адилаар хууль ёсыг, шүүхийг, төрийг удирдах гэж дүнхүүрч байгаа хэрэг. Хэдий ядарсан ч Монголын төр нэг муу жижиг гарын луйварчнаар удирдуулахдаа тулаагүй. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай үлдэнэ гэдэг. Түүнтэй адил МАН, AH хэд хуваагдсан МАХН-ын дайны суудал чирэхтэйгээ.
Гэнэт олдсон бялууг идэж чадахгүй бол МАХН Засгийн газраас өрөвдүүлж биш, өшиглүүлж гарна. АН ч байнга айлын эрх хүүхэд шиг, айлын ааштай авгай шиг намтай удаан хамтрах боломжгүй. Тэдэнд Энхбаярыг эрхлүүлэхээс том ажил бий. Дөрвөн жил гэдэг харвасан сум шиг өнгөрдөг гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асангууд ярьдаг. АН-д МАХН-тай нялуурч байх зав байхгүй.
Тэдэнд Арвин шиг харайвал давдаг, хальтирвал босдог гишүүд хэрэгтэй. Тэдний тавьсан зорилт нь сүүлийн 20 жилд МАН-ын амласнаас хэд дахин том. Тэр том зорилт хэрэгжихэд эрүүл галзуу нь мэдэгдэхгүй улс төрийн хамтрагч гай болно. Дэлхий монголчуудтай хамтрах сонирхолтой байхад МАХН ганцаараа тусгаарлана гэнэ. Эрүүл бус тэдний үг яриа улс орны эдийн засгийг унагах сонирхол дагуулж байна.
Тэрбишдагва шиг шалчиганасан гишүүнтэй байснаас Арвин шиг хэлсэндээ зогсож, харсандаа үнэнч байдаг гишүүнтэй байвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг санасандаа хүрнэ. Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьян гэж МАХН-ын гишүүн байдаг. Төрд, намд ажиллаж байгаагаа ялгах ийм гишүүд МАХН-д олон бий. Сүүлийн жилүүдэд хүүхнүүд улс төрд хүч түрэн орж ирж байна. Тэд ажилгүйдээ төрд зүтгээд байгаа биш гэнэ.
Монголын хаана ч харж болохоор үй олон өлөн зэлмэн хүүхдүүдийн нүд тэднийг улс төр рүү түлхэж байгаа аж. Эмэгтэй улстөрчийн нэг давуу чанар байдаг гэнэ. Тэд эхний ээлжинд хүүхдээ л боддог. Хүүхэд өлсөж байгааг харсан эмэгтэй улстөрч хэнээс хамааралгүй шийдвэр гаргадаг гэнэ. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ төлөө бол нам харгалзахгүй сүүлэрнэ. Бүлэг харгалзахгүй дайсагналцана.
Тэд шуналтай нь үнэн боловч эрчүүдээс ялгаатай нь хүүхдийнхээ төлөө л шунадаг аж. Оросын оюутнууд нэгэн сонин судалгаа хийсэн байна. Тэд бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдээс аав, ээжийнх нь хэн нь юунд их мөнгө зардаг вэ гэсэн асуулт тавьжээ. Хүний санаад оромгүй хариулт гарсан гэнэ. Хүүхдүүдийн 99,99 хувь нь “Аав ээжийн бидэнд зарсан мөнгийг ээжийг идсэнд тооцож, өөртөө тэнцүү мөнгө авахыг шаарддаг” гэж хариулсан байх юм.
Эндээс харвал эрчүүд матрын нулимс гаргахдаа сайн бол эхчүүд нүд цавчилгүйгээр хүүхдийнхээ төлөө үзэлцдэг бололтой юм. Энэ үзлийг АН илүү чадмаг ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд МАН-аас гарах биш орох сонирхол нэмэгдсэн гэнэ. Харамсалтай нь ихэнх нь бизнесмэнүүд. Бизнес эрхлэх орчин хомсдож МАН-ыг бараадаж байж л жаахан мөнгө хийдэг зуршил тогтсон нь бизнесменүүдийг эрх баригч намд зусардахад хүргэж байгаа аж.
Эрхэм гишүүн Арвин энэ бүхнийг эртнээс хэлж ирсэн. Харамсалтай нь нам түүний үгийг сонсохын оронд хавчиж эхэлсэн аж. МАН-ын нэгэн гишүүн өчигдөр Арвин гишүүнийг хүрэл зүрхт эмэгтэй гэв. МАН шиг аюултай бүлэглэлээс сална гэдэг амаргүй гэнэ. Идсэн уусан юм байдаг бол түүнийг нь сөхнө. Ах дүү нарынх нь бизнесийг хаана. Өмнө, хойтохыг элдвээр харлуулна.
Энэ бүхнийг давдаг эмэгтэй бүү хэл эрэгтэй ховор гэнэ. Энэ өнцгөөс харвал Арвин үнэхээр хүрэл зүрхтэй мэт санагдана. Гэхдээ түүнд хэн нэгнээс айж, ичээд байх зүйл байхгүй. Улстөрчийн хувьд Монголын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан нэгэн. Тэрээр МАН-д хүрэл зүрх гаргасан байж болно. Харин ард түмэндээ бол хэзээ ч хүрэл зүрх гаргаж чадахгүй гэж сонгосон иргэд нь ярьж байна.
Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: