Монгол консерватив үзэл Монгол үндэстний өөрсдийнх нь үзэл
Монголд Монголын онцлогийг агуулсан Монголын консерватив идеологи байхаас өөр арга байхгүй. Монголын консерватив үзэл бол агуу санамжтай түүх давтагдах буюу Монгол Үндэстэн дахин хүчирхэгжих юм. Өөрөөр хэлбэл Монгол улс үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, Монгол улсыг дэлхийн топ улсын жагсаалтанд дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байна. Яг л 13-р зууны Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн үзэл байх ёстой.
Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчласан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улс төр, нийгэм, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм. Тиймээс тэр хэлбэрийг авч үлдэн орчин үетэй хослуулж чадвал даяарчлалын том давалгаанд Монгол улс тэсч үлдэх болно. Монголын төрийн гадаад бодлого зөв байвал даяарчлалын давалгааг тэсч гарна. Дотоод бодлого сайн хэрэгжиж чадвал үүнийгээ дагаад гадаад бодлого сайн, үр дүнтэй болно. Монголчуудын дотооддоо баримтлах улстөрийн идеологи бол социол демократ буюу хамтын ардчилал байх хэрэгтэй. Ардчиллын тулгуур үнэт зүйлс бол ахан дүүсэг чанар эрх чөлөө (liberty), тэнцүү (equality), (fraternity), шударга ёс (justice) билээ.
Монгол улсад ардчиллын эдгээр тулгуур үнэт зүйлсийг зөвөөр ойлгож, Монгол хүн бүр амьдралын дагаж мөрдөх хэм хэмжээгээ болгох ёстой. Ардчиллын тулгуур үнэт зүйлсийг буруу ойлгосон учраас өнөөдрийн Монголын нийгэм хямралтай, ард түмний 70 орчим хувь нь ядуурчихсан, эрх эдлэж байгаа нэрээр дураараа дургицгаасан, шударга хөдөлмөр, шударга ёсыг үнлэхгүй болчихсон байна гэдгийг Монголчууд ойлгох шаардлагатай. Даяарчласан дэлхий дэх Монголын барууны улстөрийг явуулах хамтын зах зээлийн эдийн засгийг бий болгох буюу үндэстэн дамнасан корпорациудыг байгуулах. Үүний тулд Монгол Үндэстний Хөрөнгө оруулалтын санг бий болгох. Хөдөө аж ахуй болон уул уурхайн салбараас олсон ашгаар Үндэстний хөрөнгө оруулалтын санг бүрдүүлнэ. Үндэстний хөрөнгө оруулалтын сангийн гол зорилго нь Монголын эрх ашгийн төлөө үндэстэн дамнасан корпарициудыг болон хувийн хэвшлийг санхүүжүүлэх, гарааны цэг нь болох ёстой. Энэ системд компани болон корпорацууд нь хувь хүний биш нийт үндэстний эрх ашгийн төлөө ажиллана. Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчийг дэмждэг ба хувийн өмчид тулгуурласан төрийн удирдлагатай байх юм. Учир нь бүхнийг хувийн хэвшилд даатгаад зөнд нь хаявал улс оронд эмх замбараагүй дураараа авирласан нөхцөл байдал үүсдэг. Төрийн удирдлагын зорилго бол эдийн засгийн макро түвшинд гардаг хямралууд буюу инфляци, ажилгүйдэл, халамж гэх мэт асуудлыг шийдвэрлэж, иргэдийг ямар нэгэн гачигдахгүй зүйлгүй амьдрах амьдралыг хангаж өгөх юм. Яг ийм бодлого баримтлан үсрэнгүй хөгжсөн улс орнууд бол Скандиновын орнууд, Норвеги, Дани, Швед, Швейцарь гэх мэт. Герман улс дэлхийн 1,2-р дайныг өдөөх болсон шалтгаан нь чөлөөт зах зээлийн эдийн засагтай нь буюу либералимзтай холбоотой байсан. Тухайн үед Герман оронд чөлөөт зах зээлийн эдийн засагтай, баян ядуугийн ялгаа өндөр, нийгмийн давхраажилт зааг ялгаа хүчтэй болсон байсан. Дэлхийн 2-р дайны дараа Баруун Германд хамтын зах зээлийн эдийн засаг амжилттай хэрэгжсэн. Германчууд чөлөөт зах зээлийн эдийн засагтай байснаа больж хамтын зах зээлийн эдийн засагт шилжсэнээр 1945-1955 оны хооронд аравхан жилийн дотор Европын хамгийн сайн эдийн засагтай орон болж чадсан юм.
Консерватив үзэл гэдгийг Монголчууд бид зөвөөр ойлгож, үнэлэх цаг нь ирсэн. Консерватив үзэл гэхээр л өвөө эмээгийнхээ хийдэг байсан тухайн үедээ тохирдог байсан зүйлсийг нөхцөл байдал өөрчлөгдсөн өнөө үед дуурайж хийх биш, урд нь Монголчууд ингэдэг байсан юм хэмээн мухар сүсгээр хий хоосон дагах биш гэдгийг ойлгох ёстой. Харин туулж өнгөрүүлсэн баялаг түүхээсээ Монголд хамгийн хэрэгтэй уламжлалаа хадгалан авч үлдэн, орчин үеийн дэлхийн улс төр, нийгэм, эдийн засагтай уялдуулан Монголчуудын дагаж мөрдөх үзэл баримтлалаа болгохыг л хэлж байна. Монголын консерватив үзлийг улс төр, нийгэм, эдийн засгийн баримтлах идеологио болгосноор Монгол улс дэлхийн төв болж Хойд азийн Монгол дэлхийг даяарчилах болно. Монголчууд бид 800 зууны тэртээ дэлхийг даяарчилж чадсан. Өнөөдөр ч дахин даяарчилах боломжтой. Түүх давтагддаг гэхдээ түүхийг давтах нөхцөлийг бүрдүүлсэн төрийн бодлого, ард түмэн байсан цагт л түүх давтагддаг. Монголыг дорой байлгах гэсэн хэнд ч түүхийн хатуухан санамж тохирох шанг нь өгдөг юм. Их түүх эргэн давтагдах нь тодорхой болж байна.
МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ
URL: