Эрх баригчдын эрх мэдлийн төлөөх луйвар Сонгинохайрханд хэрээс хэтэрлээ
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт явуулах дахин санал хураалтыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар тойргийн хороо зарлажээ. Сар орчмын өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнд сонгинохайрханчууд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн учир 41 суудлын 22-т ялалт байгуулсан.
Гэтэл 17 суудалтай болсон АН-ынхан авсан суудалдаа ханахгүй маргаан үүсгэж өнгөрсөн баасан гаригт Монгол Ардын Намын 22 төлөөлөгчтэй шүүхдэлцэхээр гомдол мэдүүлжээ. Өмнө нь орон нутгийн сонгуулийн дүн гармагц МАН-ын таван нэр дэвшигчийг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгч, нэрийг нь татах хүсэлтийг тойргийн хороондоо гаргаж, төлөөлөгчийнх нь эрхийг хүчээр булаах гэж оролдсон юм.
…Ийнхүү Л.Эрхэмбаяр болон АН-ынхны эхний санаархал бүтэлгүйтсэн. Гэтэл орон нутгийн сонгуулийн саналыг ч бас л луйвардахаар зүтгэж байна. Үнэндээ бол эрх баригчдын эрээгүй луйвар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт идэвхжсээр хэдэн сарын нүүр үзэж байгааг энэ бүхэн харуулна…
Гэвч шүүхэд өгсөн зарга нь урагштай байсангүй бололтой, АН-ынхан дараагийн түрэмгийллээ эхлүүлэв. Уг нь тус дүүргийн ИТХ анхны хуралдаанаа хэдийнэ зохион байгуулж, Засаг даргаар Ц.Давгыг сонгон батламжлуулах саналаа нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл тус дүүргийн Засаг даргыг батламжлахгүй байна.
Үүнээс харахад эрх баригчид сонгинохайрханчуудын саналыг луйвардаж авахаар ханцуй шамлаж байгаа нь илт. Ганц орон нутгийн сонгуулиар ч бус УИХ-ын нэг суудлыг ч гэсэн луйвардаж авахаар элдвээр оролдсоор өдийг хүрсэн. Ингэж АН тус дүүрэгт ээлж дараалан хүч түрэмгийлэхээр ханцуй шамлаж байгаа нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх учраас тэр.
Түүнд шүүх эрх мэдлийг өөрийн таалалд нийцүүлэх дэндүү хялбар санагдсан ч байж болох. УИХ-ын сонгуулийн дараа АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл нь тус тойргийн хорооны дахин санал хураалт явуулах тухай албан ёсны шийдвэрийг үгүйсгэсэн утгатай байв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол нийт сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бол УИХ-ын гишүүн болох ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Эрхэмбаяр 26.8, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэнээр аль аль нь хуульд заасан босго хувийг давж чадаагүй юм.
Гэтэл Л.Эрхэмбаяр тойргийн хорооны 48 дугаар тогтоол буюу дээрх хоёр нэр дэвшигчийн хэн нь ч хуульд заасан хувь хэмжээний санал аваагүй учир дахин санал хураалт явуулах гэснийг үгүйсгэж, өөрийгөө сонгогдсон утгатай хуурамч тогтоол гаргуулсан байв.
Үүнийгээ тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгийн гарын үсгээр баталгаажуулж, улмаар тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоор мөн л хуурамч шийдвэр гаргуулсан байдаг. Түүний энэ үйлдлийг дахин санал хураалт явуулбал МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазарт ялагдана гэдгээ мэдэж, урьдчилсан арга хэмжээ авах гэсэн увайгүй арга гэж олон хүн дүгнэсэн.
Энэхүү 43 дугаар тогтоол гэгч нь мэдээж Л.Эрхэмбаярын найруулсан л ажил байв. Учир нь Л.Эрхэмбаярт УИХ- ын гишүүний түр үнэмлэх олгох тухай шийдвэр гаргаж зүрхэлсэн Б.Ганцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Харин Л.Эрхэмбаярын нэхэмжлэл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг л зүйл болсон.
Захиргааны хэргийн шүүх Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү Л.Эрхэмбаяр болон АН-ынхны эхний санаархал бүтэлгүйтсэн. Гэтэл орон нутгийн сонгуулийн саналыг ч бас л луйвардахаар зүтгэж байна. Үнэндээ бол эрх баригчдын эрээгүй луйвар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт идэвхжсээр хэдэн сарын нүүр үзэж байгааг энэ бүхэн харуулна.
Ц.ЖАРГАЛ
URL: